“Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачилгаар бүтсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино нээлтээ хийлээ. Энэхүү баримтат киног тус ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул продюсерлэж, нэрт найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son” продакшны хамт олон бүтээжээ.
Уг кинонд Covid-19 цар тахлын үед гадаадад гацсан, эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан монгол хүмүүсийн бодит түүх, мөн ээж, аавтайгаа уулзаж чадалгүй үүрд хагацсан, өвдсөн, ялгаварлан гадуурхагдсан гээд олон тохиолдлын эздээс гадна хүний нутагт бие биенээ дэмжиж тусалсан монголчуудын түүх багтжээ.
“Эх орондоо л очихсон” киноны зохиолч Г.Золжаргал "Кино дөрвөн сар гаруйн хугацаанд бүтсэн. Энэхүү киногоор аливаа тушаал шийдвэр, хэн нэгнийг шүүмжлэх гээгүй. Иргэдийн туулж өнгөрүүлсэн бодит түүхийг харуулахыг зорьсон. Мөн “Хүн бол эх орны хамгийн үнэт эрдэнэ. Тиймээс хүний эрхийг нэгдүгээрт тавин, иргэн бид эх орноороо бахархаж, эх орон биднээр бахархсан цагт зөв цаг ирнэ” хэмээн тодотголоо.
Энэхүү баримтат кино цаашид дөрвөн өөр хэл дээр хөрвүүлэгдэн, олон улсын наадмуудад өрсөлдөх тул олон нийтэд нээлттэйгээр үзүүлэх хугацаа хараахан болоогүйг хэллээ.
М.ГЭРЭЛМАА
Холбоотой мэдээ