ОХУ-ын энхийг сахиулагчид Казахстанд ирсэнтэй зэрэгцэн өчигдөр Алматы хотноо дахин үймээн дэгдэж, 12 цагдаа амь үрэгдсэн талаар албаныхан мэдэгджээ. Босогчид Засгийн газрын ордон руу дайрч галдан шатаасан бөгөөд нэг цагдаагийн толгойг нь тасдаж хөнөөсөн гэв.
Үүний зэрэгцээ нийслэл Нур-Султан хотноо цагдаа нар хүч нэмэгдүүлэн хамгаалалтад гарсан байна. "Хабар-24" агентлагийн мэдээлснээр 12 цагдаа амь үрэгдэж, 353 хүн гэмтэж бэртсэн байна. Харин Дотоод хэргийн яамны мэдээллээр 2000 хүнийг баривчилсан аж. Казахстанд гар утасны сүлжээ, интернэт тасалдаж эхэлсэн бөгөөд Алматы хотын нисэх буудлыг хаажээ.
30 жилийн өмнө ЗХУ задарч, Казахстан улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш ийм хэмжээний үймээн, бослого гарч байсангүй. Шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэн эхэлсэн жагсаал эцэстээ бослого үймээн болж хувирсан юм. Ажиглагчдын үзэж буйгаар Казахстаны бослого нь авторитар дэглэмийн эсрэг хамгийн том эсэргүүцэл, тэмцэл бөгөөд халамж, дарангуйллын үр дүнд бий болсон аж. Харин Казахстаны ерөнхийлөгч ОХУ тэргүүтэй олон улсаас цэргийн дэмжлэг хүссэнээр нөхцөл байдал улам аюултай болж байна.
Хөрш Казахстанд гарсан үймээн, бослого ОХУ-д тархахаас Москвагийн эрх баригчид болгоомжилж байгаа бөгөөд хамтын нийгэмлэгийн 2500 гаруй энхийг сахиулагчдыг тус улсад оруулахаар болжээ. ОХУ нь Казахстантай ойрын харилцаатай бөгөөд 7600 км газраар хиллэдэг. Мөн Оросын Байконур Космодром сансрын төв нь Казахстанд байрладаг.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ