МАН-ын “мода”-наас гардаггүй хууччуул

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

МАН-ын “мода”-наас гардаггүй хууччуул

МАН-ын “мода”-наас гардаггүй хууччуул

Монгол Улсын тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дагуу эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 настайд тэтгэвэрт гарах хуультай. Гэтэл МАН-д тэтгэвэртээ суух цаг нь болсон ч төрийн албыг хашсаар байгаа хүмүүс цөөнгүй бий. Намын дарга, цэргээс эхлүүлээд насаараа улс төрийн алба хашсан тэднийг МАН хэзээ ажлаас нь чөлөөлөх вэ?


ЗГХЭГ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж улс төрийн арвин түүхтэй. Саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө шилжилтийн үеийн гол ачааг үүрэлцсэн хүний нэг гэдгээ тодотгожээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр 28 жил ажиллаж, долоон Засгийн газрын нүүр үзсэн. Түүнд С.Зоригийн хэрэг, Үндсэн хуулийн өөрчлөлт, шударга бусын хонгил гээд  яриагүй сэдэв үлдсэнгүй. Хоёр жилийн өмнө УИХ-д нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Энэ дагуу түүнийг олон хүн улс төрөөс явах нь гэж харж байсан ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтсан нь олныг багагүй бухимдуулсан юм.  Тэрбээр 34 настайдаа тэргүүн дэд сайдаар сонгогдож, түүнээс хойш албан тушаалд "хадаатай" яваа Ардын намынхны нэг. Өдгөө 66 настай тэрбээр Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар солигдох дүйвээнд ажлаа өгөх эсэх нь ч эргэлзээтэй байгаа. Улс төрийн тавцанд “мэнгэт” хэмээн алдаршсан түүнийг улс төрөөс яваагүй цагт шударга ёс тогтох нь юу л бол.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ

“Титэм үг”-ээр алдаршсан тэрбээр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр ажилласныхаа дараа Оюутолгойтой нэр холбогдсон.  МАН засгийн эрх барих бүрийд "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн гишүүнээр томилогдож ирсэн хүн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Тэрбээр 2009-2012 он хүртэл Засгийн газраас Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож, Ардчилсан намын үед хэсэгхэн завсарлаад 2016 оноос "төрхөмдөө" буцсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн Монголы талын ТУЗ-ийн мөнхийн төлөөлөгч гэхэд ч буруудахгүй.  Энэ хугацаанд уг төсөлтэй холбоотой маргаан олон гарч, сайжруулах шаардлага тавьж ирсэн ч Н.Багабандийн ямар нэгэн үг хэлж байгаагүй.  Тэрбээр МАН-ын "чимээгүй нууц ноёнтон" гэгдэх нь бий.   2020 онд “Титэм үг” номын 1000 ширхгийг  “Эрдэнэт” үйлдвэрт 25 саяар шахсан нь ил болж "өсөхийн өлөн арилдаггүй" болохоо харуулсан.  Өдгөө 72 настай түүнийг МАН тэтгэвэрт нь суулгаж чадах нь юу л бол. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Н.Багабандийг "Оюутолгой"-н ТУЗ-аас солино гэж байсан ч одоо ч өөрчлөгдөөгүйг бодоход үнэхээр МАН-ын нууц ноёнтон мөн бололтой. Тэрбээр Ц.Нямдоржийг улс төрд хөтлөн оруулсан хүн гэгддэг.

УИХ-ЫН ДАРГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

УИХ-ын найм дахь сонгуульд өвдөг шороодсон МАН-ын ахмад гишүүдийн нэг Д.Лүндээжанцан. Өдгөө УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Түүний улс төр дэх түүх Ц.Нямдоржийнхтой төстэй. Ц.Нямдоржтой нэгэн үе тул тэрбээр долоон Засгийн газрын нүүр үзэж, 25 жил парламентад сонгогдон ажилласан.  Өнгөрсөн дөрвөн жил парламентад байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажилласан. Тэрбээр 2020 оны сонгуульд өрсөлдөх үеэр сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Би бол гадаадын парламентын насны дундаж насан дээр байгаа хүн. Одоо ирэх арваннэгдүгээр сарын 25-нд 63 нас хүрнэ. Энэ бол улстөрчийн дундаж нас” гэж өөрийгөө тодотгожээ. Өдгөө 65 настай тэрбээр УИХ-ын даргад зөвлөсөн шигээ сууж байна.

“ЭРДЭНЭТ”-ИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН

“Эрдэнэт”-ээр овоглодог Х.Бадамсүрэн өнгөрөгч сард болсон МАН-ын Их хуралд хүүтэйгээ оролцсон нь дараагийн үеэ бэлдэж буй гэх хардлагад өртсөн. Эргэн сануулбал, түүнийг МАН-ынхан 2016 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Төрийн албанд 32 жил ажиллахдаа дөрвөн жил улс төрийн албанд ажиллаж байжээ. Тухайлбал, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. Өдгөө 67 настай түүнийг залуу үедээ халаагаа өгөх болсныг сануулах хүмүүсийн ихэнх нь намынхан нь бөгөөд ард нь "Эрдэнэт"-ийг авах амбиц нуугддаг. Тэрбээр Монголын хамгийн өндөр цалинтай захирлуудын нэгд тооцогддог.

ШАДАР САЙД АСАН Ө.ЭНХТҮВШИН

Шадар сайд асан Ө.Энхтүвшин өдгөө 64 настай. Тэрбээр УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдсон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг нэр хүндтэй, хариуцлагатай албыг хашиж байсан. 2012 оны долдугаар сараас 2013 оны арваннэгдүгээр сарын 21 хүртэл МАН-ын даргаар ажиллаж байв. Ийнхүү 2017 оны аравдугаар сарын 18-наас Шадар сайдаар ажилласан. Оны өмнөхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар явах итгэмжлэх жуух бичгийг нь өгсөн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж