“Пентхаус”-ын эзэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Пентхаус”-ын эзэгтэй

“Пентхаус”-ын эзэгтэй

“NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа БНСУ-ын “Пентхаус” цувралын амин хүч, Чон Со Жины дүрд тоглосон Ким Со Ёныг онцолж байна. Түүний гоо үзэсгэлэн, жүжиглэх ур чадвар үзэгчдийг байлдан дагуулсан. 


ГОО БҮСГҮЙ КИМ СО ЁН ГЭЖ ХЭН БЭ?

Ким Со Ён Өмнөд Солонгосын кино урлагийн алдартай жүжигчдийн нэг. Цөөнгүй кино, драм, шоу нэвтрүүлэгт оролцож, тоглож явсан түүний хичээл зүтгэл үнэлэгдэж, Солонгосын хамгийн алдартай жүжигчин болж чаджээ. Ким Со Ён маш хөдөлмөрч нэгэн агаад хэд хэдэн томоохон шагналын эзэн болж байжээ.

14-хөн насандаа гоо сайхны тэмцээнд орж, урлагийн замналаа эхлүүлсэн тэрбээр эцэг, эх нь жүжигчин болгох хүсэлгүй байсныг дурсдаг. Ким Со Ён 90-ээд оны дундуур, өсвөр насандаа "Үлэг гүрвэлийн багш", "Сунпүүн клиник" зэрэг олон ангит кинонд тоглосон байна. Түүний анхны кинонууд амжилтад хүрснээр авьяас чадвартаа итгэлтэй болж, эцэг эх нь ч урлагийн хүн болохыг нь зөвшөөрсөн гэдэг. Со Ёны  шийдвэр буруудсангүй, учир нь дараагийн хэдэн жилд хангалттай нэр хүнд олж, өдгөө Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг болж чадсан юм. "Пентхаус" кинонд тоглож, дэлхий нийтийг гайхашруулахаас өмнө “All about Eve”, “Iris”, “Prosecutor Princess” зэрэг кинонуудад амжилттай оролцон, шилдэг жүжигчин цол хүртсэн байдаг.

ХҮҮХЭД НАС БА АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ

Ким Со Ён 1980 оны арваннэгдүгээр сарын 2-нд Сөүл хотод дундаж давхаргын, хуучинсаг үзэлтэй гэр бүлд төрсөн. Со Ёны  эргэн тойрныхон түүний үзэсгэлэн гоог шагшин магтдаг байжээ. Телевизийн олон ангит кинонд дурлан, жүжигчин болно гэж шийдсэнээр Со Ён зөв хооллож, ирээдүйн энтертайнмент салбарт өөрийгөө эрүүл чийрэг байлгахын тулд тогтмол дасгал хийдэг болжээ.

Гэр бүлийнхэн нь урлагийн хүн болохыг нь дэмжихгүйг тэрбээр  гадарлаж байжээ. Гэсэн ч эрс зориглон, 14 настайдаа мисс “Binggrae” гоо сайхны тэмцээнд оролцохоор шийдсэн гэдэг. Тэмцээнд бүртгүүлж, оролцох болсон ч нүүр будалтын хэрэгсэл худалдаж авах мөнгөгүй байлаа. Тэрбээр эцэг, эхээсээ миссийн тэмцээнд оролцох зөвшөөрөл ч аваагүй юм. Тиймээс нүүрний будаг авах мөнгө эцэг эхээсээ асууж, сэжүүр өгөхөөс болгоомжлон, маркер ашиглан зовхио будаж тэмцээнд өрсөлдсөн байна.

Ким Со Ён наснаасаа илүү хөгшин харагддаг байсан гэдэг. Энэ нь түүний үзэсгэлэнтэй царай, гайхалтай бие галбирын тусламжтай, урлагийн салбарт эртнээс хүчирхэг дүрүүдийг бүтээхэд нь тусалжээ. Үүний зэрэгцээ загвар өмсч, сурталчилгаанд тоглодог болсноор эцэг, эхээсээ "зөвшөөрөл" авч чадсан байна. Хэсэг хугацааны туршид Ким өөрийн үе тэнгийн жүжигчид дунд хамгийн өндөр орлоготой нь байв. Түүний зорилго жүжиглэх байсан тул Дунггүк их сургуулийн Театр, киноны ангид элсэн орж, мэргэжлийн жүжигчний сургалтад хамрагджээ.

ЖҮЖИГЧИН КИМ СО ЁН

Ким 14 настайдаа "Үлэг гүрвэлийн багш" олон ангит кинонд тоглож, “SBS Drama Awards”-аас шилдэг залуу эмэгтэй дүрийн шагнал хүртжээ. Энэхүү анхны амжилтаасаа хойш төд удалгүй 90-‘Reporting for Duty’ болон ‘Soonpoong Clinic’ зэрэг алдартай драмын гол дүрд тоглосон. Энэ бол түүний карьерийн эхлэл байж. Гэнэт Ким Со Ёныг телевизийн сурталчилгаанаас авхуулаад сэтгүүлүүд хүртэл модель болгож, тоглуулахыг хүсэх болов. Мөн Ким Со Ён алдартай "Inkigayo" хөгжмийн шоуны хөтлөгчөөр ажиллаж байжээ.

Ким Со Ёны дебют кино нь 1997 оны “SBS”-ын “Өөрчлөлт” болсон юм.

Ким Со Ёны асар их авьяас чадварыг харуулсан бүтээл 2000 онд гарсан "All About Eve" кино байсан ба Ким хууран мэхлэгч, аймшигтай, хорон санаатай, гэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэйн дүрийг гайхалтай бүтээсэн. Киноны цус сорогч эмэгтэйн дүрд Өмнөд Солонгосын үзэгчид төдийгүй олон улсын үзэгчид ч дурлаж байв. Гэхдээ тус дүр түүний нэгэн "сул тал"-ыг тодотгожээ. Ким Со Ёнд “All About Eve” киноноос хойш үргэлж хорон санаатны дүрд тоглох хүсэлт ирэх болсон байна.

Үүний улмаас зарим саналуудаас татгалзаж эхэлсэн бөгөөд энэ нь эргээд түүний карьерт маш муу нөлөө үзүүлжээ. Дараагийн хэд хэдэн дүрүүд нь салахыг хүсч байсан дүр төрхийг арилгахад нь ямар нэгэн байдлаар тусалсан гэж Ким Со Ён нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Гэсэн хэдий ч 2005 онд Хятадын "Долоон сэлэм" кино түүний карьерт маш том цохилт болжээ. Энэ кино нь түүний чадварыг Хятадад улам бүр өсөн нэмэгдэж буй шүтэн бишрэгчдээ харуулах байсан ч ашиг орлого нь зардлаа даваагүйгээс уналтад орсон аж. Тус кино амжилт олоогүй тул Ким Со Ён сэтгэлээр маш их унаж, гурван жил дэлгэцийн урлагаас чөлөө авчээ. Тухайн үед  Ким Со Ён жүжигчний карьераа үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэж байв. Гэхдээ тэрбээр хандлагаа өөрчлөн, 2008 онд “Gourmet” кинонд тоглосноор урлагийн салбарт хүч үзэх хүсэл тэмүүлэл нь буцан иржээ.

АМЖИЛТ БА ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ

Ким Со Ён 2009 онд "Iris" хэмээх тагнуулын триллер цувралд тоглож, Хойд Солонгосын мөрдөгчийн дүрийг бүтээсэн. Дүрийнхээ төлөө үсээ богиносгож, дүрдээ гүн орсон ба үүний үр дүнд олон нийтээс өндөр үнэлэмж авчээ. Тус сериал амжилттай болж, тэр жил Ким “SBS Drama Awards”-аас шагнал хүртсэн юм.

Ким Со Ён цаашид үзэгч олны хүндэтгэлийг хүлээсэн дүрүүд бүтээж, хэд хэдэн удаа шилдэг эмэгтэй шагнал хүртсэн байдаг. Мөн нэгдүгээр сарын 1-нд “SBS”-ийн “Шилдгийн шилдэг эмэгтэй жүжигчин" гранпри шагнал хүртсэн юм. Урлагийн халуун тогоонд 28 жил ажиллаж, 36 номинацид нэр дэвшсэнээс 24 шагналын эзэн болжээ. АНУ-ын “Forbes” сэтгүүлээс 2021 онд гаргасан “Хүчирхэг солонгос алдартнууд” буланд 24 дүгээр байранд орж, дэлхий дахинаа алдар нэрээ цуурайтуулсан аж. Ким Со Ён нийт гурван удаа “Дэсан” буюу “гранпри” шагналд нэр дэвшсэний хоёрт нь өөрийн авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ үнэлэгдэж шагнал авсан юм.  Мөн өөрийн байр суурьдаа үнэнч байснаар 2021 оноос эхлэн Засгийн газрын “Lottery” элчээр ажиллаж байна.

Тэрбээр 2020 онд “SBS” телевизийн "Пентхаус: "Амьдрал дахь дайн" кинонд хорон муу боловч алдартай сопрано, хөгжмийн сургуулийн захирлын дүрд тоглосноор дэлхийг байлдан дагуулсан. Ким энэ дүрийг 20 жилийн өмнөх “All About Eve” киноны алдарт хорон санаат дүртэй зүйрлэж, "Энэ цувралын гол зорилго нь хүмүүс эмэгтэй хорон санаатны тухай бодохдоо Чон Со Жинийг санах болно” гэжээ. Тус цуврал нь улсын хэмжээнд 28.8 хувийн үзэгчдийн дээд үнэлгээ авч, дахин хоёрдугаар улирал гарснаар Ким дүрээ дахин бүтээсэн. Нэмж дурдахад, Ким 57 дахь удаагийн “Baeksang Arts Awards”-аас Телевизийн шилдэг эмэгтэй жүжигчин болжээ.

ГОО БҮСГҮЙН СЭТГЭЛ ЗҮРХ

Ким Со Ён өөрийн нөхөртөө хэнээс ч илүү хайртайгаа шоу нэвтрүүлгийн үеэр хэлжээ. Хосууд шахуу цагийн хуваарьтай байдаг байж. Тиймээс хамтдаа цагийг өнгөрөөх зорилгоор өглөө эртлэн босч болздог байсан гэжээ. Тэд хамтдаа 2016 онд “Happy Home” кинонд тоглосон цагаасаа эхлэн хором мөч бүрийг нандигнаж байв. Түүний нөхөр И Сан Ү мөн жүжигчин мэргэжилтэй. Тэд анхны харцаар нэгэндээ татагдсанаар 2016 оны есдүгээр сарын 6-нд олонд нийтэд үерхлээ ил болгосон байдаг. Хосууд өдөр бүр өглөө эрт уулзалдаж байснаас үүдэн ядаргаанд орсон тухай Ким Со Ён дурсч инээлдэх дуртай аж. И Сан Ү нэгэн ярилцлагадаа эхнэр нь бодит амьдрал дээрээ их зөөлөн, болхи, хүүхэд шиг зантай тухай ярьсан байна. Мөн “Пентхаус” кинон дээрээ гаргадаг бүх царайны хувирлыг нь харж байснаа дэлгэн инээж байжээ.

Хосууд 2017 онд хуримаа хийж, бал сараа Австри улсад өнгөрөөсөн байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж