Хойд Солонгос ирэх сард эхлэх Бээжингийн олимп болон гуравдугаар сард эхлэх паралимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тус улсын үндэсний олимпийн хороо болон спортын яамнаас албан ёсоор энэхүү шийдвэрээ Хятадын талд хүргүүлсэн гэнэ.
Хойд Солонгос цар тахлын улмаас Токиогийн зуны олимпод оролцоогүй билээ.
“KCNA” буюу Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр Пёньяны зүгээс АНУ болон түүний вассал хүчнийхэн өвлийн олимпийг амжилттай явуулахгүйн тулд Хятадын эсрэг нууц алхмуудыг хийж байна гэжээ. Мөн тэд дипломат бойкот хийсэн улс орнуудыг олимпийн Хартиг зөрчиж, Хятадын нэр хүндийг гутаан доромжлох алхам хийж байна гэдгийг илэрхийлсэн аж.
Пёньян баг тамирчдаа илгээхгүй ч Бээжингийн өвлийн олимпийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлжээ.
2018 оны Өмнөд Солонгост болсон Пёнчаны өвлийн олимпод Хойд Солонгос оролцож байсан бөгөөд Ким Жон Уны дүү Ким Ё Жон ахыгаа төлөөлөн албаны хүмүүсийг ахлан ирж байв. Хойд Солонгос өвлийн олимпод нийтдээ есөн удаа оролцож, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.
Тодруулбал, 1964 оны Австрийн Инсбурк хотод болсон олимпийн эмэгтэйчүүдийн 3000 метрийн тэшүүрийн уралдаанд Хан Пил-Ва мөнгөн медаль, 1992 оны Францын Албервил хотод болсон олимпоос эмэгтэйчүүдийн 500 метрийн шорт трекийн төрөлд Хван Ок Сил хүрэл медаль тус тус хүртжээ.
Холбоотой мэдээ