АН-ын өнгө, үнэт зүйлийг дээрэмдлээ гээд Ардын нам ардчилсан болохгүй!

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

АН-ын өнгө, үнэт зүйлийг дээрэмдлээ гээд Ардын нам ардчилсан болохгүй!

АН-ын өнгө, үнэт зүйлийг дээрэмдлээ гээд Ардын нам ардчилсан болохгүй!

Ирэх Пүрэв гаригт ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ой тохионо. Товчхондоо, Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй улсыг шинэ Үндсэн хуульдаа тунхаглаад 30 жил өнгөрчээ. Гээд энэ 30 жилийн хугацаанд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болж чадсан уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдах байх.

Ямар байсан эрх баригч МАН зуун жилээрээ, Их хурлаараа их л гоё гоё амлалт өгсөн. Авлигатай тэмцэж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаална гэв. Авчиг Ардчилсан намын “төрсөн өдөр”-ийг булааж, өнгө, үнэт зүйлээр нь гоёлоо гээд Ардын нам ардчилсан болохгүй. Үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн бүхнийг хууль, шүүхээр айлгаж ичээгээд, иргэдийнхээ эрх чөлөөнд халдаад байвал шүү дээ.

Нэг.

Ардчилсан Үндсэн хууль болон Ардын намынхны 2019 онд дангаараа баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй”-г зааж өгсөн. Харамсалтай нь, эрх баригчдыг эсэргүүцсэн, жагссан, шүүмжилсэн бүхэн шүүх, цагдаагийн хаалга татах нь хэвийн үзэгдэл болжээ.

Цар тахлын үед иргэдээ хөл хорьчхоод эрх баригчид өөрсдөө наадам хийж, наргиж цэнгэхийг эсэргүүцэн, “NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөнөөс тайван жагсаалыг өнгөрсөн оны долдугаар сард зохион байгуулсан. Гэтэл тус жагсаалыг зохион байгуулсан гэж иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын зургаан хүнийг гурван жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутгажээ.  Тэднийг энэ сарын 20-нд шүүнэ. Шүүх засаглалд реформ хийгдсэн эсэхийг шүүгчид өргөсөн тангараг, томилсон хүнийхээ алинд нь үйлчлэхийг энэ өдөр бүгдээрээ харна гэсэн үг.

Э.Бат-Үүлийг хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 онд дууссан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн “хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” хэмээн зүйлчилж, дөрвөн жилийн ял оноосноос нь харвал Монголын шүүх өөрчлөгдсөнгүй, өөрчлөгдөхгүй нь бололтой.

Хоёр.

Мягмар гаригт хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр хэд хэдэн ноцтой баримтууд дэлгэсний нэг нь наадам хийх нэрээр НЗДТГ-аас 4.5 тэрбумыг “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ авсан тухай мэдээлэл. Зүй нь наадам хийхийг эсэргүүцсэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг биш “Наадмын тухай” контент хийх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг ямар тендер, шалгаруулалтгүйгээр авсан З.Нямзул гэгчийг шалгах ёстой байв. Улсын драмын эрдмийн театрын менежер залуу тэрбум, тэрбумаар нь төсвийн мөнгө "угаасны" ард хэн байгааг, мөн яагаад тус төрийн бус байгууллага руу ямар ч тендергүйгээр 4.5 тэрбумыг шилжүүлсэн албан тушаалтныг олж хариуцлага тооцож байж л МАН-ынхны ярьдаг шударга ёс тогтоно. Өнгөрсөн жил наадам хийлгүй өнжсөн гэвэл цар тахлаар далимдуулж, контент нэрээр хэн хэчнээн төгрөг авсан болохыг тогтоож байж Ардын намынхны амлах болсон авлигатай тэмцэх ажил эхлэх учиртай.

Гурав.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын тавьсан асуулт ба Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний өгсөн хариултаас харахад Үндэсний хөрөнгө оруулалтын банк төрд төлөх ёстой өр нь “хэвээрээ” үлдсэн аж. Тус банк төрд 90 тэрбумыг төлөх ёстой бөгөөд ЭМДЕГ-т он солигдохын өмнөхөн 15 тэрбумыг төлсөн гэж хотын дарга Д.Сумъяабазар баяр, бахдалтай зарлаж байсан. Атал уг мөнгийн Монголбанкнаас зээлсэн болохыг төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч үгүйсгээгүй юм. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 15.9 хувийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, 56.9 хувийг түүний төрсөн дүү Д.Дагвадорж эзэмшдэг.

Үндсэндээ төрийн нэг халааснаас мөнгө авч, нөгөө халаасанд өрөө төлсөн гэсэн үг. Энэ үйлдэл нь хотын дарга Д.Сумъяабазарын өргөдлөө бичих гол үндэслэл болох ёстой, хуультай, ёс зүйтэй улсад бол шүү дээ. Даанч Монголд хэвийн үзэгдэл, МАН-ынхан ядаж иргэдээсээ ичиж, айхаас ч больсон байна.

Ардын нам авлигыг бууруулж, албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг үнэхээр хүсч байгаа юм бол үүнийгээ хотын даргаас эхлүүлэх хэрэгтэй. Ингэж байж л задарсныг засаглаж, ядарснаа хамгаалах ёстой юм. Тэгээд ч "Эрх чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан бол авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэг байдаг. Эрх баригч намын хувиар энэ бүхэнтэй тэмцэх бодлогыг бид өөрсдөөсөө эхлэн гаргаж, 30 дугаар их хурлаараа намын дүрмээрээ баталгаажуулсан.

Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй, улс төрийн дэмжлэг авч ажиллах боломжгүй гэсэн заалтыг намын хөтөлбөртөө батлаад, Улсын дээд шүүхээр батлуулсан. Илтэд ёс зүйн зөрчил гаргасан этгээд намаас гарсанд тооцно гэсэн заалтыг баталсан. Энэ хөтөлбөр дүрмээрээ нам өөрөө аливаа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гаргасан этгээдүүдтэй нэг эгнээнд байхгүй" гэж Д.Амарбаясгалан өөрөө хэлсэн шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж