"Далан давхар"-ыг тохижуулахад төсвөөс мөнгө гаргахгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

"Далан давхар"-ыг тохижуулахад төсвөөс мөнгө гаргахгүй

"Далан давхар"-ыг тохижуулахад төсвөөс мөнгө гаргахгүй

"Хүчит шонхор" захтай зэрэгцэн орших “Далан давхар”-ыг шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл одоогоос 12 жилийн өмнө буюу 2010 оноос эхлэн яригдсан. Тухайн үед энэ ажлыг 40 гаруй тэрбум төгрөгөөр, концессийн гэрээгээр хийхээр төлөвлөсөн. Гэвч хөрөнгө мөнгө нь дутсан уу, хөдөөлүүлсэн хүмүүсийнхээ шарилыг хөндөхөөс айсан уу, ямар ч байсан тохижуулах ажлыг таван жилийн хугацаанд багтаана гэсэн тухайн үеийн нийслэлийн удирдлагуудын мөрөөдөл талаар болсон билээ. Өдгөө тус оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн битгий хэл иргэд нь чимээгүй хоттой хаяа дэрлээд амьдарч байна. 

Хаана, хэнийг оршоосон нь мэдэгдэхээ байсан оршуулгын газарт хүүхдүүд тоглож харагдана.  “Манайх хотод 2009 онд шилжиж ирсэн. Бидэнд оршуулгын газрын дэргэд хашаа хатгахаас өөр боломж байгаагүй. Тэгээд ч хотын төвдөө ойр учраас унаа тэрэг элбэг. Эхэндээ янз бүрийн чимээ сонсогдоод байгаа юм шиг санагддаг байсан. Одоо бид бүр дасчихаж дээ. Харин хүүхдүүдийг минь сургуулийн найзууд нь оршуулгын газар амьдардаг гэж гоочилдогт эмзэглэдэг. Цэцэрлэгт хүрээлэн болгоод янзлахыг нь цөөнгүй жил хүлээж байна” гэж оршуулгын газрын ойролцоо хашаанд амьдарч буй Б.Цэндмаа бүсгүй ярив. Тэрч бүү хэл хашаандаа хоёр гурван шарилтай айл ч цөөнгүй гэнэ.  Уг оршуулгын газрын янзалж цэцэрлэгт хүрээлэн болгохыг бүсгүй дэмжиж, ядаж л сэтгэлд сэвгүй гэв.

“Далан давхар”-ын оршуулгын газрыг шинэчлэн тохижуулж, “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах төслийг шинээр эхлүүлжээ. Тодруулбал, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран уг төслийг хэрэгжүүлэх захирамж 2021 оны сүүлээр гарсан байна. 

Шар хашаа нь нурж, шавар тоосго энд тэндгүй тарсан “Далан давхар”-ын оршуулгын газар нийт 73.9 га талбайг хамардаг. Эхний ээлжид төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийж 10934 булш тоолжээ. Эдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувь нь эвдэрч, тоногдсон, хөшөөний нэр нь арилсан, ямар ч хаяггүй болж, ар гэрийнхэн нь ч тэнгэрт халигчдаа оршуулсан газраа олохгүй учраас эргэж тойрохоо больжээ.

Төлөвлөгөөний дагуу дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нь оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, салах ёслолын өргөө, буяны сүм зэрэг таван хэсгээс бүрдэх аж. Улмаар 2025 онд бүрэн ашиглалтад орно гэж тооцоолсон бөгөөд дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн хамгийн эхэнд буюу 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Тус цэцэрлэгт хүрээлэнд чандар залах нийтийн суварга, чандар залах нийтийн хөрсний сектор, чандар хөрсөнд залах, талийгаачийн дурсгалыг мөнхжүүлэх хүндэтгэлийн хана зэрэг байрлах юм. 

Гэхдээ тус хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд шарил чандарлана гэсэн үг биш. Зөвхөн чандарыг нь авчирч цэцэрлэгт хүрээлэнд залах юм байна. Иргэдийн хувьд шинээр оршуулгын газар байгуулах юм шиг буруу ойлголттой байгааг “Улаанбаатар буян” ХХК-ийн олон нийттэй харилцах албаны менежер Н.Түвшинбаяр хэллээ.

Тэрбээр “Газар чөлөөлөлтийн талбайд орсон нэр тодорхой булшны нэгдсэн мэдээллийн сан болох  www.sambalkhundev.mn сайтыг нээсэн. Иргэд хайлтын хэсгээс шүүлт хийх боломжтой. Шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдох, санал хүсэлтийг нь хүлээн авч, улмаар нэгдсэн журмаар газраас гаргаж чандарлана. Мөн хариуцах эзэнгүй, ухагдаж тоногдон, хэн нь тодорхойгүй болсон, эсхүл ил задгай хаясан шарилыг газраас гаргаж чандарлана. Газар болон шарилыг хөндөж эхлэхээс өмнө шашны томоохон зан үйл хийнэ. Өөрөөр хэлбэл, дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл бүх шарилыг “Улаанбаатар буян” ХХК-ийн Буяны төв цогцолборт түр хадгална. Төсөл хамтран хэрэгжүүлэгч компанийн хувьд зөвхөн нүүлгэн шилжүүлэлт хийх, шарилыг чандарлан буцааж дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залах үүрэг хүлээж байна. Харин бүтээн байгуулалтын ажлыг төсөл гүйцэтгэгч "Нью семетри" ХХК хийж гүйцэтгэнэ. Төсвөөс уг бүтээн байгуулалтад зардал гарахгүй" гэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун "Газар чөлөөлөлтөд хамрагдсан шарилыг ар гэрийн санал, хүсэлтийн дагуу шинээр байгуулагдах Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хүндэтгэлийн хананд, эсхүл хөрсөнд чандрыг үнэ төлбөргүй зална. Талийгаачийн ар гэр шарилыг нутагт нь залах хүсэлт мөн гаргаж байна. Энэ мэдээж нээлттэй. Бид талийгаачийн ар гэрт  шарилыг чандарлан хүлээлгэн өгнө. Түүнчлэн Хятадын 178 , ОХУ-ын  зургаан иргэний булш бий. Эдгээрийг шилжүүлэх тухай асуудлаар хоёр улсын Элчин сайдын яаманд хандсан" гэлээ. 

“Улаанбаатар буян” ХХК ирэх 10 сар хүртэл “Далан давхар”-ын бүх шарилыг нүүлгэн шилжүүлж чандарлана. Үүний дараа дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг барих учраас 2023 он хүртэл хөрсийг ариутган, халдваргүйжүүлж амраах ёстойг мэргэжилтнүүд хэлж байна. Уг төсөлд хэчнээн төгрөг зарцуулж буйгаа хэлээгүй ч нэг шарил чандарлах, тээвэрлэх үйл ажиллагааны зардал нь 1.5 сая төгрөг аж. Энэ тоог чандарлах булшны тоотой үржүүлэхэд том тоо гарах нь лавтай. Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын нийт төсөлд урьдчилсан тооцоогоор 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай аж. Энэ талаар төслийг гүйцэтгэгч "Нью семетри" ХХК-аас мэдээлэл авах гэсэн ч утсаа авсангүй. 

Нэг шарил ялзрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг. ШУТИС-ийн эрдэмтэд 2013 онд нийслэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудад шинжилгээ хийхэд "Нарангийн энгэр", "Далан давхар"-тай зэрэгцэн оршдог Дэнжийн мянга, Дамбадаржаа, 100 айлын ундны усанд химийн хорт бодис болох нитрит ихээр илэрсэн байдаг. Иргэдийн өдөр тутмын амьдралд оршуулгын газрын сөрөг нөлөөний нэг энэ. Мөн агаар орчинд сөрөг нөлөөтэй болохыг нь мэргэжилтнүүд шүүмжиллээ.

"Далан давхар"-ын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар 2021 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон нийтийн  сүлжээ, цахим мэдээллийн сайтаар дамжуулан иргэдээс саналыг нь асуужээ. Санал асуулгад оролцсон 4715 хүний 93.1 хувь нь дэмжсэн байна. Хотын хойд энгэрт бурхан болоочдын шарилтайгаа амьдрах нь нэг талаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нөгөө талаар  хотын өнгө үзэмжинд тааламжгүй учраас "Далан давхар"-ын оршуулгын газрыг хэзээ цэцэрлэгт хүрээлэн болгон нь иргэд хүлээлт дагуулаад удаж буй юм. 

Гэвч "урт" настай энэхүү төсөл урьдын адил цаасан дээр замхарч үлдэх магадлал өндөр. Монголчуудын хувьд хэлж, ярьснаа ажил хэрэг болгох нь цөөн. Ихэнхдээ л шав тавих, цаасан дээр зурах төдийгөөр үлддэг нь худлаа биш. Үүнийгээ хөрөнгө мөнгө рүү чихээд өнгөрөх нь элбэг.  Энэ бүхнээс хохирч буй нь ард иргэд гэдгийг өнгөрсөн хугацаанд цаасан дээр "өтөлсөн" олон төсөл харуулсан билээ. Ийнхүү чимээтэй болон чимээгүй хоёр хот зэрэгцэн амьдрах болсон энэ асуудлыг цэгцэлж, цэцэрлэгт хүрээлэн болгохыг оршуулгын ойролцоо амьдардаг олон өрх хүлээж сууна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж