SPEAK OUT: Ардчиллаа бэхжүүлэхгүй бол Казахстаны араас орох вий

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Ардчиллаа бэхжүүлэхгүй бол Казахстаны араас орох вий

SPEAK OUT: Ардчиллаа бэхжүүлэхгүй бол Казахстаны араас орох вий

Шинэ оны эхний өдрөөс Казахстан улсад шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин өссөн нь жагсаал тэмцэл эхлэхэд хүргэсэн. Улмаар үүссэн  нөхцөл байдал улам хүндэрч энэ  тэмцэл сүүлдээ улс төржиж, эрх баригчдын эсрэг бослого болж хувирсан. Казахстанд үүсээд буй нөхцөл байдлын талаар олон улс судлаачдын байр суурийг хүргэж байна. 


КАЗАХСТАНЫ ҮЙМЭЭН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ Ч БОЛНО

Олон улс судлалын доктор П.НАРАНБАЯР:

Казахстаны засаглалын хэлбэр нь  өөрөө эмзэг байсан нь харагдаж байна. Учир нь, ерөнхийлөгч асан Н.Назарбаевыг  1990 оноос хойш 2019 он хүртэл төрийг удирдсан. Дараа нь өөрийн хүн болох Касым Токаевт эрх мэдлээ шилжүүлсэн. Ерөнхийдөө Н.Назарбаев өөрийгөө дархалсан. Үүнээс харахад  ардчилсан сонгууль явуулахгүй байх нь  ийм аюул дагуулж байна. Иргэд нь сонгуулийн үеэр  өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй, улс төрийн өөр хүчнийг дэмжих боломжгүй учраас үүнээс үүдэн төрийн эргэлт дарангуйллын шинжтэй оронд гарах нь элбэг. Тиймдээ ч Казахстаны ард түмэн дарангуйллын засаглалыг хүсэхгүй байна. Ямар ч  ардчилалгүй, дарангуйллын байдалтай, хэт  нэг хүнийг тахин шүтэхээр засаглал тогтворгүй болж эхэлнэ. Тус улсыг монголчууд хөрөнгө оруулалт татаж чаддаг, хөгжил сайтай гэж ярьдаг байсан ч бодит байдал дээр нөхцөл байдал өөр байсан гэдгийг Казахстаны жишээ харууллаа.

Ерөнхийлөгч  Касым Токаев "Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага"-ын зургаан орон болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан, Тажикистанаас цэргийг оруулахаар тусламж гуйсан. Улмаар Казахстанд энхийг сахиулах үүрэгтэй ОХУ-ын цэрэг орохоор болсон. Энэ нь геополитикийн хувьд харвал ОХУ-д маш ашигтай. Владимир Путин хуучин Зөвлөлт Холбоод Улсын бүрдэлд  байсан орнуудад буцааж нөлөөгөө тогтоох хүсэлтэй. Казахстан улс байгуулагдсан цагаас хойш гадны цэрэг орж байгаагүй. Гэтэл оны эхээр үүссэн үймээн самуунаар ийм боломж нь нээгдчихлээ. Казахстан улс байгалийн хий, газрын тос бусад байгалийн баялгаараа баян.

Цаашдаа тус улсын тусгаар тогтнол аюултай эмзэг байдалд орчихлоо. Казахстанд үймээн дэгдэх нь Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж ч болно. Тус улсын иргэд дүрвэж ч болзошгүй. Дээрх жишээнээс харахад Монгол Улс  ардчиллаа  бэхжүүлж хүний эрхийн мэдрэмжтэй байх, сонгуулиа шударга явуулах, иргэдийн  хүсэл сонирхол нь төрийн эрх барьж байгаа аппаратад шууд нөлөөлдөг тогтолцоо бидэнд хэрэгтэй байна. Сонгуулийн мажоритар тогтолцоог би хувьдаа дэмждэггүй. Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг улс гэдэг утгаараа сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд сонгуулийн  холимог систем рүү шилжиж иргэдийн дуу хоолойг  илүү сонсдог засаглалыг бий болгоход анхаарах цаг нь болсон.

АНУ-ЫН ХУВЬД ЭНЭ ХЭРЭГТ ЯМАР Ч ХОЛБОО БАЙХГҮЙ

Олон улсын харилцааны судлаач,профессор Д.БАЯРХҮҮ:

-Казахстанд Алматы хотод иргэний дайн болж байна. Ерөнхийдөө 30 жил ганц хүний дарангуйлал тогтсны гор нь өнөөдөр гарч байна. Авлигал, ядуурлын эсрэг нийгмийн хувьсал гарчихлаа гэж олон улсын хэвлэл бичиж байна. Казахстаны үймээн нь Монгол Улс өөртөө тусгаж авах гашуун сургамжуудын жишээ боллоо. Казахстаны Ерөнхийлөгч асан Н.Назарбаев 30 жилийн турш ядууралтай тэмцэнэ гэж ярьсан. Иргэдийн бухимдал нэг л өдөр тэсэрдэг юм байна. Тэмцэл нь сүүлдээ элитүүдийн эсрэг тэмцэл болж хувирлаа. Барууны хэвлэлүүд “Зөвлөлт холбоод улс 1991 онд тарснаас хойш хуучин Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр болсон үймээн самуунаас хамгийн ноцтой нь Казахстаны жишээ боллоо” гэж дүгнэн бичиж байна. АНУ-ын хувьд энэ хэрэгт ямар ч холбоо байхгүй, өдөөн турхираагүй гэдгээ мэдэгдсэн. АНУ нь Казахстан улсын байгалийн баялагт маш их хөрөнгө оруулалтыг хийсэн учраас санаа зовж “Тогтвортой тайван байгаасай, дотооддоо эв зүйгээр асуудлаа хурдан шийдээсэй” гэж хүсч байгаагаа илэрхийлсэн. Казахстан нь дэлхийн топ таван ураны экспортлогч улсын нэг учраас өнөөдөр ураны үнийн ханш дэлхийн зах зээл хурдацтай өсч байна. Казахстаны үймээн даян дэлхийг донсолгож байна. Касым Токаев хоёр шалтгааны улмаас "Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага"-ын зургаан орноос цэргийг оруулахаар тусламж гуйсан. Казахстаны зарим хотод цагдаа нар нь иргэдийн талд орж жагсагч нартай нэгдсэн. Цагдаа нар ингээд буугаад өгчихвөл арми оруулахаар хоорондоо байлдчих вий гэж санаа нь зовсон. Касым Токаевын хувьд дан ганц үндэсний армиар энэ асуудлыг шийдэх бус хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын тусламжтайгаар шийдэхийг илүүд үзсэн. Ихэнх цэргүүд нь Оросын талаас орох байх. Цэргүүдийг хугацаатай суулгах эсэхийг Касым Токаев шийднэ.

КАЗАХСТАН ИХ ГҮРНҮҮДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАР БОЛОХООР  ХҮНД НӨХЦӨЛД ОРООГҮЙ

Шинжлэх ухааны академийн Олон улс Харилцааны хүрээлэн судлаач Ш.АМАНГҮЛ:

-Казахстан улс нь 1991 бие даасан туурга тусгаар улс болсон. Энэ үеэс эхлэн Казахстан улс төр, нийгэм эдийн засгийн олон сорилт бэрхшээлийг даван туулан, амаргүй он жилүүдийг үдэж өнөөдрийн түвшинд хүрсэн. Өөрөөр хэлбэл, бүс нутаг хйигээд дэлхийд нэр нөлөө бүхий улс үндэстэн болохоо харуулж чадсан. 

2022 нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тус улсын Мангистау мужийн Жана-Өзен хот, болон Актөбе хотуудад шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардсан иргэдийн жагсаал цуглаан эхэлсэн. Улмаар Алматы, Нур-Султан хотуудад энэхүү хөдөлгөөн өрнөсөн. Жагсаал цуглаан нь эхний өдрүүдэд иргэдийн дунд  маш тайван хэлбэрээр явагдаж байсан боловч, нэгдүгээр сарын 5 өдрийн оройноос эхлэн үймээн самуун, бослогын шинжтэй улам хурцадмал болж ирсэн. Засгийн газар нь жагсагчдын шаардлагыг хүлээн авч, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, ард иргэдийн тавьсан шаардлагыг шийдвэрлэн, жагсагчдын шаардлагад нийцсэн зохицуулалтуудыг тэдний хүссэнээр шийдвэрлэсэн. Гэтэл  үймээн самуун улам даамжирсан. Энэхүү үймээн самууныг хэн нэгэн санаатай зохион байгуулаад байгаа юм биш биз гэх хардлага олон улсад төрж байна. Засгийн газар тэдэнтэй хэлэлцээний ширээний ард суух хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн ч яриа хэлэлцээ өрнүүлэх этгээдүүд байхгүй байсан нь гадны оролцоо байгаа гэх хардлагыг төрүүлсэн. Тиймдээ ч Засгийн газар яг хэнтэй хэлэлцээ хийхээ мэдэхгүй байна. Зохион байгуулж байгаа тал нь улс төрийн ямар нэгэн нам ч юм уу, хөдөлгөөн байж болох юм гэсэн хардлага бол бий.

Одоогийн байдлаар гаднаас санхүүжилт авч үймээн самуун зохион байгуулагдсан нь тодорхой эх сурвалж болон баттай мэдээлэл байхгүй байна. Нэгдүгээр сарын  сарын 5-ны өдөр ерөнхийлөгч Токаев ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн. Аюулгүйн зөвлөлийн дарга болох Нурсултан Назарбаевыг буулгаж, тус зөвлөлийг өөрөө удирдахаар болсоноо мэдэгдсэн. Хэдийгээр жагсагчдын асуудлыг шийдвэрлэсэн ч үймээн самууныг дэвэргэсэн этгээдүүд байдлыг улам хурцадмал болгож байгаа нь урьдчилан нарийн төлөвлөж, санхүүжүүлсэн хуйвалдагчдын хийсэн хэрэг болохыг үгүйсгэх аргагүй. Иймд ерөнхийлөгч Токаев  тус улсын Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаагийн хувьд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Мөн жагсаал цуглааны эхний өдрүүдэд шоронд хоригдсон иргэдийг бүгдийг нь сулласан нь томоохон хотуудад болсон жагсаал цуглаан нь үймээн самуун дэгдээж, эрх баригчид руу халдлага үйлдэхэд хүргэсэн байж болно. 

Казахстаны ерөнхийлөгч Токаев дэлхийн олон улсын байгууллагууд, дипломат албанд олон жил ажилласан туршлагатай удирдагчийн хувьд энэхүү хурцадмал байдлаас гарах гарц шийдлийг энхийн замаар шийдвэрлэх чадвартай удирдагч. Гэхдээ энхийг сахиулах хүч нь Казахстаны нутаг дэвсгэрт удаан байхгүй болов уу. Удаан байх нь мэдээж тус улсад тийм таатай бус. Казахстан улс  нь  Кыргызстан, Узбекистан, Тажикстан, Туркменистан зэрэг дөрвөн орны газрыг нийлүүлснээс хоёр дахин том нутаг дэвсгэртэй.

Газарзүйн байрлал, геополитикийн хүчин зүйлийн хувьд Төв Азийн стратегийн ач холбогдол бүхий түшиц газарт байрладаг, байгалийн асар их баялагтай, далайд гарцгүй орон юм. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд улс орныхоо тогтвортой хөгжлийг бий болгож, өөрчлөлт шинэчлэлтийн таатай орчинг бүрдүүлж, улс орныхоо хөгжил, аюулгүй байдал баталгаажуулж чадсан.

Төв Азид дахь нөлөөллөө бэхжүүлэхийн зэрэгцээгээр олон улсын түвшинд харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, геополитикийн ач холбогдлыг нэмэгдүүлж чадсан орон болсон байна. 

Иймд Орос, АНУ, Хятад, Турк хоосон орон зайд тоглолт хийх эсэх нь одоогоор тодорхойгүй. Одоогийн байдлаар Казахстан улс их гүрнүүдийн тоглоомын талбар болчихоор тийм хүнд нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна.

Казахстаны одоогийн ерөнхийлөгчийн ур чадвар ч тэр, Казахстаны цэрэг, зэр зэвсгийн чадал ч энэхүү хөдөлгөөнийг тогтоон барьж, нийгэмд тогвортой байдлыг хангахад хүрэлцээтэй гэж судлаачид үзэж байна. Энэхүү иргэдийн тайван жагсаалыг үймээн самуун болгон турхирагчид нь  урьдчилан тусгайлан хуйвалдан бэлтгэсэн нь ажиглагдаж байна. Зарим гадаадын судлаачдын үзэж байгаагаар энэхүү үймээн самуун нь хилийн чанадад бэлтгэгдсэн террорист бүлэглэлүүдийн тайван жагсаалыг улам бүр хурцатгаж,  зэвсэгт халдлага болгон хувиргаж, өдөөн турхирч байж болзошгүй гэжээ. Үймээн самуун ойрын хугацаанд дуусахгүй байх.  Нөхцөл байдал цаашид хэрхэх талаар дүгнэхэд эрт байгаа бөгөөд анхааралтай ажиглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж