Гурвалжингийн гүүрний хажуугийн гаалийн бараа буух тус хэсэгт улирал харгалзахгүй вагоны цуваа, хүний хөл тасардаггүй. Харин өнгөрсөн жилийн аравдугаар сараас урд хөршөөс хил нэвтрэх ачаа, барааны тээвэрлэлт татарч, худалдаачид, тээвэрлэгчдийн амьдралд бараг л тэг зогсолт үүсчээ. Тэгвэл шинэ онд бүх зүйл шинэчлэгдэж, хилээр ачаа бараа саадгүй нэвтэрч байна гэх мэдээлэл үнэн эсэхийг сурвалжиллаа.
Улаанбаатар төмөр зам нийгэмлэг Ачаа тээврийн албаны харьяа ачих буулгах экспедицийн механикжсан анги /АБТЭМА/ буюу хүмүүсийн хэлж заншсанаар 44 дүгээр зам. Гаалийн бараа буулгах хашаан дотор болон гадна хүлээлгийн талбайд халтуур хүлээсэн машинууд дугаарлан зогсчээ. Хүн ирэх тоолонд ачаа ачуулах уу, унаа байна. Хаашаа явах вэ? гэж нэгнээсээ өрсөнө. Жолооч нарын хэлж байгаагаар өдөрт багадаа хоёр эргэлт хийдэг байсан бол одоо долоо хоног зогсч байж 2-3 удаа ачаа ачвал их юм болж. "Их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэгчээр хилээр барааг саадгүй нэвтрүүлнэ гэж өнгөрсөн сард мэдээлснээс халтуур хүлээсэн тээвэрчид нэмэгджээ. Ажил хүлээсэн жолооч нар аргагүйн эрхэнд 10, 10-аараа цуглаж элдвийг ярих зуураа хөзөрдөнө.
44 дүгээр зах болон хажуугийн барилгын материалын төвүүдээр ороход бараа захиалбал багадаа зургаан сар хүлээх учир хилээр баттай нэвтэрнэ гэсэн үедээ л захиална гэцгээв. Худалдаачид Хятад, Өмнөд Солонгос зэрэг орноос бараа авдаг. Одоо ч тэгээд автомашинаар бараагаа татдаг цаг өнгөрч вагон л харуулддаг болж дээ гэцгээлээ.
Вагоноор нэг төрлийн барааг ачиж ирж байгаа учраас жижиглэнгийн биш бөөний наймаачид бараагаа авдаг жишиг тогтжээ. Ингэснээр худалдаачид нэг нэгнээсээ нэмэгдэл үнэтэй бараа авч, ашгаа нэмж зарахаас өөр сонголтгүй болсон байна. Тэгэхлээр барааны үнэ тэнгэрт хадахаас ч аргагүй аж.
ВАГОНЫ ЭРГЭЛТ БАГАСЧ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД НЭГНЭЭСЭЭ БАРАА БӨӨНДӨЖ АМЬ ЗОГООХ БОЛЖЭЭ
Он гараад долоо хоног өнгөрч байгаа ч ачаа бараа буулгах цэг дээр өдөрт 3-5 вагон ирж байгаа аж. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад вагоны эргэлт 6-7 дахин багасчээ. Биднийг очиход ачаатай таван вагоноос хүмүүс бараа буулгаж байв. Чингэлэг бүр дээр 2-3 хүн ажиллаж, машинд ачиж байлаа. Ийнхүү нэг вагон буулгахад хүний 30-40 мянган төгрөгийн хөлстэй байдаг аж. Бараа буулгаж байгаа хүмүүсийн хэлснээр арванхоёрдугаар сард бараг вагон ирээгүй. Өнөөдрөөс вагонаар ачаа ирж байна гэв. Барилгын материалыг ихэнхдээ 100 айл, III, IV хороолол руу ачдаг. Гэхдээ одоо ч эргэлт хийгдэхгүй удаж байна даа гэж ачаа буулгах портерын жолооч хэллээ.
Тээвэрчид, худалдаачид гээд бүгд л хил гаалийн асуудал хүнд байгааг хэлж байна. Барааны нөөцөө нэгнээсээ авч, амь аргацаах маягаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаагаа ам уралдан хэлцгээнэ.
ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ АВТО ЗАМЫН БООМТООР ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХЭД ХҮНДРЭЛ АРИЛААГҮЙ
Замын-Үүд дэх Гаалийн газар болон иргэдийн өгсөн мэдээллээр 2021 оны арванхоёрдугаар сүүл болон оны эхний 3-4 хоногт автозамын тээвэрлэлт огт хийгдээгүй, мөн чөлөөт бүсээр зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрээгүй. Харин төмөр замын тээвэрлэлт арай ч тэг зогсчихоогүй, цөөн тоогоор нэвтрүүлж байгаа гэсэн юм. Тэгэхээр албаны хүмүүсийн ярьсан шиг нөхцөл байдал сайжирч, хилийн асуудал цэгцэрч байгаа нь огт худал бололтой.
Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтод анх удаа чингэлэг тээвэрлэлт гэх шинэ горим нэвтрүүлэхээр болсон нь улам хүндрэл учруулж буй аж.
Авто замын боомт нээгдсэн нэртэй ч ачаа тээвэр ирж байгаа юм алга. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэж Гаалийн газрынхан хэлсэн. Гэвч хэзээ асуудал цэгцрэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байгааг худалдаачид шүүмжлэв.
Цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Эрээний боомтоор орж, гарч байгаа экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг чингэлгээр тээвэрлэх болсон. Үүнээс болж, тээвэрлэлтийн зардал дахин 20-30 сая хүртэлх төгрөгөөр хөөрөгджээ.
Өмнө нь нэг машинд багтдаг байсан ачаа одоо 2-3 чингэлэгт багтахаар болжээ. Ингэснээр нэг метр куб ачааг 800-1000 юаниар ачдаг байсан бол одоо 1800-2000 юаниар ачиж байгаа юм.
Иргэдийн зүгээс холбогдох газруудад гомдол саналыг хүргүүлж байгаа ч албан хариулт өгөхгүй байгаа аж. Тээвэрлэлтийн үнэ энэ хэвээр өссөөр байвал иргэдэд хүрэх эцсийн үнэ нэмэгдсээр л байна.
ТЭЭВЭРЛЭЛТ ДАГАСАН ЗУУЧЛАЛЫН ХӨЛС ХЭТ ХӨӨРӨГДӨЖ БАЙНА
Тяньжинаас бараа авах иргэд 20-30 сая төгрөгөөр бараа татсаны хөлс өгч байгаа. Хятадаас бараа авах иргэд нэг вагонд тээвэрлэлтийн мөнгө гэж төлөхөөс гадна бараагаа ачуулахын тулд 3-5 сая төгрөгийн хахууль өгдөг болсон аж. Тэгэхгүй бол вагонд бараагаа ачуулна гэж үлгэр. Ямартай ч хил гаалийн асуудлаас үүдэж тээвэрлэлтийн зардал өсч, зуучлалын үнэ хөөрөгдөж, вагоны эргэлт багассан байна. Хэрэв цаашид энэ хэвээр үнэ өссөөр байвал вагон ч тэг зогсолт хийх эрсдэлд оржээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ