Covid-19-ийн тархалтаас шалтгаалж, цагаан сарын баярыг иргэд өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриалсан. Мөн албаны хүмүүс халдварын омикрон хувилбар нэгдүгээр сарын сүүлчээр тархах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Тэгвэл цагаан сарын өдрүүдэд хөл хорио тогтоох эсэх талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.
УОК: ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙГЭЭР ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ЧАНГАТГАНА
Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өчигдөр /2022.1.4/ Эрүүл мэндийн яам болоод бусад холбогдох газрын хүмүүстэй халдварын тархалтын талаар ярилцжээ. Уулзалтаас ямар шийдвэр гарсан болон омикрон хувилбар дотоодод бүртгэгдвэл хөл хорио тогтоох эсэхийг асуулаа. Улсын онцгой комиссын зүгээс Covid-19 халдварын омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахаар уулзалт зохион байгуулсан.
Хариу арга хэмжээний төлөвлөгөөнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа холбогдох байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулахаар болсон.
Мөн Covid-19-ийн дараах нөхөн сэргээх эмчилгээний арга зүйг боловсруулах зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон гэсэн юм. Харин хөл хорио тогтоох талаар яриагүй бөгөөд халдварын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг чангатгах талаар судалж байгаа аж.
БШУЯ: ЗАЙНААС СУРАЛЦАХ БОЛОМЖГҮЙ СУРАГЧДЫН ЭРХ ДАХИН ЗӨРЧИГДӨХ ЭРСДЭЛТЭЙ
Салбар яамнаас цар тахлын нөхцөл байдалд тохирсон арга хувилбаруудыг санал болгож, хэрэгжүүлж байгаа. Одоогоор яаманд хөл хорио тогтоох болон сурагчдын амралтыг сунгах талаар яриагүй. Эрсдэлтэй гэж үзэж холбогдох газруудаас журам гаргавал шийдвэрийг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, сурагчдын хичээл хоцрогдлыг ирэх улиралд хэрхэн нөхөх талаар анхаарч байна. Хэрэв дотоодод омикрон хувилбар бүртгэгдлээ гэхэд танхимын сургалтыг тасалдуулахгүй хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг мөн судалж байгаа. Танхимын сургалтыг нөхөхөд хүндрэлтэй байгаа учир сурагчдын амралтыг аль болох сунгахгүй байхад анхаарч ажиллаж байна.
Цар тахлын онцгой үед дэлхий нийтээр дасан зохицож байгаа учраас их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болоод цэцэрлэгийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нь угтаа зөв.
ЭМЯ: ХӨЛ ХОРИО ТОГТООХ ЭСЭХ ТАЛААР СУДЛААГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас халдварын дараагийн давалгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй хэдий ч халдварын оргил үе дахин гарахаас сэргийлж бэлэн байдалд ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн. Эм, эмнэлгийн хэрэгсэл, яаралтай хүлээн авах орны нөөц болоод эмч, ажилчдын халдвараас урьдчилан сэргийлэх гээд олон зүйл дээр ач холбогдол өгч байгаа гэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч олон оронд бүртгэгдээд байгаа омикрон хувилбараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж буй. Одоогоор Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох талаар албан мэдээлэл, шийдвэр огт гараагүй гэх тайлбарыг өглөө.
Мөн улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд Covid-19-өөс гадна томуу, томуу төст өвчин 10 мянган хүнд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байгаа аж.
Орон нутгийн тухайд Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгууд идэвхжлийн түвшинд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Төв аймгууд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа учир томуу томуу төст өвчин болоод бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарч байгаа гэсэн юм.
ХӨСҮТ болон НЭМҮТ-өөс сар шинийн баяраар халдварын тархалт ихэсч, шинэ хувилбар тархах эрсдэлтэй байгаа энэ үед бэлэн байдлыг хэрхэн хангасныг тодруулахад холбогдох судалгаа, шинжилгээг хийж байна. Цар тахлын дельта, альфа хувилбар тархахад хариу арга хэмжээ, зохицуулалтыг хийж байсантай адил халдварын эрсдэлийн үнэлгээ, тусгаарлах болоод эмчилгээг хийнэ. Мөн ойрын болон дундын хугацааны төлөвлөгөө, яамнаас ирсэн чиглэлийн дагуу ажиллана гэх тайлбаруудыг тус тус өглөө.
Ямартай ч халдварын шинэ хувилбар Монгол Улсад тархах эрсдэл өндөр бөгөөд хөл хорио тогтоох нь нийгэм, эдийн засгийн амьдралд сөргөөр нөлөөлөх учир одоогоор холбогдох аль ч газар судалгааны шатанд ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ