АНУ-ын Охио мужид амьдардаг бяцхан иргэн Жалейн Сазерланд өнгөрсөн хэллоуины баяраар Английн Хатан хаан II Элизабеттагийн дүрд хувирчээ. Бяцхан охин нэгхэн настай бөгөөд давхар энгэртэй үзмэн ягаан хүрэм, өнгө дагуу малгай, сувдан зүүлт, цагаан хиймэл үсээр гоёсон байв. Ээж Кателин нь түүний зургийг дарсан бөгөөд хатан хааны ордноос талархлын захиа хүлээж авна чинээ санаагүй гэнэ.
Охин коргис үүлдрийн нохойтойгоо хамт зургаа даруулсан байжээ. Хатан хаан II Элизабетта 2015 оныг хүртэл тус үүлдрийн нохойнуудыг тэжээдэг байсан бөгөөд нас барсных нь дараа нохой нь харах хүнгүй үлдэнэ гэхээс эмээж, тэжээхээ больсон. Түүний хамгийн сүүлийн нохой Виллоу нь 2018 онд нас баржээ.
Охины ээж зургийг Хатан хаанд илгээсэн бөгөөд коргис нохой охиных нь хамгийн сайн найз гэдгийг илэрхийлэхийг зорьсон байна.
Ээж охин хоёрт ирсэн захидалд “Таны охины гоёмсог хувцасласан зургийг Хатан хаан тун таатай хүлээж авсан. Та бүхэнд зул сарын баярын мэнд хүргэе” гэсэн байжээ.
Эх сурвалж: NEWSHUB
Холбоотой мэдээ