Кристиан Эриксен ДАШТ-д оролцохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Кристиан Эриксен ДАШТ-д оролцохыг хүсч байна

Кристиан Эриксен ДАШТ-д оролцохыг хүсч байна

Өнгөрсөн зургадугаар сард Евро-2020 тэмцээний хүрээнд Дани-Финландын тоглолтын үеэр талбай дээр Кристиан Эриксений зүрх гэнэт зогсч, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Уг явдлаас хойш тэрбээр талбайд гарч албан ёсны тоглолтод оролцоогүй билээ. Харин Данийн шигшээ баг түүнгүйгээр энэ жил Катарт болох ДАШТ-ийг зорих эрхээ авсан.

Бид та бүхэндээ Данийн "DR1" телевизэд өгсөн Кристиан Эрикесиний ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр Евро-2020 тэмцээний үеэр болсон аймшигт явд болон эмчилгээний дараах нөхцөл байдал, ирээдүйнхээ талаар ярьжээ.

Кристиан Эриксен:

-Миний зорилго бол Катарт болох ДАШТ-д тоглох. Энэ санаа маань миний дотор удаан хугацааны турш байсан. Энэ бол миний зорилго, бас мөрөөдөл. Миний мөрөөдөл бол хөлбөмбөгийн талбайдаа эргэн ирэх юм. Би өөрийгөө эргэн ирж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Яагаад гэвэл би өмнө нь байснаасаа өөр зүйл мэдрэхгүй байна. Яг л хэвэндээ байна. Бие бялдрын хувьд би формдоо эргэн орсон.

Миний мөрөөдөл бол шигшээ багтаа дахин дуудагдаж "Parken"-д (Дани шигшээ багийн цэнгэлдэх) тоглож, өнгөрсөнд болсон тэр үйл явдал нэг л удаагийнх байсан, дахиж тийм зүйл болохгүйг батлахыг хүсч байна. Би тэр үйл явдлаас салж, бүрмөсөн ардаа үлдээсэн. Мөн шигшээ багтаа тоглож чадна гэдгээ баталмаар байна. Миний биеийн байр байдлыг хянаж үзэх нь дасгалжуулагчаас шалтгаална.

Тэрхүү явдал олон хүмүүст нөлөөлсөн. Эмч нар энэ олон хүн миний төлөө санаа зовниж буйг, намайг болон манай гэр бүлийнхнийг мэдэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь намайг дараа нь баярлуулсан. Эмнэлэгт байхад эмнэлгийн ажилчид миний нэр дээр маш их цэцэг хүлээн авснаа хэлж байсан. Их хачирхалтай зүйл болсон. Яагаад гэвэл би хүмүүсийг надад цэцэг явуулна гэж бодоогүй. Учир нь би таван минутын турш үхсэн. Энэ их ер бусын зүйл байсан. Гэхдээ тэр олон хүний намайг гэх сайхан сэтгэлийг хүлээн авах сайхан байсан. Хүмүүс одоо ч гэсэн над руу захиа бичсээр байна. Би биечлэн уулзсан хүмүүстээ баярлаж талархсанаа хэлмээр байна. Би эмч, сувилагч, багийнхандаа баярлаж талархсанаа хэлмээр байна. Надад хандан захиа болон и-мэйл бичсэн мянга мянган хүнд болон Итали, Данийн гудамжинд таарч, надтай уулзан, миний амар мэндийг мэдэж, тэрхүү хүнд явдлыг даван гарахад тусалсан дэлхийн өнцөг булан дахь мянга мянган хүнд баярлаж талархсанаа хэлмээр байна.

Өнгөрсөн жилийн сүүлээр тэрбээр өөрийн унаган "Odense Boldklub" багт бэлтгэл сургуулилалт хийж байсан билээ. Гэвч өнөөдрийн байдлаар түүний ирээдүйн хөлбөмбөгийн замнал тодорхой биш байна.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж