“Хүндэрсэн цөөн хүнийг эмнэлэгт хэвтүүлэх тактик барина”

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

COVID-19

“Хүндэрсэн цөөн хүнийг эмнэлэгт хэвтүүлэх тактик барина”

Цар тахлын омикрон хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал гэдгийг албаныхан мэдээлж буй. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Япон руу явуулсан 100 сорьцоос омикроны сэжигтэй 16 тохиолдол илэрсэн. Үүнээс урьдчилсан байдлаар 10 нь батлагдсан. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй” гэж мэдээлсэн. Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан омикрон хувилбарын давалгаанд бэлэн үү. Энэ асуултад хариулт авахаар холбогдох газруудаас тодрууллаа.


ОМИКРОН ХУВИЛБАРЫГ ШИНЖЛЭХ ГАНЦХАН АППАРАТТАЙ

Албаныхан гадаадаас ирж буй иргэдээс хил дээр эерэг гарсан тохиолдлыг тусгаарлаж байгаа. Тэднийг тусгаарласны дараа PCR шинжилгээ авч, хамгийн эцсийн баталгаажуулалтыг ХӨСҮТ-д шинээр ашиглалтад оруулсан лабораторид генийн дараалал тогтоож байна. Монгол Улс генийн дарааллын шинжилгээг найдвартай тогтоож байна гэж мэдээлсэн.

ХӨСҮТ-д байрлах лабораторид ажиллах гурван эмчийг Японд бэлтгэсэн гэсэн. Гэтэл салбарын сайд нь эцсийн хариуг батлуулахаар Япон улс руу явуулсан гэсэн нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлж байна.

НЭМГ: БЭЛТГЭЛЭЭ САРЫН ӨМНӨӨС ЭХЛЭН БАЗААСАН

Цар тахлын дельта хувилбарын давалгаа өнгөрсөн зуны тав, зургадугаар сард болж, эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрсэн. Тухайн үед хоногт 800-900 шинэ батлагдсан тохиолдол илэрч, дүүргийн хариу арга хэмжээний 56 баг 66 машинтай ажилласан.

Багуудад резидент эмч нарыг дайчлан, хариу нь батлагдсан иргэдэд 24 цагийн дотор хүрч ажилласан. Эмч нар вирусийн эм өгөх, зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулсан. Тэгвэл омикрон хувилбарын үед хэрхэн ажиллах талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржоос тодруулахад “Бид бэлтгэлээ нэг сарын өмнөөс төлөвлөж, эхэлсэн. Бүх бэлтгэлээ хангаад, үе шаттай ажиллаж байна” гэв.

Өнгөрсөн зургадугаар сард тодорхой байршлуудад 1500 орчим ор нэмж, дэлгэж байв.

ЭМЯ: ХҮНДЭРСЭН ЦӨӨН ХҮМҮҮСИЙГ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭХ ТАКТИК БАРИНА

Эрүүл мэндийн яамны зөвлөх О.Батбаяр:

-Омикрон хувилбарын шинж тэмдэг харьцангуй хөнгөн илэрч байгаа гэдгийг дэлхийн олон орны судалгаа харуулж байна. Тиймээс хүндэрсэ цөөн  хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэх тактик баримтална. Дийлэнх хүмүүс нь хөнгөн, томуугийн шинж тэмдэг илрэх учраас тэднийг гэрт нь тусгаарлах арга хэмжээг авна. Шаардлагатай эмнэлгүүдэд ор нэмж дэлгэнэ. Одоогоор ХӨСҮТ, Яармагт байрлах 300 ортой эмнэлэг цар тахлаар өвчилсөн иргэдийг хүлээн авч байгаа.

Улсын том эмнэлгүүдийн хувьд үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Вакцины дөрөвдүгээр тунгийн ажил бол бэлтгэл ажлуудын нэг мөн. Вакцин эмийн нөөц хангалттай бүрдүүлсэн. “Файзер” компанийн вакцины нөөц 2 сая хүн тун, “Синофарм” вакцин 600 сая хүн тун байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж