Эрх баригчид эрх мэдлийн төлөө “зодолдож” байна

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Эрх баригчид эрх мэдлийн төлөө “зодолдож” байна

Эрх баригчид эрх мэдлийн төлөө “зодолдож” байна

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар “давхар дээл”-ийн асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь эрх баригч МАН-ын фракциуд хоорондоо “дайтахад” хүргэв. Угтаа бол шинэ оны босгон дээр Цэцийн хуралдааныг яаравчлан товлож, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна хэмээн тооцоолж, аль фракцын хэн сайд болох вэ гэх тохиролцоо улс төрийн хүрээнд сэм өрнөж байлаа. Гэтэл, гэнэт Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулснаас үүдэж, хэрүүл үүсэв, МАН дотор.

Найман жилийн хугацаанд Үндсэн хуульд гар дүрэхгүй хэмээн амлаж байгаад хоёр жилийн өмнө эрх баригчид эцэг хуульд өөрчлөлт оруулсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд эрх баригч нам дотор “дан дээл”-тэй сайд нарыг сул байна хэмээн шүүмжилж, сөрөг хүчний гишүүдээр Цэцэд захиалга хүргүүлэхдээ тулсан.

Ингэхдээ зөвхөн Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах зорилгоор “давхар дээл”-тэй сайдын тоо заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж АН-ын хоёр гишүүн Цэцэд "авч очсон" гомдолдоо тодотгосон. Гэхдээ эрх баригч нам дотор энэ удаа Үндсэн хуульд гар дүрэхээр бол “давхар дээл”-ээс гадна Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх сонирхолтой хүн цөөнгүй бий.  Цэцийн хуралдааныг хойшлуулсан нь нэгд давхар дээлийн асуудлаар фракциуд тохиролцож чадаагүй, хоёрт, зөвхөн давхар дээлийг биш бусад асуудлуудыг тусгах ёстой гэсэн ойлголцлын зөрүү үүссэнтэй холбоотой.

МАН-ын жинхэнэ том дарга болоод удаагүй байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулахгүй бол сайд болох амбицаа дарж чадахгүй бүлэг, фракциуд өөр хоорондоо толхилцоод, муу сайнаа дэлгэлцээд эхэлснийг өчигдрийг Байнгын хороодын хурлын уур амьсгал нотлов.

Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан  байнгын хороо, чуулганы хуралдаан дээр нэгнийхээ асуудлыг гаргаж ирж тавиад, ил цагаан үзэлцэж эхэллээ. Хотын даргаас эхлээд сайд болох гэж байгаа нэгнээ ч намнаад эхэллээ. Хамгийн тод жишээ гэхэд Эдийн засгийн хөгжлийн сайдад яригдаж байгаа Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нар нэгнийхээ булхайг байнгын хороон дээр шүүмжилж, асуудлыг нь гаргаж байх жишээтэй. Шинэ оны өмнөхөн Б.Чойжилсүрэнгийн ахалдаг байнгын хороогоор “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол баталсан нь төмөр замын асуудалтай холбоотой байсан, энэ асуудал Ж.Ганбаатарын байнгын хороогоор орох байсан хэмээн шүүмжилж харагдана лээ.

Угтаа бол эрх баригчдын “зодоон” далд хэлбэрээр өрнөдөг байсан бол одоо бүр ил “зодолдож” байгаа нь сайдын суудлаа мөрөөдөн суугаа гишүүд хэр олон байгаа, хэр зэрэг их тачаадаж байгаагийн илрэл. Нөгөө талаар Л.Оюун-Эрдэнийн зурсан зурагт багтаагүй олон гишүүдийн хорсол удаан үргэлжилбэл Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэд өөрт нь хортой байх учраас энэ удаад тохиролцоогоо маш сайн хийж, Засгийн газрын бүтцээ зурах ёстой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар  намын удирдлагын түвшинд тохиролцоог эцэслэтэл энэ хэвээр гацаах, хойшлуулахаар тохиролцсон гэх ч албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 14-нд товлох сурагтай. Хэрэв товлосон хугацаандаа хурал болж, тохиролцоо хийж чадвал Цагаан сараас өмнө амжуулна гэх тооцоолол бий гэх.  Ямар ч гэсэн энэ асуудлыг намрын чуулганаар эцэслэнэ гэдэг дээр эрх баригчид нэгдсэн. Харин түүнээс урьтаад улс төрийн халуурлаа зөв тооцоолж, зөв хөдлөхгүй бол эрх мэдлийн төлөө юугаа ч зориулж мэдэхээр байна шүү, МАН-ынхан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж