Статистик: Гурван өрхийн нэг нь халамжаар амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Статистик: Гурван өрхийн нэг нь халамжаар амьдарч байна

Статистик: Гурван өрхийн нэг нь халамжаар амьдарч байна

Улсын хэмжээнд гурван өрхийн нэг нь халамж, тэтгэврээр амьдарч байна. Тэдний орлогын 50 хувийг халамж, тэтгэврийн орлого эзэлдэг аж. Ялангуяа, цар тахлын үед халамж, тэтгэврийн орлого нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурдагдсан агаад  2018 онд нэг өрх дунджаар 200-250 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авдаг байсан бол энэ хэмжээ 2020 онд 400-450 мянган төгрөг болж өссөн байна.

2020 оны ядуурлын тооцооллын судалгаагаар хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байсан бол 2020 онд 27.8 хувь болж 0.6 нэгж хувиар буурсан гэж. Мэдээж, үүнд үнэмшсэн хүн байхгүй. Тодруулбал, 2018 онд 904 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2020 онд 903  мянга болж буурчээ.

Бодит амьдралыг харвал сүүлийн хоёр жил хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлээгүй аж. ҮСХ-ны Өрхийн судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг “Тоон дүнгээр харахад ядуурал 0.6 хувийн бууралттай байна. Гэсэн ч  ядуурал буурсан гэж хэлэх боломжгүй. Хоёр жилийн өмнө ядуурлын шугамд байсан иргэд одоо ч амьжиргааны түвшин дээшлээгүй  ядуу хэвээрээ байна гэсэн үг. Харин цар тахлын үед Засгийн газраас өрхүүдэд олгосон мөнгөн дэмжлэг ядуурлыг өсгөлгүй барьж чадсан. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед Засгийн газрын олгосон мөнгөн дэмжлэг өрхийн амьжиргааг торгоосон гэсэн үг.  Эмзэг давхаргад шилжихгүй ч , амьжиргаа нь дээшлэхгүй. Халамжаар тасарсан орлогыг нөхсөн гэсэн үг” гэсэн нь анхаарал татав.

МАЛЧИД ЯДУУ БАЙНА

Ядуурлыг бүс нутгаар нь авч үзвэл хөдөө орон нутагт ядуурлын түвшин хот суурин газраас өндөр байна. Гэтэл 2021 оны урьдчилсан дүнгээр малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянга буюу 4.1 хувиар өсч, улсын хэмжээнд 67.3 сая мал тоологдов. Нэг малчин өрхөд дунджаар 323 толгой мал ногдож байгаа ч малчид ядуу байгаа нь мал аж ахуйн бүтээгдэхүүнээс олох орлого бага аж. Тэд тогтмол орлогогүй нь ядуурлын нэг шалтгаан болж байна.

Монголд 900 мянган төгрөгөөс бага орлоготой  иргэд хүн амын 50 гаруй хувийг эзэлж байна.

Дундаж орлогыг бодсон тооцоолол бодит байдлаас зөрүүтэй гарч байгааг Үндэсний статистикийн хороо тайлбарлахдаа “Таван саяас дээш орлоготой иргэдийн цалинг дундаж  орлоготой иргэдийн цалинг нийтэд нь жинлэж үзэхэд дундаж үзүүлэлт нь өндөр буюу 1.3 сая гардаг. Гэхдээ 900 мянган төгрөгөөс доош цалинтай иргэд 50 гаруй хувийг эзэлж байна” гэсэн юм. Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг хасах үзүүлэлттэй гарна гэж холбогдох албаныхан  тооцжээ.  Энэ талаар ҮСХ-ны Өрхийн орлого, амьжиргааны түвшин, ядуурлын талаар Үндэсний статистикийн хорооны Өрхийн судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэгээс  цөөн асуултад хариулт авлаа.

-Монголд хэчнээн хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй байна вэ?

-2018 оны судалгаагаар нийт хүн амын 14.9 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байсан. Ядуурлын шугам 10-15 хувиар өсөхөд л нийт хүн амын 40-50 хувь ядуурлын ангилалд шилжих эрсдэлийг Засгийн газар 2020 онд мөнгөн дэмжлэгээр хүчээр торгоосон. Хэрэв Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй байсан бол ядууралд орох эрсдэлтэй бидний тооцооллоор дээрх эрсдэл үүсэх магадлалтай байсан.

-Статистик мэдээллээр, малчин өрхийн тоо 10 мянган хол давж, нэг өрхөд 300 орчим мал ногдож байна. Гэтэл орон нутагт ядуурлын түвшин нийслэлээс илүү өндөр үзүүлэлттэй байгаа нь ямар учиртай юм бэ. Нийслэлд орлого ч үгүй, мал үгүй айл олон шүү дээ?

-Дунджаар нэг өрхөд 300 мал ногдож байсан гэсэн тооцоо гарсан ч орон нутагт айл өрхүүдийн малын тоо хэмжээ харилцан адилгүй. Мянгат малчны тоо арван мянгаас дээш байхад  үлдсэн малыг нийт өрхөд ногдож буй малын тоог хуваахад 100 болон түүнээс бага ногдож магадгүй. Гэтэл малын тоо толгойгоор малчдын хооронд зөрүү үүсч байна. Малын тоо толгой нь их байх тусам мал аж ахуйгаас олох орлого нь өндөр байхад бага малтай өрхүүдийн хувьд бага орлоготой.

Мал аж ахуйгаас олох орлого нь малаа худалдах болон ноолуураас гэсэн хоёр эх үүсвэрээс л бүрдэж байна. Тэгэхээр 100-200 малтай өрх малаа худалдаж орлого олох боломжгүй.

Ноолуураас бага зэргийн л орлого бүрдэнэ гэсэн үг. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин 30 хувиас буухгүй байна. Гэтэл нийт хүн амын 30-40 хувь нь орон нутагт амьдарч байхад 30 хувь нь ядуу байна гэдэг маш өндөр үзүүлэлт. Сумын төвд амьдардаг гурван хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн үг. Магадгүй бага малтай малчдын малын тоо толгойг нэмэгдүүлэхэд бодлого баримтлах ёстой болов уу. Малын тэнцвэргүй байдлаас л ядуурал өндөр байна. Ерөнхийдөө мал аж ахуйгаас олох орлого нэмэгдсэнээр малчдын орлого нэмэгдэнэ.

-Зөвхөн сумын төвд амьдардаг гурван хүн тутмын нэг нь ядуу гэдгийг та хэллээ. Улсын хэмжээнд авч үзвэл монголчуудын хэчнээн нь ядуу гэсэн ангилалд багтаж байна?

-Монгол Улсын 3.3 сая хүн амын 903 мянга нь ядуу. Тэгэхээр улсын хэмжээнд 3 хүн тутмын нэг нь ядуу байна.  Энэ бол маш өндөр тоо. Иргэдийн цалин нэмэгдэхгүй, амьжиргааны түвшин дээшлэхгүй байгаа нь бид эдийн засгийг солонгоруулж чадахгүй байгаа нь нөлөөлж байна. Ажлын байр нэмэгдэж, цалин орлого өсвөл иргэдийн ажиллах сонирхол ч нэмэгдэнэ. Цалин нэмэгдэхгүй болохоор хүмүүсийн амьжиргаанд өөрчлөлт орохгүй нэг л хэвэндээ байна.

-Уг нь нийт хүн амд баячуудын эзлэх хувь бага атлаа хэрэглээний дийлэнх хэсгийг энэ бүлэг эзэлж байна. Гэтэл нийт хэрэглээний 10 хүрэхгүй хувийг дунджаас бага орлоготой иргэд эзэлж байна гэсэн тооцоог гаргажээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Монгол Улс 3.3 сая хүн амтай. Нийт хүн амын хэрэглээний зардлыг бид тооцож таван тэнцүү бүлэгт хуваасан. Энэ тооцооллоор, нийт хүн амын 20 хувь нь хэрэглээний зардалд  8 хувийг зарцуулж байна. Нөгөө талд, хүн амын бага хувийг эзэлдэг бүлэг  хэрэглээний зардлын 40 хувийг эзэлж байна. Тэгэхээр хүн амын дунд амьжиргааны түвшний ялгаатай байдал илүү нэмэгдэж байна гэсэн үг. Иймд бага орлоготой өрхүүдийн хэрэглээний зардлын хувийг нэмэгүүлснээр ядуурлаас гарах дүр зураг харагдна. Гэтэл статистикаар ядуурлын шугамын ангилалд 2018 онд  багтсан хүмүүс  2020 онд ч  өөрчлөгдөхгүй байна.

-Гэхдээ ядуурлын түвшин  2020 онд 0.6 хувиар буурсныг харвал  цар тахал нөлөөлөөгүй юу. Уг нь цар тахлын үед эдийн засаг хүнд цохилтод орж, иргэдийн амьжиргаа буурсан. Энэ жилийн дүр зургийг харвал ?

-Хэдийгээр 2020 оны нэгдүгээр сараас цар тахлын улмаас хилийн хязгаарлалт тогтоосон ч дотоодод хөл хориогүй. Мөн оны арваннэгдүгээр сараас хөл хорио тогтоох хүртэл цар тахлын нөлөө ажиглагдаагүй. Харин халдварыг дотоодод алдаж, хатуу хөл хорьсон зэрэг цар тахлын нөлөөлөл 2020 оны нэгдүгээр улирал болон 2021 оны дөрөвдүгээр улиралд илүү харагдаж байгаа юм. Өрхийн орлогыг харвал 2021 оны нэгдүгээр улирлаас цалингийн орлого буурч эхэлсэн. Дээр нь хил хаалттай, барааны хомсдолтой, инфляц өссөн, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бага  зэрэг 2021 онд эдийн засаг хямарсан. Үүнээс харвал 2022 оны судалгааны урьдчилсан дүнгээр 2021 оны эдийн засгийн хямрал 2022 онд үргэлжлэх магадлал өндөртэй. Ядуурлын түвшин ч бас өсөх эрсдэлтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж