Мэргэжлийн талбайн теннисний мэйжор ангиллын тэмцээний 20 түрүүтэй Новак Жокович болон NBA-ийн Брүүклин Нетс багийн од Кайри Өрвин нар Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдахгүй гэжээ. Үүнийхээ улмаас Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээний аваргаа хамгаалах боломжгүй болсон бол Кайри Өрвин багийнхантайгаа хамт улирлын тоглолтуудад бүрэн оролцох боломжгүй болсон юм.
Сербийн алдарт теннисчин өнөөдөр /2021.01.06/ Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоор Мельбурн хотноо газардсан ч тус улсын хилийн цэргийн алба Жоковичийг вакцинд хамрагдаагүй гэх шалтгааны улмаас хилээр нэвтрүүлэхгүйгээ илэрхийлжээ. Жоковичид олгосон Австралийн визийг хүчингүй болгож, нэн даруй тус улсыг орхихыг шаардсан аж.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон ч хилийн албаныхны гаргасан шийдвэрийг дэмжиж, Жокович вакцин хийлгэж болохгүй гэсэн эмнэлгийн магадлагаа шаардлага хангахгүй байна гэж хэлжээ.
Дээрх хэргийн улмаас Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич иргэнийхээ төлөө тэмцэхээ илэрхийлсэн аж. Гаднын шинжээчид энэхүү хэргээс улбаалан Серби, Австралийн дипломат харилцаа ганхах вий хэмээн болгоомжилж байна.
Ийнхүү вакцинд хамрагдаагүй гэх шалтгаанаар Новак Жокович энэ оны эхний тэмцээнээ өнжихөөр боллоо. Өдгөө 34 настай тэрбээр Австралийн нээлттэй тэмцээнд есөн удаа түрүүлсэн амжилтаараа рекорд тогтоосон билээ.
Нөгөө талд, Кайри Өрвин вакциныг эсэргүүцсэн хэвээр, улирлын эхэнд талбайд гараагүй. Түүний хувьд өнөөдөр /2021.01.16/ улирлын анхны тоглолтдоо оролцсон бөгөөд талбайд 32 минут өнгөрүүлэхдээ 22 оноо авчээ. Гэхдээ түүнд нэг асуудал байгаа нь Кайри Өрвин зөвхөн аялан тоглолтуудад л оролцох боломжтой. Учир нь Нью-Йорк хотын зүгээс тус хотод тоглох тамирчдыг вакцинд хамрагдахыг шаардаж байгаа тул Кайри гэртээ хийх тоглолтуудад оролцохгүй.