"АЛГА БОЛСОН CD ДОТОР Д.МОНГОЛХҮҮГ ХЭН ХОРИХ АНГИАС АВЧ ЯВСНЫГ ХАРУУЛСАН"
Иргэн Э.Одбаяр:
-ЦЕГ-ын дарга Ж.Болд "Э.Одбаяр нарын хүмүүс иргэн Д.Монголхүүг 461 дүгээр ангиас "өргөж" авч явсан" гэж хэлсэн. Тэрийг нь гэрчлэх хорих ангийн үүдний хүлээн авах заалны хяналтын камерын нийт есөн бичлэг байсан. Гэтэл хэргийн нотлох баримтаас нэг ширхэг CD алга болчихлоо. Үлдсэн CD-ний бичлэгүүдэд дутуу хагас бараг хоосон шахуу, ач холбогдолгүй бичлэг байна. Бид хэдий хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа ч өөрсдийнхөө гэм буруугүйг нотлох баримтыг тэгш эрхтэйгээр хангуулах хуулийн заалттай. Гэтэл хуулийн байгууллагаас зөвхөн нэг талыг баримталж, биднийг буруутай гэж харуулсан хэсгийг нотлох баримтаар оруулж байна. Бичлэгийн зарим хэсгийг цаасан дээр хэвлээд гаргасан байна лээ. Алга болсон CD дотор Д.Монголхүүг хэн хорих ангиас авч явсан юм бэ, түүнийг өргөж авч гарсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой харуулсан юм.
Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, шүүх хурлын нотлох баримт бүрэн байна уу, шүүх хуралд ороход бэлэн үү гэдгийг хэлэлцсэн. Бидний зүгээс энэ асуудлыг судалж, алга болсон хавсралтуудыг мөрдөн байцаах ажлын хэсгээс гаргуулах санал тавьсан. Мөн 461 дүгээр хорих ангийн үүдэнд ажиллаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтан албан хаагчдын ажлын тэмдэглэлээ дарга нартаа юу гэж танилцуулсан гэх мэт асуудлуудаа тодорхой болгож, шаардлагатай бол гэрчээр оролцох хүмүүсээ нэмж, хоёр талын байр суурийг тэнцвэртэй болгох санал тавьсан. Гэтэл шүүхийн байгууллагаас 2022 оны нэгдүгээр 20-ны өдөр 08.30 цагт шууд гэм буруутай эсэх шүүх хурлаараа энэ асуудлыг хэлэлцэхээр шүүх хурлын товыг зарлачихлаа.
"НОТЛОХ БАРИМТУУД НЬ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХГҮЙ БОЛ БИД ХУВИЙН БИЧЛЭГЭЭ ГАРГАЖ ЦАЦНА"
Иргэн Д.Монголхүү:
-Хэргийн нотлох баримт дотроос нэг CD алга болж, ач холбогдолгүй, яллах талдаа илүү итгэл үнэмшил төрүүлэхүйц бичлэгүүд үлдсэн байна. Яг 461 дүгээр хорих анги доторх хяналтын камерын бичлэг алга болсон. Анх нотлох баримтад есөн CD байсан. Мөрдөгч болон прокуроруудын бүрдүүлсэн яллах талын хэргийн нотлох баримтууд нь тэгш байдлыг хангахгүй бол бид хувийн бичлэгээ гаргаж цацна гэдэг байр суурьтай байна. Бидэнд тэр бичлэг нь бий. Олон улсын шүүхийн тогтолцоонд ийм алдаа гарсан л бол тухайн хэргийг шууд хэрэгсэхгүй болгодог. Шүүхэд яллагдагч талын өмгөөлөгч хэргийн нотлох баримт дундаасаа алга болсон тухай хүсэлт гаргаж, шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.
Холбоотой мэдээ