Монголд Covid-19-ийн даатгалтай хоёрхон компани бий

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Монголд Covid-19-ийн даатгалтай хоёрхон компани бий

Монголд Covid-19-ийн даатгалтай хоёрхон компани бий

Цар тахлын үед Монгол Улс хилээ нээсэн нь уналтад орсон аялал жуулчлалын салбар сэргэх найдвар болсон. Гэсэн ч аялал жуулчлалын компаниудтай холбоотой гомдол мэдээлэл тасрахгүй байна. Учир нь, гадаадад аялахаар зорчсон үйлчлүүлэгчээс нь Covid-19 илэрсэн тохиолдолд орхисон тухай гомдол мэдээлэл манай редакцид ирсээр байгаа юм. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ болон бусад холбогдох байгууллагуудаас тодруулав.

БОАЖЯ-ны өгч буй мэдээллээр, хэрэв гадаадын улсад зорчиж байгаа Монгол Улсын иргэнээс Covid-19 илэрсэн тохиолдолд тухайн аялал жуулчлалын компани эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүртэл бүх зардлыг нь хариуцах ёстой. Мөн тухайн улс Монгол Улсын иргэнд эмнэлгийн тусламж үзүүлнэ.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.БОЛОРМАА: 

Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарын 1600 гаруй аж ахуйн нэгж, 88 мянга орчим ажлын байр хүнд байдалд орсон. Монгол Улс долдугаар сард хилээ нээсэн ч өнгөрсөн оны аравдугаар сарын 15-наас хойш хилээр нэвтрэх, зорчих нь илүү нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл, иргэд гадаадын улс оронд зорчих боломж нээгдсэнээр гадаадад зорчих урсгал нэмэгдсэн. Бидний зүгээс УОКын гаргаж буй шийдвэрт саналаа өгч оролцдог. Иймд хамтран зөвшилцөж гаргасан шийдвэрүүдээ аж ахуйн нэгж компаниудад танилцуулдаг. Өөрөөр хэлбэл, гадаадын жуулчдыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх болон иргэдийг гадаадын улс орнуудад зорчуулах тодорхой шаардлагууд бий. Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж компани үйл ажиллагаа явуулдаг. Иргэн ч бас вакцины бүрэн тунд хамрагдсан байх, PCR шинжилгээ өгсөн байх зэрэг тодорхой шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Гэхдээ тухайн иргэн өөрийн хүсэлтээр гадаадын улс оронд зорчиж байгаа тул тухайн улс орны журмыг дагаж мөрдөнө. Энэ бол аж ахуйн нэгжүүдийн үүрэг.

Мөн омикроны тархалттай холбогдуулан УОКоос иргэдэд аль болох гадаадын улс оронд аялахгүй байхыг анхааруулж байна. Тиймээс тухайн улс хилээ хаах, омикроны тархалттай холбоотой хөл хорио тогтоовол тэр хүндрэлтэй нөхцөлийг иргэд өөрсдөө даван туулна. Учир нь, өөрсдийн сайн дураар тодорхой нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гадаадад зорчиж байгаа. Гэхдээ бид гадаадад гацсан иргэдээ орхисон гэсэн үг биш. Аль болох татан авах чиглэлд анхаардаг. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан аж ахуйн нэгжүүд болон төрийн өмчит бус компанийн төлөөлөлтэй олон удаагийн уулзалт зохион байгуулсан. Тухайлбал, Covid-19-ийн үеийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулахад салбарын хэмжээнд журам боловсруулсан. Үүнийгээ УОК болон төрийн өмчит бус компаниуд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, хяналт тавьж ажиллаж байна.

Бидний зүгээс иргэдийг хохироохгүй байх, гадаадын улс оронд зорчих үед болзошгүй эрсдэлтэй үед нь орхихгүй байх талаас нь аялал жуулчлалын компаниудтай гэрээ байгуулдаг. Иргэнээ орхихгүй байхад нэн түрүүнд анхаарч, аль болох ойрхон эмнэлэгтэй холбогдох, тусгаарлах байранд хүргэх зэрэг тухайн хүнд эмчилгээ үйлчилгээ эхлүүлэх хүртэл бүх асуудлыг компани хариуцах ёстой. Аль ч улс  эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол  Улсын иргэнд үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг нь бид аж ахуйн нэгжүүдэд журмаар нь сануулдаг. Хэрэв гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Аялал жуулчлалын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Одоогоор ийм асуудал гараагүй. Бидний зүгээс иргэний гомдол мэдээлэлтэй холбоотой асуудлыг Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хянаж ажилладаг.

“МОНГОЛД 2 ДААТГАЛЫН КОМПАНИ СOVID-19-ИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ТӨЛЖ БАЙНА”

“Нью жуулчин турс” компани:

Гадаадад аялж яваад цар тахлын халдвар авбал тухайн улсынхаа журмаар шийдэж байгаа. Аяллын компаниуд хүмүүсээ гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалд хамруулдаг. Ийм даатгал хийлгэсэн бол Covid-19 халдварын эмчилгээ хамаарахгүй. Хоёрдугаарт, тухайн иргэн цар тахлаар өвчилсөн тохиолдолд цар тахлын тусгай эмчилгээний даатгалд даатгуулах шаардлагатай. Монголын ихэнх даатгалын компани энэ даатгалыг хийхгүй байгаа.Одоогоор “Практикал”, “Амар” гэсэн хоёрхон даатгалын компани энэ үйлчилгээг хийж буй. Энэ нь ердийн даатгалаас 2-3 дахин үнэтэй байгаа. Ингэснээр тухайн иргэн цар тахлаар өвчилбөл эмчилгээнийх нь зардлыг төлж байна. Тэгэхээр энэ талаар иргэд сайн судлалгүйгээр хувиараа гадаад руу зорчсон бол эмчилгээний зардлаа хувиасаа төлнө.

Манай компани зургадугаар сараас эхлэн гадаад руу зорчиж буй иргэдийг даатгалд хамруулж байна. Энэ хугацаанд цар тахлаас өвдсөн нэг иргэн бүртгэгдэж, эмчилгээний зардлаа даатгалаас авсан.

Жишээлбэл, Тайланд улсын Пукет руу аяллын компаниуд нисч байгаа учраас даатгал хийлгээгүй иргэд явах боломжгүй. Иргэд Тайланд руу орох зөвшөөрөл авахын тулд 50 мянган ам.доллараас дээш цар тахлын хамгаалалттай даатгалтай, PCR шинжилгээ хоёр удаа өгөх мөнгөө урьдчилаад төлөхгүй бол зөвшөөрөхгүй байгаа. “МИАТ” компанийн онгоцоор явж байгаа иргэд ч даатгалд хамрагдсан байх ёстой. Тиймээс гадаад руу зорчсон Монгол Улсын иргэн цар тахлаар өвчилж, эмчилгээний төлбөрөө хувиасаа төлсөн гэдэг асуудал Тайланд улсад гараагүй. Өөр бусад улсад гарсан эсэхийг үгүйсгэхгүй. Ийм эрсдэлтэй үед иргэд даатгалтай аялахыг зөвлөе.

Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр:

-Монголоос долоон компани Турк, Тайланд, Дубай руу ганц нэг аялал зохион байгуулж байна. Манай холбооны гишүүн компаниудын хувьд эрүүл мэндийн даатгалтай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй. Аяллын компаниудын зүгээс аялагчдыг эх орондоо ирэхэд нь тусгаарлалтын зардлыг нь гаргаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж