"Төр засаг 30 жил хэрэглэх ёстой байсан сангийн мөнгийг хоослочихлоо"

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Live"Төр засаг 30 жил хэрэглэх ёстой байсан сангийн мөнгийг хоослочихлоо"

 

15 : 58
2022-1-6

"Монгол Улс хүний генетикийн хувьд хоцорчихсон байна"

 
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хийж байна.
 
УИХ-ын гишүүн Т.Сарангэрэл:
-Дэлхий дахинд хэт хөдөлгөөнтэй анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүүхдийн эмгэгийг ярьж буй. Бид эдгээр хүүхдийг “сахилгагүй” гээд нэрлэчихдэг. Мөн дээрээс нь аутизмтай хүүхдүүд их олширч байна. Аутизмын шалтгааныг шинжлэх ухаанд үр тогтох үеийн эцэг эхийн насжилттай холбоотой тогтоосон. Энэ бүхний учир шалтгааныг та бүхэн юу гэж харж байна вэ? Өндөр хөгжилтэй орнуудад жирэмслэлтийг тасалдаг практик нэвтэрсэн. Манайд ургийн гажгийг эрт оношилж чаддаггүйгээс ар гэрт нь хүндрэл учруулдаг. Ургийн гажгийг хэзээ молекул генетикийн түвшинд оношилдог болох юм бэ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Монголын анагаах ухааны хөгжлийн гол шалгуур нь молекул генетикийн оношилгоог эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглаж байна вэ гэдэг том сорил. Энэ чиглэлээр бидэнд хамгийн сайн хийж чадаж байгаа зүйл нь хавдрын эс доторх генетикийн өөрчлөлтүүд, түүнд зориулж тухайн эмчилгээ хийх түвшинд явж байна. Аутизмтай, эсвэл жирэмсэн, тэр битгий хэл гэрлэхэд нь тухайн хос хоёроос ургийн гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй эсэхийг үздэг. Тэр хөгжилд бид хүрээгүй нь харамсалтай.

Түүнчлэн таны ууж буй эм танд хэрхэн үйлчлэхийг молекул генетикийн түвшинд тодорхойлж эм өгдөг болсон. Энэ түвшинд хүрэхийн тулд энэ салбарыг илүү хөгжүүлэхгүй бол малын генетийн хэмжээнд мундаг хөгжсөн хэрнээ хүний генетикийн хэмжээнд хоцорчихсон байна. Хөгжүүлж дэвшүүлэхийн тулд генетикийн том лаборатори байгуулж, тухайн хүний нууцлалыг хамгаалах зорилгоор тогтоолын төсөлд заалт оруулж байна.

ЭМЯ-ны Салбарын эрдэм шинжилгээ, судалгаа төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Э.Оюунсүрэн:

-2016-2020 оны хооронд 384 мянга, 534 хүүхэд төрсөн. Үүний 0.8 хувь буюу 3266 нь төрөлхийн гажигтай гэж статистикт бүртгэлтэй байна. ЭХЭМҮТ-д 2012 онд Засгийн газраас Молекул биологийн лаборатори байгуулж өгсөн. Энэ лаборатори хромосомын түвшинд оношилгоо эмчилгээ хийж байна. Өнөөдрийн дэвшүүлж буй молекулын түвшинд оношилгоо эмчилгээг нэвтрүүлснээр ходоодны хавдартай хүмүүсийн 54 хувийг, уушгины хавдартай хүмүүсийн 79, улаан хоолойн хавдартай хүмүүсийн 59-ийг урьдчилан сэргийлж чадна. Бидэнд молекул генетикийн цогц лаборатори хэрэгтэй байгаа юм. Дэлхийн ирээдүйн чиг хандлага генетикийн түвшинд оношилдог болсон. Үүнийг дагаж гарах хуулийг сайжруулснаар өнөөгийн байгаа түвшинг 30-60 жил урагшлуулж чадна. Хүний нөөц хангалттай бий, гэхдээ лаборатори байхгүй учраас ашиглах боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Хүн судлалын салбар манайд байхгүй болчихсон. Хүнээ малаасаа дор үздэг болчихсон асуудал бий. Монгол хүний удмын сан, гентэй холбоотой ярих асуудал цагаа олсон. Монгол хүний өвчлөлийг генийн түвшинд судлахгүй бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан аймшигтай тоо гарсан. Тухайлбал, 10 мянган жирэмслэлт тутамд 1200 амьгүй ураг бүртгэгдсэн. Бага насны хүүхдийн тархины бусад төрлийн хортой хавдрууд зэрэг анхаарах асуудал олон байна. Сонин хэвлэлээр цус ойртолт талаас нь харж байна. Энэ бол нэгээхэн хэсэг нь.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Удмын санд нөлөөлдөг хамгийн чухал зүйл нь хоол хүнс байх. Монгол Улсад хүнсний аюулгүй байдал хангалтгүй байна. Гаднаас орж ирж буй бүтээгдэхүүн шаардлага хангахгүй байгааг Мэргэжлийн хяналтынхантай уулзаж байхад хэлж байсан. Жимс, ногоо маш хяналт муутай орж ирж байна. Генийн өөрчлөлттэй хүнс Монголд чөлөөтэй орж ирдэг. ОХУ генийн өөрчлөлттэй хүнсийг худалдаалбал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгачихлаа.

-УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Говийн сумдад цус ойртолтын асуудал их гарч байна. Тиймээс аймаг сумаар нь нэрлэж өгөх бололцоо байна уу. ЕБС-ийн сурагчдад сургалт оруулах боломжтой юу?

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-НҮБ-ын Хүний эрхийн тунхаглал 1948 онд батлагдсан. Энэ тунхаглалын 16 дугаар зүйлд насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн арьс өнгө, үндэс угсаанаас шалтгаалахгүйгээр, ямар нэг хязгаарлалтгүйгээр гэрлэх эрхтэй. Хүний эрхийг удам зүйн шинж чанараар нь ялгаварлан гадуурхах, нэр төр эрхэнд нь халдахыг хориглоно хэмээн гэж заасан. Тиймээс цус ойртолтыг тухайн сумаар зарлан тунхаглах нь таатай зүйл биш.

14 : 22
2022-1-6

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна.
 
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
 
 
-Энэ хуулийн үзэл баримтлалд сан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл журмыг нарийвчлан тогтооно гэсэн байна. Сан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох юм бол ашгийн бус хуулийн этгээд гэдэгтээ орохгүй юм биш үү.
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
 
-Ашгийн төлөө хуулийн этгээд, ашгийн бус хуулийн этгээдийн гол ялгаа нь орлогыг ногдол ашиг байдлаар хүртээж байна уу, үйл ажиллагаандаа зарцуулж байна уу гэдгээрээ ялгаатай. Зарим этгээдүүд аж ахуйн чиглэлийн бизнесийн цэвэр үйл ажиллагааг ТББ нэрээр буюу холбоо, сангаар хийдэг үзэгдэл байсан. Жишээ нь, дээд сургуулиудыг дурдаж болох юм.
 
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-ТББ-ын ашгийн шинжтэй ажиллаад байгаа боловсролын байгууллагууд шинэ өргөн барьсан хоёр хуулийн алинд нь орох юм бэ. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой вэ?
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын шаардлагад энэ асуудал бий. ТББ гэдэг халхавчаар эс үүсвэр тодорхойгүй, гадна дотноос орж ирдэг, зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулдаг асуудал бий. Иргэний нийгмээ энэ хуулиар нухчин дарах гэж байна гэж гадагшаа хов зөөж, энэ төслийг нураах зорилгоор санхүүжилт авсан нөхөд байна. Иргэний нийгэм бол би гээд ойлгож, амьдарсан хэдэн хүн байна. ТББ-ын 70 хувь нь гадаадаас ярьдаг нь үнэн. Энэ хуулиар бид өөрсдийнхөө иргэний нийгмийг төлөвшүүлэх нь Монгол төрийн үүрэг.
 
Олон сангууд дэлхийд байна. Билл Гейтс, Мелинда Гейтс хоёрын үүсгэн байгуулсан сан ядуурал, өлсгөлөнтэй тэмцэх чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж байна. Буянт үйл буюу нийтэд тустай үйл ажиллагааг дэмжих бодлогыг бид энэ хууль эрх зүйн орчноор дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, тийм үйл ажиллагаанд зориулагдаж байгаа бол төр татвар авна гээд суугаад байж болохгүй. Компанийн эзэн жишээ нь буянт үйл хиймээр байна, “Ид шидийн орон” гэдэг өргөө байгуулмаар байна гэж байна. Тэндээс нь татвар авна гээд суугаад байж болохгүй. Төр дэмжих ёстой тэр, Ч.Ганжавхлан гэдэг залууг.
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
-Холбоо, сан нэрийн дор ашгийн төлөө татвараас зугтдаг хүмүүст оройн зай байх ёсгүй. Ч.Ганжавхлан тэргүүтэй хүмүүс үлдэх ёстой. Тус тусдаа цүнх, тамга барьсан хүмүүс "иргэний нийгэм" гэдэг ойлголтыг нийгэмд төлөвшүүлсэн байна. Үүнээс ангижрах ёстой. Иргэний нийгмийн орон зайг бүрдүүлж өгөх нь чухал. Энэ үзэл санаагаар хуулийн төсөл боловсруулагдаж орж ирсэн.
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Санаа нь байгаа байх. Гэхдээ механизм нь байхгүй байна. Механизм ерөөсөө татвар шүү дээ. Жишээ нь, сан байгуулчхаад, сангийн нэрээр мөнгөө хадгалаад байх ёсгүй. Хуулиараа заавал 5-10 хувиа зарцуулж байх ёстой. ТББ-ын тухай хууль байсныг хоёр салгаад Холбооны, Сангийн тухай гэж оруулж ирж байна. Өшөө зохион байгуулалтын маш олон асуудал гарч ирж байна. Арай л хялбаршуулсан журмаар орж ирсэн гэж хараад байна.
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Засгийн газрын тусгай сан, хөрөнгө оруулалтын сан, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих сангууд энэ хуулиар зохицуулагдахгүй. Шинэ эдийн засгийн төрөл хуваалцах эдийн засгийг төрөлжүүлэх, ялангуяа хуваагдах эдийн засгийг хөгжүүлэх боломж энэ хуулиар гарна гэж бодож байна.
 
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо:
-Сангийн эрх зүйн байдлын тухай хуульд үйл ажиллагааны тайлантай холбоотой 12 дугаар зүйлд дэлгэрэнгүй заалт тусгасан. Сан нь үйл ажиллагаагаа хууль дүрэмд заасны дагуу тайлагнана. Нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн сан үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа дараа улиралдаа багтааж Иргэний нийгмийг дэмжих зөвлөлд хүргүүлэх байдлаар тайлагнана. Тайлан нийтэд ил тод байна. Нийтийн сан жил бүр аудит хийнэ гэсэн зохицуулалт туссан. Энэ үүргээ мэдүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах төсөл боловсруулсан. Тодорхой хориглох зүйл заалтыг тусгаж өгсөн.
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Сангийн хууль, Холбооны тухай хууль түргэн түүхий орж ирлээ. Хувийн хэвшлүүд санд хандиваа өгч болох юм. Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил гишүүнтэй санал нэг байна. Сая харлаа “Ид шидийн орон”-ыг. Тэр хэдхэн залуус жаахан мөнгөөр ямар үр дүнтэй ажлууд хийж байна вэ. Олон сан ямар үр дүнтэй ажиллаад байна вэ? Төр засаг 30 жил хэрэглэх ёстой байсан сангийн мөнгийг хоосолчихлоо. Энийг хориглосон зүйл заалт байна уу?
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
-Хандив тусламж авах эрхийг хязгаарлаагүй. Ц.Мөнх-Оргил гишүүний хувьд хандив өгч буйг нь урамшуулж, татвараас чөлөөлөх асуудлыг хөндөж байна. Засгийн газрын тусгай “Ирээдүй өв” сан, тамирчдад сангаас олгож буй мөнгөн урамшууллыг энэ хуулиар зохицуулахгүй. Тусдаа хуулиар зохицуулна.
 
Санхүүжилтийг хаанаас авсан, түүнийг ил тод тайлагнадаг механизм руу оруулж, 1997 оны ТББ-ын тухай хуулийг хоёр хувааж оруулж ирж байгаа юм.
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-УЦС манайд маш их хэрэгтэй. Түүнийг гаднын байгууллагын санхүүжилтээр эсэргүүцдэг, улс орноос эрчим хүчнээс хараат байлгах гээд байдаг сангууд байдаг юм байна.
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
-Холбоо, Сангийн хуульч тэр гадаадын тусгай алба, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлдэг хүн хуулийн этгээдээс санхүүжилт авахыг хориглож байна. Ийм байгууллагын жагсаалтыг ТЕГ, ЦЕГ-аас гаргаж тавина. Ялгаварлан гадуурхах, арьс өнгөөр ялгаварлах чиглэлээрх үйл ажиллагаа явуулдаг ТББ-ыг татан буулгана. Эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг НҮБ-аас зөвлөсөн.
 
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Энэ хоёр хуулийн хооронд ойлголтоо нэгтгэх шаардлага байгаа учраас мөн Сангийн эрх зүйн байдлын тухай хуульд бүлэг тав хоног завсарлага авахыг хүсч байна.
12: 58
2022-1-6

УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

МАН-ын бүлгээс дээрх хуультай холбоотой асуудлаар тав хоног завсарлага авлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Энэ хуулийг өргөн барихдаа ФАТФ-ын зөвлөмжийн дагуу боловсруулсан гэж ойлгож байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд олон санал оруулж буй учраас УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, бүлэг дээр ярилцах шаардлагатай.

12 : 35
2022-1-6

"Монголын асуудлыг төр өөрөө мэдмээр байна"

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Энэ гаднынхны орчуулсан хууль уу. Энэ хуульд цөөнхийн эрх ашгийг хамгаална гэсэн үг явж байна. Цөөнхийн эрх ашгийг хамгаална гэдэг өөр агуулгаар явсан юм уу. 2018 онд Чөлөөт ахмадын холбоо, араас нь оюутны холбоо орж ирээд, ордны цонхыг хагалж байсан. Энэ бол ТББ-ын ард нуугдсан улс төрийн үйл ажиллагаа байсан. Давхардсан холбоодууд байх юм. Нэг хүнд 34 ТББ байгуулагдсан байна. Өнөөдөр үүссэн асуудлыг шийдэх хууль болсон гэж харагдахгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Энэ орчуулгын хууль биш. ТББ-ын хуульд үндэслэн хийсэн хууль. Нийтэд тустай үйл ажиллагаанд 16 үйл ажиллагаа багтсан. Цөөнх буюу магадгүй хүйсийн баримжаа бэлгийн цөөнх гэж ярьдаг, цөөнхийн үйл ажиллагааг хамгаалдаг ТББ-ын асуудлыг оруулж өгсөн. Эдийн засгийн холбоод байгаа. Банкуудын, нефть үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг. Магадгүй бусад оронд хязгаартай байдаг байх. Нийтлэг байдлаар оруулж өгсөн. Нэгэнт практик эдийн засгийн холбоо үүссэн байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-1996 оны хуулиас нэлээн хөндийрүүлсэн байна. Нийтэд тустай үйл ажиллагаа явуулахад төлбөртэй байна гэж байна. Хэн мөнгө төлөх вэ?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Холбоо гишүүнчлэлгүй байхаар нэг этгээд хуулийн этгээд байгуулдаг, өөрсдийгөө мэргэжлийн холбоод гээд нэрлэчихдэг. Үүнд доод тал нь тав гэдэг шаардлага тавьж байна. Олон улсын жишгээс харахад холбоо гишүүнчлэлтэй байна гэх чиг хандлагаар явдаг юм байна лээ. Энэ дагуу бид оруулж ирсэн. Төлбөртэй байж болно. Зорилгодоо нийцүүлэн санхүүжүүлж болохыг оруулж ирж буй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-ТББ-ын тухай хуулиа хүчингүй болгож байна уу. Мэргэжлийн холбоодтой асуудал, 8.3-т заасныг асууя. Та хэд Засгийн газар журам батална гэж оруулж ирэх юм. Юу оруулж ирэхийг нь бид мэдэхгүй байна. Та хэд “цаанаа” аваад үлдчихээд байх юм. Та нарын яриад тайлбарлаад байгаа үг харагдахгүй байна. Төлбөрөө зорилгодоо ашиглана гээд байдаг. Тэр үг чинь хаана байна вэ. Уянгалаад байдаг. Хуулийн гажуудал цаана гараад байна.
-Ашгийн бус хэрнээ тодорхой хэмжээний ашиг олж болно гээд байгаа. Тэгэхээр чинь бага ашиг олж болно гэж яриад байна. Үг үсгийн томъёоллыг засвал яасан юм бэ.
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
 
-Ашгийн төлөө бус гэдэг нь олон улсад ингэж явдаг. Гэхдээ гишүүн ээ, ашиг олох гэдэг чинь өөр ойлголт. Энэ дээр бид орлого олох гэж яриад байна. Бид компаниас ялгарах асуудал нь ашиг хуваахгүй гэдэг зарчмаар явж буй.
 
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
 
-Хувь хүн ашиг авахгүй гэж байна. Тэгвэл холбоо ашиг авч болохгүй юм байна, зөв үү. Ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж байна. Түүнээс биш дотор нь эвлэлдэн нэгдсэн иргэдийг хэлээгүй.
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
 
-Төслийг дэмжиж байна. Энэ хуулийг Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр өргөн барьсан. Сүүлийн таван жил яригдаж буй ТББ-ын хууль. Бид ТББ нэрэндээ дасчихсан. Уг нь 20 жилийн өмнө “сан холбоо” гэдэг нэршилтэй байхыг иргэний хуульдаа хийчхээд, түүнийгээ 20 жил буруу явууллаа. Одоо зөвтгөж оруулж ирж байгааг дэмжиж байна. МАН-ын дарга удаа дараа хэлж буй авлигатай тэмцэх асуудал бол МАН-ын нэн тэргүүний асуудал гэж.
 
Ганцхан ТББХ-оор хэлэлцэх байсан уу. Авлига гэмт хэрэг, мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудал Хууль зүйн байнгын хорооны асуудал. Бид саарал жагсаалтад орсон. Энэ хуулийг дэмжихгүй бол дахин саарал жагсаалтад орно. Ерөнхий сайд манлайлаад байхад доогуур нь бужигнуулаад байх юм. ШӨХТГ дэргэдээ мэргэжлийн зөвлөл байгуулж байна. Энэ яаж байгаа юм. Холбоод гэдэг чинь төрийн байгууллагаас хараат бус ангид, иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагддаг. Гэтэл төр өөрөө ТББ байгуулах юм. Хориглосон байхад энэ дээр Шадар сайд гүйгээд очсон байх юм. Ерөнхий сайдынхаа бодлогыг эсэргүүцэж байгаа юм уу?
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
-Гадуур хуультай холбоотой хэлэлцүүлэг хийсэнгүй гэж яригдаад байна. Энэ хуулийн нэг шинэчилж буй асуудал нь ФАТФ-ын зөвлөмж, шаардлага. Өнгөрсөн хугацаанд улс төрийн түвшинд уулзалт хийсэн.
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
 
-Хүчтэй иргэний нийгмийн байгууллагатай улс хүчтэй дархлаатай байна. Хүчтэй төртэй байснаараа ганцхан хүчтэй болчихгүй. МАН үнэмлэхүй олонх байгаа үедээ хийх ёстой асуудал бол иргэний нийгмээ хүчтэй дэмжих юм. Тэгэхийн тулд нэр халхавч зүүсэн янз бүрийн зорилготой зүйлсээс салгах ёстой.
 
2018 онд дэд сайдаар ажиллаж байхад ТББ-ын хуулийг өргөн барьж байсан. Намайг Монголын иргэний нийгмийн дайсан гэж "Washington post" сонинд бичүүлж байсан. Гаднаас санхүүжилт авдаг, түүгээр амьдардаг хэсэг нөхдүүд. Монголын асуудлыг төр өөрөө мэдмээр байна.
 
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
 
-Энэ хуулийг хийхдээ та бүхэн үндэсний аюулгүй байдал, төрийн тогтвортой байдлын талаар бодож үзсэн юм уу. ФАТФ-ын үнэлгээ доогуур байгаа гэж яриад буй. ТББ-ын 81 хувь нь нийгэмд, 12 хувь нь гишүүддээ үйлчилж байна. Санхүүжилтийн схемийг аваад үзвэл 3.9 хувь нь байна. Боловсрол эрүүл мэнд, сургалт, халамжийн төслийг яагаад олон улсын байгууллагад нээчхэж байгаа юм.
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
 
-Үндсэн хууль хийгээд, бусад бодлогын бичиг баримтуудтай уялдуулж оруул ирж байна. Санхүүжилт яагаад гаднын улсаас эх аваад байна гэхээр төрөөс иргэний нийгмийн байгууллагад олгож буй дэмжлэг байхгүй байгаа. Нийт ТББ-ын санхүүжилтийн хоёр хувь нь төрөөс олгогдож буй асуудал. Бид өөрсдөө төрөөс иргэний нийгмийн байгууллагаа дэмжиж, харьцахгүй байгаа нь үзүүлэлт болчхоод байгаа юм. Энэ хуулиар татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх, замаар ТББ-д өөрсдийн орлогоо үйл ажиллагааг нь зарцуулах боломжийг нь бүрдүүлж өгч буй. Орлогоо өөрсдөө бүрдүүлснээр гадаадаас авах зээл тусламж нь багасах бас нэг бололцоо бүрдэх юм.
 
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
 
-Чи надад худлаа хариулж байна. ТББ-ын 67 хувь нь олон улсын санхүүжилт байна. Тэгэхэд чи яагаад олон улсын санхүүжилтийг нээж өгөөд байгаа юм бэ. Цагаан дээр хараар биччихсэн байхад энэ чинь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Орлогоос чөлөөлнө гээд бичсэн байхад тийм юм байхгүй гээд суугаад байх юм.
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
 
-Энэ хууль бол чухал хууль. Хэлэлцүүлгийн явцад эхнээсээ “мордохын хазгай” болчихсон. Хууль батлахдаа бүх саналыг тусгах боломжгүй. Гэхдээ ядаж тал талаас нь ярилцах хэрэгтэй. Энэ хуулиар ТББ, иргэний нийгмийг цэгцлэх гэж буй мэт ярьж болохгүй. ТББ төрийн дэмжлэг тусламжгүйгээр, эвлэлдэн нэгдээд, нийгмийн хөгжилд чадлаараа туслаад явж байна. Цэгцэлнэ гэж ярих буруу. Хамгийн хэцүү заалт нь аж ахуйн үйл ажиллагаа нь 50 хувиас хэтрэхгүй гэжээ. Аж ахуйн үйл ажиллагаа гэж юу яриад байгаа юм.
 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
 
-Иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулаагүй гэдэг нь ташаа мэдээлэл. Он сартай нь хэлэхэд ч бэлэн байна. 2019-2020 онд үе шаттайгаар хэлэлцүүлэг хийсэн. ТББ-ын бүх төлөөллийг оролцуулж саналыг тусгасан. Татварыг хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлэх саналыг авсан. Энэ хуулийн төсөл яамны сайтад нээлттэйгээр санал авч буй. Ц.Мөнх-Оргил гишүүний ярьж буй зөв. Мэргэжлийн холбоодыг органикаар гаргаж ирэхийг эрмэлзэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-ТББ-ын нэрээр хандив цуглуулаад, компани цуглуулаад явдаг үзэгдэл байна. Энэ байдал цаашдаа байхгүй болж буй. Аж ахуйн үйл ажиллагааг 30 хувиас хэтрүүлэхгүй байх гэдэг олон улсын чиг хандлага байдаг. Энийг эх газрын эрх зүйн тогтолцоотой орнууд барьдаг. Иргэний нийгмийн байгууллагын гол асуудал нь санхүүжилтийн ил тод байдлыг дэмжихгүй байна гэж байна. Энэ заалтыг авах боломжгүй.

10 : 00
2022-1-6

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Хэлэлцэх асуудалд нэг асуудал оруулах гээд гурав дахь удаагаа санал гаргалаа. Төрийн байгууллагын албан тушаалтнууд хууль зөрчиж буй асуудлыг УИХ дээр ярилцъя гэдэг санал гаргаж байна. Улсын дээд шүүх Ардчилсан намын асуудлаар шийдвэр гаргалаа. Дээд шүүхийн 20 гаруй шүүгчид баярлаж байна. Хоёр нам байхгүй байгааг тогтоосон байна.

МАН-ынхан төрийн байгууллагаар тоглож байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтын компанийн тамгыг хоёр хувааж байна. АН-ыг хоёр хувааж тоглосон. Бүртгэлийн байгууллагаар тоглож байгаа нь тоглоом биш. Дээд шүүгчдийн шийдвэрийг худлаа бичээд явуулдаг, 17 шүүгчийн нэг нь хөөгдсөн нөхөр. МАН хулгайч дээрэмчдээсээ салмаар байна. "Суганы үснүүд" очиж Монголын төрөөр тоглож болохгүй. Нийтийн сонсгол гэж МАН-ынхан жүжиг тоглолоо. МАН-ын хоёр зөвлөх нийтийн сонсголд орж ирээд жүжиг тоглосон.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Н.Алтанхуяг гишүүнтэй санал нэг байна. Дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулахад бэлэн байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хувийн чөлөө аваад, долоо хоногоор хойшлуулсан. Хууль зүйн байнгын хороо хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ хоёр жил боллоо. Сонгуулийн дараа УИХ дахь төрийн багана болсон АН-ын бүлэг хоёр жилийн хугацаанд хууль, төрийн эрх барих байгууллага, нийт ард иргэдийн төлөө явуулах хүчин чадал гаргаж ирсэн. Сонгуулийн дараа АН хоёр дарга, тамгатай болж, энэ асуудалд цэг тавихыг УИХ, гишүүд дэмжигчид харж байгаа. Өнөөдөр АН хоёр тамгатай болж, АН-ын бүлэг хоорондоо хагаралдах нөхцөл үүссэн. УИХ ардчилсан парламент мөн юм бол олонх, цөөнхийн үгийг сонсч ажиллах ёстой. АН-ын удирдлагыг сольсон тухай бичиг өгөөд хоёр сар болсон.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ бүлгийн дарга хэн байхыг шийддэггүй. Намын дотоод асуудал.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Баталсан хууль хэрэгжихгүй байна. Нөгөө нь хурлын дарга аа, нэг зүйлийг уншиж өгье. УИХ-ын даргын бүрэн эрхэд хуульчилж өгсөн. Та хуулиа биелүүлээч ээ.

ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Төрийн бус байгууллагыг цэгцлэх гэж буй энэ хууль бол чухал хууль. Мэргэжлийн холбоодыг улс төрчид тэргүүлж хэл ам гаргадаг. Энэ бол буруу. Чиглэлийн хүмүүс нь холбоодоо хариуцаж явмаар байна. Мэргэжлийн холбоодууд тухайн салбарын мэргэжлийн шалгалтыг авдаг бие даасан холбоод байна. Зарим нь төрийн байгууллагад эрхээ хадгалах санаатай яваад байна. Үүнд хэрхэн зохицуулалт хийх вэ? Гадаадаас хөрөнгө оруулалт авдаг холбоод байх шиг байдаг. Хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрх гэх мэт. Гадаадаас санхүүждэг хоёр янзын зүйл байх шиг байна. Хөрөнгө санхүүгийн хяналт ямар байдаг вэ? ТББ байгуулж, бизнес хийдэг зүйл анзаарагддаг. ТББ, холбоодууд “замаа алдчихсан” байгаа нь танилцуулгаас харагдаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо:

-Мэргэжлийн холбоодтой холбоотой ерөнхий зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Гадаадын ТББ-тай холбоотой асуудал, тусдаа хуулиар зохицуулагддаг. Гадаадын иргэн харъяатын тухай хуулиар зохицуулна. Гадаадаас санхүүжилт авах тал дээр тодорхой зүйл заалт тусгасан. Хувь хүн хуулийн этгээдээс өгсөн хандив тусламжаар зохицуулж болно гэж заасан. Мөн террорист, экстрем үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас санхүүжилт авахыг хориглосон. Үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна гэж харж байна. Мөнгө угаах терроризмтой тэмцэх ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг мөрдөхөд ахиц гарна гэж харж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Төрийн зарим ажлыг холбоодтой гэрээ байгуулж хийхэд үр дүнтэй байдаг. Ямрыг нь холбоод хийхийг хориглож байгаа юм бэ. Яаж сонгон шалгаруулах юм бэ. Нэг удаагийн ажлыг холбоодоор хийлгэхэд үр дүнтэй байдаг. Нэг чиглэлээр маш олон холбоо үүсгэн байгуулагддаг. Шинэ хуулиар эдгээрийг нэгтгэх, зорилго байгаа юу?

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо:

-Өнөөдрийн холбоод зохицуулалтгүй явж ирсэн. Мэргэжлийн холбоодыг тодорхойлж өгсөн. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хуулиар хязгаарлаж болохгүй. Төрийн зарим чиг үүргийг холбоодоор гүйцэтгүүлэх асуудал хуульд орж ирсэн. Холбоогоор гүйцэтгэх төрийн чиг үүргийг Засгийн газраас тогтоож өгнө. Засгийн газраас тодорхой журам гаргаж өгнө. Холбоог сонгон шалгаруулахтай холбоотой заалт хуулийн төсөлд суусан. Нэг иргэн хэдэн ч холбоонд элсэх боломжтой. Хамгийн дээд тал нь 34 холбоо үүсгэн байгуулсан хувь хүн байна. Яваандаа холбоодын үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа цэгцрэх байх. Цаашдаа хууль хэрэгжээд ил тод болно байх.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн арав дахь хэсэгтэй энэ хууль зөрчигдөж байна. Та бүхний оруулж өгсөн асуултад холбоогоор гүйцэтгэх чиг үүргийг Засгийн газар батална гэж зааж өгсөн. Энэ бол цэвэр Үндсэн хуультай зөрчилдөж байна. Үндсэн хуулийн эрхийн хүрээнд иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэйг тусгайлан зааж өгсөн. Энэ хуулийн дагуу мэргэжлийн холбоодыг Засгийн газар сонгон шалгаруулдаг болох нь байна. Нэг талдаа төрийн шууд оролцоо бий болно. Иргэний нийгэм хуулийн этгээдийн асуудалд шууд халдаж байна шүү. Иргэд сайн дураараа нэгдэхэд төрийн оролцоо байх ёсгүй гэж хараад байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Үндсэн хуультай зөрчилдсөн зүйл байхгүй. Засгийн газар зарим чиг үүргээ мэргэжлийн холбоодод шилжүүлнэ гэж 20 жил ярилаа. Сайн дураар эвлэлдэн нэгдээд холбоод ажиллахаас гадна онцлог холбоодууд байна. Жишээ нь, Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдсаны улмаас Монгол Улсыг төлөөлж тамирчид оролцож байгаа. Иргэний нийгмийг дэмжих зөвлөл гэж байдаг. ТББ хариуцсан төрийн байгууллага байж болохгүй.

09: 00
2022-1-6

УИХ: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын 2021 оны намрын чуулганы энэ долоо хоног /2022.01.06-07/-т хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

 Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонсох

· Ерөнхий сайдын мэдээлэл: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж