Олон улсад Covid-19-ийн шинэ хувилбарын тархалт нэмэгдэж, шинэ тохиолдлууд батлагдаж байгаа учраас зарим хуваарьт нислэгүүдийг цуцлахаар болжээ. Тодруулбал, Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” хувьцаат компанийн хэд хэдэн нислэг цуцлагдсан байна.
Нислэгийн хуваарийн тухайд 2022 оны нэгдүгээр сарын 12, 15, 19, 22, 26, 29 болон 30-нд нисэх Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг цуцалжээ. Мөн ирэх сарын 1, 8, 15 болон 22-ны Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын хуваарьт нислэгийг тус тус цуцалсан аж.
Шалтгаан нөхцлийг асуухад хуваарьт өөрчлөлт гарсан, албан мэдэгдлийн талаар мэдээлэх болно гэсэн юм. МИАТ хувьцаат компаниас мэдээллийн сайтуудад Монгол Улсаас Японы Токио хот руу зорчсон иргэдээс омикрон хувилбар батлагдсан тухай мэдээлэл цацсан.
"МИАТ" ТӨХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газраас энэ талаар тодруулахад “Япон Улсын хил дээр илэрсэн тохиолдлын геном шинжилгээ хийгдэж дуустал 2-3 өдөр болдог тул Монгол Улсаас 2022 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр "Аэро Монголиа", 5-ны өдрийн "МИАТ" ТӨХК-ийн нислэгээр ирсэн зорчигчоос омикрон хувилбар илэрсэн мэдээлэл батлагдаагүй” гэжээ.
Иргэний нисэхийн ерөнхий газраас 2022 оны эхний улиралд үйлдэх олон улсын нислэгийн хуваарийг гаргасан. Тухайлбал, Токио, Франкфурт, Сөүл, Алматы, Нурсултан хотууд руу хуваарийн дагуу нислэг үйлдэхээр болсон билээ. Зорчигчид халдвар хамгаалалтын тархалт өндөр байгаа энэ үед дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг зөвлөжээ. Үүнд:
- Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, Covid-19-өөр өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.
- Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул нислэгийн батлагдсан хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандахыг ИНЕГ-аас мэдээллээ.
Холбоотой мэдээ