Казахстанд 30 жилд болоогүй том бослого гарав

Хуучирсан мэдээ: 2022.01.06-нд нийтлэгдсэн

Казахстанд 30 жилд болоогүй том бослого гарав

Казахстанд 30 жилд болоогүй том бослого гарав

Казахстан улсад хийн үнийг нэмэгдүүлснээс болж бослого гарснаар Ерөнхийлөгч Касым Токаев хоёр долоо хоногийн хугацаатай онц байдал тогтоолоо. Казахстаны хамгийн том Алматы хот болон баруун хэсгийн Мангистау мужид өчигдөр өглөө эсэргүүцлийн жагсаал гарч, богино хугацаанд өргөн хүрээг хамарч, үймээн дэгдсэн  юм. Улмаар тус улсын ерөнхийлөгчийн цахим хуудаст Казахстаны засгийн газар огцорсон тухай бичсэн байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг парламентын гишүүд ямар ч эсэргүүцэлгүй дэмжсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Онц байдал тогтоосноор шөнийн цагаар /23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл/ хөл хорьж, Алматы хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, жагсаал цуглааныг хориглосон талаар Казахстаны ерөнхийлөгчийн вебсайтад бичсэн байна.

Касым Токаев хэлэхдээ, “Засгийн газар, цэргийн албан газрууд руу дайрахыг уриалах зэрэг нь хууль бус. Засгийн газар зөрчлийг биш хэлэлцээ, харилцан итгэлцлийг хүсч байна” гэж мэдэгджээ. 19 сая хүн амтай Казахстан улсад иргэд жагсаал, цуглаан хийхийн тулд урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Онц байдал тогтоосны дараа Казахстанд олон нийтийн сүлжээ буюу “WhatsApp”, “Facebook”, “Telegram” зэрэг сайтуудыг хаасан байна.

Газрын тосны арвин нөөцтэй Казахстан улсын засгийн газраас өмнөх өдөр нь шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа зарласнаар ийнхүү ард түмний эсэргүүцэлтэй тулгарчээ. Учир нь Казахстаны ард иргэдийн олонх үнэ хямдыг нь бодож газан хөдөлгүүртэй автомашин унадаг аж. Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд газ нь бусад шатахуунаас хамаагүй хямд байдаг байна. Гэтэл Касым Токаев мужийн захирагч нарт хандан газ, дизель түлш зэрэг бусад хэрэглээний чухал барааны үнэд нөлөөлдөг шингэрүүлсэн хийн үнийг дорвитой нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ.

Засгийн газраас Магнистау мужид шингэрүүлсэн хийн үнийг литр нь 50 тенге буюу ойролцоогоор 11 центэд хүргэж нэмэгдүүлэхээ зарласан байна. Энэ нь зах зээлийн ханшийн 50 хувиас бага үнэ гэдгийг Касым Токаев мэдэгдсэн аж. Мөн Хувийн дампуурлын тухай хуулийг боловсруулж, ядуусын түрээсийн төлбөрт дэмжлэг үзүүлэх зэрэг засгийн газарт үүрэг болгосон байв.

Эсэргүүцлийн жагсаал нэгдүгээр сарын 2-нд газрын тосны үйлдвэрлэлтийн төв Жанаозен хотноо анх гарсан байна. Уг хотод 10 жилийн өмнө эсэргүүцлийн жагсаал гарч, цагдаа нар жагсагчидтай мөргөлдсөнөөс олон хүн амь үрэгдсэн түүхтэй. Өмнө нь 2011 онд цалингаа нэмэгдүүлж, ажиллах нөхцлөө сайжруулахыг шаардан, ажил хаясан газрын тосны 16 ажилтныг цагдаа нар хөнөөснөөс үүдэн нийтийг хамарсан жагсаал болж байв.

Жанаозен хотод эхэлсэн эсэргүүцлийн жагсаал богино хугацаанд Мангистау мужийн бусад хэсгүүд, баруун хэсгийн хотуудад тархсанаар нийтийг хамарсан бослого болон хувирсан байна. Эсэргүүцлийн жагсаал Казахстаны газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч монополь “Тенгизшевройл” компанийн салбарууд байрладаг хотуудад ч гарчээ. Харин компанийн зүгээс үйлдвэр, олборлолтын талбайнууд жагсаалд өртөөгүй гэсэн байна.

Алматы хотын төв талбайд жагсаал эхэлмэгц цагдаа нар хүч нэмэгдүүлэн ажиллаж, хэдхэн цагийн дараа зэргэлдээ гудамжуудад тэсрэх бөмбөг дэлбэрэх чимээ гарсныг хэвлэлүүд мэдээлжээ. Интернэтэд нийтлэгдсэн видео бичлэгт цагдаагийн машинууд шатаж, жагсагчдын эсрэг хуягт техникүүд ашиглаж байгаа нь гарсан байна. Үймээний үеэр Алматы хотын даргын албан газар руу нэвтрэхийг завдсан олон зуун жагсагчийг хориглохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, чанга дуутай тэсрэгч зэргийг ашигласан байна.

Касым Токаев бол ЗХУ-ын үеийн Казахстаны удирдагч Нурсултан Назарбаевын баруун гар юм. Тэрбээр Назарбаевыг 2019 онд суудлаасаа буусны дараа парламентын 100 хувийн дэмжлэгээр Казахстаны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Өдгөө 80 гарсан Назарбаев нь баруун гараа Казахстаны ерөнхийлөгчөөр тавьж, удирдан чиглүүлдэг. Тэрбээр өдгөө тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийг даргалж байна.

Баруун Европын орнуудыг нийлүүлснээс ч том газар нутагтай Казахстан нь газрын тосны арвин нөөцтэй бөгөөд 2020 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ нь 9000 ам.доллар болж өсчээ. Казахстаны хувьд өнгөрсөн 2021 он бол улс төр, нийгмийн шинэчлэлтүүдийг хийж, цар тахлаас эдийн засгаа сэргээсэн амжилттай жил байсныг тус улсын засгийн газраас мэдээлэв.

Тусгаар тогтнолоо зарлаад дөнгөж 30 жил болж буй тус улс нь богино хугацаанд хөгжиж буйгаараа олон улсын анхаарлыг татдаг. Тодруулбал, Казахстаны ДНБ нь өнгөрсөн хугацаанд 17 дахин нэмэгдсэн ба иргэдийн орлого 10 дахин нэмэгдсэн байна. Үүний ачаар иргэдийн дундаж наслалт 71 болж нэмэгдсэн байдаг.

Казахстан улс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх амбицтай. Тухайлбал, өнгөрсөн 2021 оны эхний есөн сард холбооны орнуудтай хийсэн худалдаа 32.5 хувиар нэмэгдэж, 52 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж