Хятад: Шиань хот хоёр дахь Ухань боллоо

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Хятад: Шиань хот хоёр дахь Ухань боллоо

Хятад: Шиань хот хоёр дахь Ухань боллоо

Хятадын Шэньси мужийн төв Шиань хотод Covid-19 халдварын тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдсэн учраас арванхоёрдугаар сарын 9-ны өдөр хөл хорио тогтоосон билээ. Тухайн үед өдөрт 143 тохиолдол бүртгэгдсэн тул 13 сая хүн хөл хорионд орсон. Хөл хорионы хугацаанд нэг өрхөөс нэг л хүн хоёр өдөр тутамд гэрээсээ гарч, зайлшгүй хэрэглээний зүйлсээ цуглуулах, хүндэтгэх шалтгаангүй бол хотоос гарахгүй байх зэрэг зохицуулалтууд хийсэн. Хол чиглэлд явдаг автобусны буудлууд хаагдаж, хот руу орох хурдны замуудад хяналтын цэгүүд ажиллаж эхэлсэн. Мөн маш олон тооны нислэгүүдийг цуцалжээ.

 

Шиань хотод Covid-19 халдвараас гадна “haemorrhagic fever” нэртэй амь насанд аюултай халдварт өвчний тохиолдол хэд хэд гарчээ. Тиймээс тус хотыг давхар тахалтай нүүр туллаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буй.

Гэтэл хөл хорионы дэглэм арванхоёрдугаар сарын 23-наас улам чангарч, иргэдийг Covid-19-ийн шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхаар шийдвэрлэсэн. Ийнхүү Шиань хот цар тахлын анхны голомт болох Уханиас хойш хамгийн их анхаарал татсан цэг болов. Засгийн газрын зүгээс айлуудад хоол хүнс тараахаар зохицуулсан боловч олон хүмүүс энэ хангамжийг хүлээж аваагүй гэцгээж байна. Ийнхүү иргэд хоол хүнс болон бусад зайлшгүй хэрэглээний зүйлсийн хомсдолд орж, цахим сүлжээгээр тусламж хүсэх болов.

“Global times” сониноос мэдээлснээр, хүнсний хангамжийг зарим байрнуудын үүдэнд хүргэж өгч байгаа боловч иргэдийн гарт шууд дамжуулж өгөх сайн дурын ажилтнуудын хүрэлцээ муу байна гэв. Төрийн албан хаагчид хангамжийг тарааж буй хэдий ч энэ нь төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Хоол хүнсний хомсдолд орсон иргэд гар утсаа хүнсээр бартердах хэмжээнд хүртэл хэцүү байдалд оржээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус хотод Covid-19-ийн тохиолдлын тоо 1800 хүрчээ. Энэ нь Хятад улсын “Zero covid” стратегитэй зөрчилдөж байгаа тул халдварын дэгдэлтийн эсрэг хатуу арга хэмжээ авахаас өөр замгүй болжээ. Ялангуяа тун удахгүй нээлтээ хийх Бээжингийн өвлийн олимп, сая сая хүн зорин ирдэг Цагаан сарын баярыг бусниулахгүйг эрх баригчид зорьж буй нь ойлгомжтой.

Хөл хорионы эхний үед дотоодын нислэгүүдийг  цуцалсан бол Лхагва гаригт бүх олон улсын нислэгийг зогсоов. Мөн хэдэн арван мянган ойрын хавьтлыг тусгаарлах байранд байрлуулсан.

 

Халдвар авсан зарим оршин суугчийг шөнө дөлөөр тусгаарлах байр луу нүүлгэн шилжүүлж байхад нөгөө талд зарим нь яаралтай үед түргэн тусламж авч чадахгүй байна. Жишээлбэл, зүрхний шигдээс болсон эр тусламж авч чадалгүй гэртээ нас барсан. Найман сартай жирэмсэн эмэгтэй зулбасан зэрэг тохиолдлууд шил шилээ даран гарлаа. Тус жирэмсэн эмэгтэйг Covid-19-ийн шинжилгээ өгөөгүй гэх үндэслэлээр тусламж үзүүлээгүй Шиань хотын эмнэлгийн ажилтнуудад арга хэмжээ авсан байна. Жирэмсэн эмэгтэй шинэ жилийн баярын өдөр эмнэлгийн гадаа хүлээсээр, удалгүй цус алдаж эхэлжээ. Тухайн үед нөхрийнх нь хийсэн бичлэг цахим орчин тарсан бөгөөд харахаас нүд хальтрам дүр зурагтай байжээ. Эмэгтэйг хоёр цагийн дараа эмнэлэг хүлээж авсан хэдий ч ураг аль хэдийнэ зулбасан байв. Уг мэдээлэл “Weibo” цахим сүлжээгээр нэлээн газар авсан боловч удалгүй устгагдсан байна.

Харин зүрхний шигдээсээр нас барсан эрэгтэйн хувьд эрсдлийн зэрэг “дунд” гэж тодорхойлогдсон хэсэгт амьдардаг байв. Түүний охин нь цахим хуудсандаа орон нутгийн эмнэлэг аавд нь туслахаас татгалзсан тухай өнгөрсөн Ням гаригт мэдээлэл оруулсан. Мэдээлэл оруулснаас хойш хэдэн цагийн дараа эмнэлэгт аавыг нь хүлээж авсан хэдий ч бүх зүйл дэндүү оройтсон байжээ. “Covid-19 л биш бол чиний үхэх сэхэх хэнд ч хамаагүй” гэж нэгэн иргэн “Weibo” дээр бухимдлаа илэрхийлсэн байна.

Дээрх тохиолдлуудаас улбаалан Шиань хотын эмнэлэгийн ажилтнуудад арга хэмжээ авч, цар тахлаар түрий барьж өвчтөнийг эмчлэхээсээ татгалзаж болохгүй гэсэн анхааруулгыг өгчээ. Гэвч иргэдийн бухимдлыг энэ нь намжаасангүй. “Энэ бол зүгээр л хэлбэр. Covid-19 чиний аминд хүрэхгүй, харин хүнд сурталтнууд л хүрнэ шүү” гэх үгс “Weibo” дээр хамгийн их хандалттай байна.

Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар сүүлийн үед бүртгэгдэж буй шинэ тохиолдлууд нь аль хэдийнэ хорио цээрийн дэглэмд хамрагдсан хүмүүсийн дунд байсан тул үндсэндээ халдварыг тодорхой хэмжээнд хязгаарлаж чадсан гэж дүгнэж буй аж. Шиань хотод гарч буй халдварын тоо нь АНУ болон бусад зарим орнуудтай харьцуулахад хамаагүй бага юм. Тийм ч учраас эрх баригчид Бээжингийн өвлийн олимпоос өмнө халдварын тоог улам багасгана гэсэн итгэлтэй байна.

Эх сурвалж: APNEWS, CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж