Өвлийн цагт нийтийн бие тамирыг хөгжүүлэх хоккей, мөсөн гулгуурын талбай, цанын бааз Монгол бараг алга. Хуучин нийгмийн үед бараг хороолол бүхний дунд катоктой, цанын бааз ганц нэгээр тогтдоггүй байв. Гэтэл өдгөө мөсөн дээр гулгах орчин хомс, хүртээмж муутай байна. Ямар сайндаа л Туулын мөсөн дээр амралтын өдөр нийслэлчүүд овоорч, гэмтэж, бэртэхэд хүрч байх вэ. Учир нь, стандартад нийцсэн, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан цанын гэх тодотголтой бааз Монгол байдаггүй.
2021 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд 1578 хүн цана, чарганаас унаж бэртсэн талаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Эдгээрээс 1011 нь хүүхэд, 567 нь том хүн байжээ. Хувьчлагдсан гэх Хандгайтын цанын бааз дээр зохион байгуулалт, аюулгүй байдал гэх ойлголт мартагдаад удсан. Хүй долоон худагт байрлах “UB resort” хаагдсан. Ганц гайгүй нь Скай ресорт.
Угтаа Монгол шиг өвөл хэт хүйтэрдэг, цас их ордог олон улсын шаардлагад нийцсэн цанын бааз, Москва хотын ВДНХ паркад байрлах мөсөн гулгуурын талбай нээгдвэл бүс нутгийн аялал жуулчлал хөгжих боломжтой мэт. Өдгөө улсын хэмжээнд бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг 19 мөсөн гулгуурын талбай, олон улсын шаардлагад нийцсэн ганц л цанын бааз бий. Гэтэл Франц улсад л гэхэд 250 гаруй цанын бааз байх бөгөөд нийт Европын цанын салбарт нийт 34 тэрбум евро эргэлддэг аж. Ердөө цанын гурван сард ийм их хэмжээний мөнгө Альпийн нурууг түшиглэсэн Франц, Итали, Швейцарь, Герман, Австри, Словенийн цанын баазуудад эргэлдэж байна.
Колорадо мужид байрладаг Үндэсний цанын бүсийн холбооны мэдээлснээр 2020-2021 оны өвлийн улирал нийт 59 сая жуулчин АНУ-д цанаар гулгах зорилготой аялжээ.
Саяхан Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын “Шарын ам” хэмээх газарт 156.295 га талбайд цанын бааз барих нөхцөл бүрдсэн. Түүнээс биш манайд одоогоор гүйлтийн цанын олон улсын зэрэглэлийн бааз байхгүй бөгөөд энэхүү байгууламж баригдсанаар олимпод бэлтгэх, үндэсний болон олон улсын тэмцээн, наадам хүлээн авч явуулах, өндөр уулын бүсэд бэлтгэл хийх бололцоо бүрдэх аж.
Монголчууд өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр тогтмол эрх аван оролцож буй. Гэтэл энэ төрлийн тамирчдаа бэлтгэх орчин нэг ч байгаагүй гэхээр харамсмаар. Манай өвлийн спортын шигшээ багийн тамирчид ч бэлтгэл сургуулилалтаа Швейцарь, Америк тэргүүтэй улсуудад хийдэг нь нууц биш.
"Скай ресорт", "Мөсөн өргөө" бол бүхэлдээ хувийн хэвшлийн өмч. Харин улсын гэх шаардлагад нийцсэн, аюулгүй байдал хангасан цанын бааз, мөсөн гулгуурын талбай хараахан алга. Одоогоор Чингэлтэй дүүрэгт мянган хүний суудалтай мөсөн талбай бүхий спорт цогцолбор баригдаж байна. Төрийн зүгээс хувийн хэвшлийн гар харахаасаа илүүтэйгээр өвлийн цагт иргэдийнхээ эрүүл мэнд, санхүүд анхаарсан, өвлийн спортын барилга байгууламжуудыг олноор барих цаг нь болжээ. Өвлийн улирал нь урт үргэлжилдэг хэдий ч манайд цас, мөсний спортоор хичээллэгсэд цөөн, орчин нөхцөл тун тааруу байгаа нь харамсалтай.
Холбоотой мэдээ