Уйтай Улаанбаатарт хөг нэмэх ДҮЛИЙ МУУРНУУД

Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Уйтай Улаанбаатарт хөг нэмэх ДҮЛИЙ МУУРНУУД

Уйтай Улаанбаатарт хөг нэмэх ДҮЛИЙ МУУРНУУД

"Блюз хүүхэд төрүүлсэн, тэр хүүхдийн нэр нь Рок-н-ролл" хэмээн Америкийн дуучин Мадди Уотрс хэлсэн байдаг. Тэгвэл баялаг түүх, аялгуу хэмнэлээрээ дэлхийг байлдан дагуулдаг Блюз урсгалаар Монголд тоглодог цөөхөн хамтлагууд бий.  Байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон “Deaf cats” хамтлагийнхантай ярилцлаа.


-Танай хамтлагийн нэр их сонирхолтой. Монголоор "Дүлий муурнууд" гэж байгаа. Яагаад ийм нэр өгөх болов?

Гоцлол дуучин Ц. Ариунбулган:

-1930-аад оны үед жазз,блюз урсгалаар тоглодог африкчуудыг "Cat" гэдэг байсан. Яагаад гэхээр нийгэм нь тэднийг их гадуурхдаг байж. Тиймээс яг муур шиг шөнө олон хүний нүднээс далд, газар дор тоглодог байжээ. Мөн жазз, блюз хөгжмийн хэмнэлийг муурын алхаатай зүйрлэдэг. Бид энэ урсгалаар тоглож байгаа юм чинь өөрсдийгөө "Cat" гэж нэрлэсэн. "Deaf" гэдэг нь дүлий гэсэн утгатай үг. Сонсголгүй хүмүүс хүний юу гэж хэлж байгааг сонсдоггүй шиг манай хамтлагийг шүүмжилсэн хүмүүсийг огт сонсолгүй гэсэн агуулгатай.  Зөвхөн өөрсдийнхөө дуу хоолойг сонсч уран бүтээлээ хийнэ гэсэн утгаар “Deaf cat” гэж нэрлэсэн дээ.

-Тэгвэл та нарыг монголчууд хэр хүлээн авч байна. Залуу хамтлагууд, тэр тусмаа амьд хөгжмийн хамтлагууд нэр алдарт гарахд хэцүү байдаг уу?

Гоцлол дуучин Ц.Ариунбулган:

-Ялангуяа амьд хөгжмийн хамтлагуудыг нийгэм их буруугаар ойлгодог. Хорт зуршлуудад донтсон, буруу зүйл рүү бусдыг уриалдаг гэж боддог. Ялгаагүй хөгжмийн нэг төрөл, урлаг шүү дээ. Дуу хөгжимгүй ертөнц үнэхээр уйтгартай байх нь мэдээж. Тэр дундаа амьд хөгжим нийгэмд маш их хэрэгтэй. Бусдад аз жаргал, эрч хүчийг мэдрүүлж байдаг. Үнэндээ манай хамтлагт урлагийн чиглэлээр суралцдаг хүн байхгүй. Бүтээсэн дуунуудаасаа аз жаргалыг мэдэрч байвал болоо.

Аргил гитарчин Б.Итгэлт:

-Улаанбаатар хот амьд хөгжмийн хамтлагуудад их ээлгүй газар. Бэлтгэлийн байр маш цөөхөн бас түрээс нь өндөр. Зарим бэлтгэлийн байрнууд нийтийн байр, орон сууцнууд дунд байдаг болохоор хүссэн дуугаралт, чанга чимээ гаргах боломжгүй. Оршин суугчид нь их дургүйцдэг. Чанартай хөгжмийн хэрэгсэл, бэлтгэлийн байрны түрээс гээд маш олон зардлыг бид өөрсдөөсөө гаргадаг. Мэдээж бид хөгжим уран бүтээлдээ цаг, зав хамаг зүйлсээ зориулдаг. Нэг үгээр бол хөдөлмөрлөж байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэл гаргаж байгаа зардлуудаа эргээд нөхөж чаддаггүй. Зарим газрууд үнэгүй тоглуулах, мөнгөө өгөхгүй байх зэрэг асуудлууд гаргадаг.

-Дууны санаагаа хаанаас олдог. Хамтдаа суугаад олдог уу, эсвэл хэн нэгэн чинь зохиодог уу?

Аргил гитарчин Б.Итгэлт:

-Ихэвчлэн бэлтгэлийн байран дээрээ байхдаа шинэ дууны санаагаа олдог. Жишээ нь, гитарчин маань нэг ая зохиолоо гэхэд бөмбөрчин түүн дээр санаагаа нэмэх, дууны үг нь иймэрхүү байвал зүгээр юм байна гэх мэтээр хэдүүлээ санал солилцоно. Бэлтгэлийн байран дээрээ дуугаа зохиоход илүү таатай байдаг. Бүгдээрээ нэг урсгалын дуу сонсдог болохоор алдартай блюз хамтлагуудын дууг сонсоод эсвэл амьдралд тохиолдсон аль нэг үйл явдлаас сэдэвлэн дуу болгодог. Зүгээр л тоглож байгаа дуунуудаасаа их сайхан мэдрэмж авч, түүнийгээ хүмүүст мэдрүүлэхийг хүсч байна.

-Яаж яваад та хэд хамтлаг байгуулахаар болсон юм бэ?

Аргил гитарчин Б.Итгэлт:

-Манай хамтлагийн бөмбөрчин Д.Түвшинзаяа бид хоёр өмнө нь "Vintage" гэдэг хамтлагт тоглодог байсан. Тэр хамтлаг тарсан тул бид хоёр тусдаа "Блюз" урсгалаар тоглодог хамтлаг байгуулахаар шийдсэн. Тухайн үед манай хамтлагийн дуучин Ц.Ариунбулган, гитарчин Ө.Анартай найзууд байсан. Ер нь манай хоёр ч гэсэн "Блюз"урсгалын дуу сонсдог, сонирхдог байсан. Тэгээд 2020 оны зун хамтлагаа байгуулсан.

-Ихэнх дуунуудаа англиар дуулдаг байхаа. Яагаад монголоор дуулдаггүй юм бэ?

Гоцлол дуучин Ц. Ариунбулган:

-Дууны шүлгээ ихэвчлэн би бичдэг. Блюз бол барууны хөгжмийн урсгал. Тухайн орны хэл болон соёлын онцлог нь хөгжимтэйгөө нягт холбоотой байдаг. Тиймээс миний хувьд хоёр өөр ахуй, соёлыг хооронд нь нийлүүлэх гэхээр авцалдаж өгдөггүй юм шиг санагддаг. Жишээ нь, манай монгол уртын дуунууд үндэсний хөгжмийн аялгуутайгаа их сайхан хоршдог шүү дээ. Үүнтэй л адил.

-Хамтарч уран бүтээл гаргахыг хүсдэг хамтлаг, уран бүтээлч байгаа юу?

Аргил гитарчин Б.Итгэлт:

-"Sekstsagaanbogd"-тай хамтарч уран бүтээл гаргахыг хүсдэг. Блюз маш олон жилийн түүхтэй хөгжмийн урсгал. Бид энэ урсгалд шинэлэг зүйл оруулах гэж хичээж байгаа. Тухайн урсгалынхаа бүтэц хэв маягийг эвдэхгүйгээр "Old school" маягаар үглэж үзсэн. Хүмүүс буруугаар ойлгож магадгүй. Гэхдээ оролдож  үзэхэд гэмгүй шүү дээ.

-Залуучуудад зориулаад “Deaf cats хамтлагийн зүгээс ямар хамтлагийг сонсохыг зөвлөх вэ?

  • Pink Floyd
  • Lep Zeppelin
  • Etta James
  • A tribe called quest
  • Vulfpeck

-Шинэ онд "Дүлий муурнууд" ямар  уран бүтээл хийхээр төлөвлөсөн бэ?

Аргил гитарчин Б.Итгэлт:

-Гурваас дөрвөн шинэ дуугаа клипжүүлэн цацах бодолтой байгаа. Мөн энэ оны хамгийн анхны тоглолт маань нэгдүгээр сарын 7-нд "Something’s Brewing", "Teresa in the moon" болон "Monte Blu" залуу хамтлагуудтай хамтран "Republik"-т  тоглох гэж байна. Амьд хөгжмийн тоглолт хүнд тэсрэлттэй үгээр хэлшгүй сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс манай хамтлагийн тоглолтыг ирж үзээрэй та бүхэн /инээв/.

-Өөрсдийн сонирхдог хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвих хүсэлтэй олон залуус бий, тэдэнд юу зөвлөмөөр байна?

-Хамтлаг бол нэг гэр бүл юм. Үл ойлголцох, шантрах үе цөөнгүй. Тиймээс зөвхөн бэлтгэлийн байран дээрээ л цуглараад хөгжмөө тоглодог байхаас илүүтэй хамтдаа их олон цагийг өнгөрөөж, дотносох хэрэгтэй. Жишээ нь ууланд гарах ч юм уу. Цагийг хамтдаа  өнгөрүүлж  гэр бүл шиг байгаарай гэж зөвлөе.

Ц.ХОНГОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж