"Казахстан дахь иргэд шуурхай утсанд хандах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

"Казахстан дахь иргэд шуурхай утсанд хандах хэрэгтэй"

"Казахстан дахь иргэд шуурхай утсанд хандах хэрэгтэй"

Казахстан улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

Сүүлийн 24 цагийн байдлаар Казахстаны Нур-Султан, Алматы Актау, Жанаозен, Атырау, Кызылорда, Исатая, Махамбета, Таразе, Шымкенте, Кокшетау болон бусад хотуудад томоохон жагсаал гарсан. Жагсагчид Алматы хотын захиргааны байр, нисэх онгоцны буудлыг эзэлжээ. Харин орон нутгийн хэвлэлээр цагдаагийн албан хаагчид жагсагчдын үйлдлийг таслан зогсоож, тус байрыг чөлөөлсөн гэх мэдээлэл гарч байна. Мөн Казахстанд интернэт сүлжээг хязгаарлаж, Facebook, Viber, WhatsApp, Instagram зэрэг нийгмийн сүлжээг хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Гэхдээ өнөөдрөөс цахим сүлжээг эргүүлэн нээж байна.

Монгол Улсын нийт 4028 иргэн Казахстанд ажиллаж, амьдарч байгаа аж. Үүнээс 1383 нь хууль ёсны дагуу, 1600 нь хууль бусаар оршин суудаг бөгөөд нийт 1045 оюутан сурч байна. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байгаа гэсэн юм.

Эдгээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай тохиолдолд эх оронд нь эргүүлэн авч ирэх талаар бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа вэ гэдгийг тодруулахад “Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон монгол иргэн одоогоор байхгүй байна. Тус улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй ч яам болоод консулын газраас онцгой анхаарч байгаа. Тухайлбал, ГХЯ-наас үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нурсултан дахь ЭСЯ-ны болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Олон улсын хэвлэлээр нийт 10 гаруй хүн амиа алдаж, зарим газар цагдаа нар жагсагчдын талд орсон тухай мэдээлэл ч гарч байна. "Японы Никкэй" сонинд мэдээлснээр, 100 гаруй цагдаагийн ажилтан бэртэж, 200 гаруй иргэнийг хорьж саатуулаад байна.

Мөн 190 иргэн эмнэлгийн тусламж авснаас 137 нь цагдаагийн албан хаагчид байсан гэх мэдээлэл байна. Мөн "Аэрофлот" зэрэг гадаадын компаниудын нислэгүүд зогссон, иргэд банкнаас их хэмжээгээр мөнгөө татан авч байна, ихэнх телевизийн сувгууд нэвтрүүлгээ зогсоожээ. Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев нэгдүгээр сарын 4-ний өдөр Мангистау муж болон Алматы хотод, 5-ны өдрийн 16:00 цагт Нурсултан хотод онц байдал зарлаж, дараах арга хэмжээг авч эхлээд байгаа аж. Тодруулбал, 

  1. Нийтийн хэв журам сахих, онцгой чухал объект, иргэдийн амь нас, нийтийн тээврийн үйл ажиллагааг хангах байгууламжийн хамгаалалтыг бэхжүүлэх;
  2. Алматы, Нурсултан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах;
  3. Иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах;
  4. Алматы, Нурсултан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах;
  5. Тайван жагсаал, спортын болон бусад төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох;
  6. Ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглох;
  7. Зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглох, эм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүнчлэн этилийн спирт, согтууруулах ундааны бүтээгдэхүүний эргэлтийн тусгай дэглэм тогтоох;
  8. Хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, түүнчлэн цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах, зэрэг болно.

Ерөнхийлөгч К.Токаев 20:00 цагт /орон нутгийн цагаар/ ард түмэндээ хандаж “Төрийн тэргүүний хувьд, мөн өнөөдрөөс Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд ард иргэдийн энх амгалан, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргийг 5-ны өдрийн 16:00 цагт тус улсын Ерөнхийлөгч асан Н.Назарбаеваас аваад байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгч К.Токаев 20:00 цагт нөхцөл байдалтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн тухай мэдээлж байна.

Хэрэв Казахстан дахь Монгол Улсын иргэд шуурхай утсанд хандвал яаралтай зохицуулалтыг хийж ажиллана гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж