Тайваньд амьдарч буй дунд ангийн сурагч У.Мөнххасар туялзуур сэлэмний спортоор шаргуу хичээллэж, 2021 онд Тайваньд болсон дунд сургуулиудын үндэсний спортын наадмын туялзуур сэлэмний спортын төрлөөр багийн төрөлд алтан медаль хүртлээ. Тайваньд авъяас чадвараараа тодрон гарч ирж буй монгол хүү цаашдаа өндөр амжилтууд тогтоон, олон улсын тавцанд гарна гэдэгт бат итгэлтэй байна.
Тайванийн хэвлэлд мэдээлснээр У.Мөнххасар найман настай байхдаа эцэг эхтэйгээ Тайваньд суурьшин амьдрахаар иржээ. Тэрбээр спортын авьяастай учир бага дунд сургуульд байхдаа сагсан бөмбөгийн багт элсч, ахлах ангид орсныхоо дараа багшийнхаа зөвлөснөөр туялзуур сэлэмний спортоор хичээллэх болсон нь түүний амьдралд томоохон эргэлт болсон.
Туялзуур сэлэм нь У.Мөнххасарын анхаарлыг татаж, түүнийг өөртөө итгэлтэй болгосон. Тэрбээр өдгөө дунд сургуулийн гуравдугаар ангид (Монголын 9-р ангитай дүйцэхүйц) суралцаж байгаа бөгөөд ирэх жил сургуулиа төгсөөд олон улсын тэмцээнд оролцох эрхээ авахын тулд сэлэмний ур чадвараа үргэлжлүүлэн ахиулах болно.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “У.Мөнххасардаа шаргуу хөдөлмөрлөж, өөрийнхөө болон төрөлх нутгийнхаа (Монголын) нэрийг мандуулж яваад баяр хүргэе. Сүүлийн жилүүдэд Тайванийн тамирчид олон улсын тэмцээнд удаа дараа сайн амжилт үзүүлж байна. Мэргэжлийн бейсбол, сагсан бөмбөг болон бусад спортын төрлүүдэд амжилт үзүүлэхийн сацуу цар тахлаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байна. Цар тахлын эхэн үед спортын тоглолтуудыг үзэгчдэд нээлттэй болгосон нь олон улсын анхаарлыг татсан. Тайвань, Монголын ард түмэн спортоор хичээллэж спортын тэмцээн уралдаанд оролцох дуртай, төр засаг ч биеийн тамир спортын хөгжлийг дэмждэг. Мөнххасартаа ирээдүйд өөрийн хүссэнээрээ олон улсын тавцанд гарахыг хүсэн ерөөж, цар тахал намжсаны дараа Тайвань, Монголын спорт сонирхогчид болон спортын тамирчид харилцан солилцож бие биенийхээ түвшинг дээшлүүлнэ гэдэгт найдаж байна” гэв.
Холбоотой мэдээ