Ерөнхий сайд Дарханы замыг 2023 онд дуусгахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Дарханы замыг 2023 онд дуусгахыг үүрэгдэв

Ерөнхий сайд Дарханы замыг 2023 онд дуусгахыг үүрэгдэв

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. Он дамжин үргэлжилж буй бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгчээ. Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг салбарын сайд нь ахлахаар болсон байна.

Л.Халтар сайд өнгөрсөн 2021 оны аравдугаар сард "Дарханы зам яах вэ. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь чухал. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь нь байдаг. Нуугаад яах вэ, гүйцэтгэгч компанид гэрээ цуцлах маргаанаас болж 2021 оны хавар ажил хийгээгүй. Зарим гүйцэтгэгч компаниудын кэмпүүдэд Covid-19 гарч тэг зогссон ч тохиолдол гарсан. Гэхдээ бид бороо орлоо, Covid-19 гарлаа хэцүү байна гэж уйлан дуугараагүй. Заримдаа би гайхдаг. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил удааширч, ажил нь бүтэмжгүй байгаасай гэж боддог цөөн хүн байдаг юм шиг байна билээ. Бид 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай замын хөдөлгөөнөө нээхийн төлөө зорьж байгаа. Ажлаа шахаж байна. Тиймээс эхэлсэн бол дуусна. Үүний төлөө бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Өвөл зарим ажлуудыг хийнэ. Бухимдал байгааг ойлгож байгаа ч  замаар инээгээд алхах өдөр ирнэ” гэж мэдээлсэн нь олны шүүмжлэлд өртөж байв. 

Дашрамд дурдахад, уг төсөлд Үндэсний аудитын газраас өнгөрөгч оны сүүлийн дөрвөн сарын турш хяналт, шалгалт хийж, дүгнэлтээ гаргажээ.  Уг дүгнэлтэд замын чанар, стандарт тааруу байсантай холбоотой анхаарал татахуйц дүгнэлтүүд гарсан бөгөөд тодруулбал хучилтын зузаан төлөвлөснөөсөө нэг см-ээр багассан, санхүүжилтийн  20.6 сая ам.долларыг юунд зарцуулах нь тодорхойгүй, богино хугацаанд чанаргүй ажил гүйцэтгэсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.  Энэ бүхнээс харахад дуусдаггүй Дарханы зам хэзээ ашиглалтад орж, ард иргэдийн санаа амарч, ажил амьдрал жигдрэх вэ, хэн үүнд хариулт өгөх вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж