Н.Тэгшбаяр: Атомын цахилгаан станц аймшигт утаанаас аварна

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Н.Тэгшбаяр: Атомын цахилгаан станц аймшигт утаанаас аварна

Н.Тэгшбаяр: Атомын цахилгаан станц аймшигт утаанаас аварна

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


ДЭЛХИЙН 31 ОРОНД 438 ЦӨМИЙН РЕАКТОР АЖИЛЛАЖ БАЙНА

-Хүн төрөлхтөн цөмийг илрүүлж, цөмийн эрчим хүч ашиглаж эхэлсэн түүхээр энэ удаагийн ярилцлагаа эхлүүлэх үү?

-Одоогоос 100 гаруй жилийн өмнө хүн төрөлхтөн цөм гэгч зүйлийг анх шинээр нээн илрүүлж, судалж эхэлсэн байдаг. Тодруулбал, анх 1896 онд Францын физикч А.Беккрель ураны давснаас нүдэнд үл үзэгдэх цацраг ялгарч буйг санамсаргүй тохиолдлоор олж нээжээ. Удалгүй Францын физикч Пери Кюри Польш гаралтай эхнэр Мари Кюригийн хамтаар цацраг идэвхийг нээж, уг нүдэнд үл үзэгдэх цацраг гурван янзын өөр шинж чанартайг илрүүлж, латин цагаан толгойн эхний гурван үсгээр Альфа, Бета, Гамма цацраг гэж нэрлэсэн байна. Харин 1911 онд Английн физикч Эрнист Резерфорд /Ernest Rutherford/ алтны нимгэн ялтсаас альфа бөөм сарниж байгааг илрүүлснээр атомын цөмийг анх илрүүлсэн түүхтэй. Ингээд энэ төрлийн судалгаа, шинжилгээ цааш үргэлжилж, Итали гаралтай, Америкийн физикч Энрико Ферми өөрийн багийн хамт цөмийн хуваагдлын явцад их хэмжээний энерги ялгарч, түүнийг удирдлагатайгаар явуулж болохыг анх туршсанаар хүн төрөлхтөн цөмийн эрчим хүч хэрэглэж эхлэх үндэс суурь тавигджээ.

-Хамгийн анхны цөмийн эрчим хүчний реактор хаана бүтээгдэж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-Зөвлөлт Холбоот Улс буюу одоогийн ОХУ-ын Обинскт анхны цөмийн реактор ажиллаж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ. Цөмийн эрчим хүчний станц гэдэг нь цөмийн хуваагдах гинжин урвалыг удирдлагатайгаар явуулж, эрчим хүч гарган авдаг төхөөрөмж юм.

-Өнөөдрийн байдлаар дэлхийн хэдэн оронд нийт хэчнээн цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байна вэ?

-2022 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн 31 оронд 438 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 390.000 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг нийлүүлж байна. Мөн 16 оронд 63 ГВт, 118 ГВт-ын хүчин чадалтай 55 реактор баригдаж, 109 реактор баригдахаар төлөвлөгджээ. Үүний дүнд одоогийн байгаа цөмийн эрчим хүчний чадал хоёр дахин өсөхөөр байгаа юм. 2050 онд дунджаар 1000 орчим цөмийн реактор ажиллана гэсэн судалгааг Европын “Эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх байгууллага”-аас гаргасан. Үүний ихэнх нь Зүүн Азийн орнууд, Хятад зэрэг улсад байх төлөвтэй байна.

2030 он гэхэд дэлхийн 48 орон цөмийн эрчим хүч ашигладаг болно. Түүнчлэн 55 оронд 250 гаруй судалгааны реакторыг судалгаа, шинжилгээний зориулалтаар, 180 орчим шумбагч хөлөг, мөс зүсэгч онгоцуудад ашиглаж байна.

-Цөмийн эрчим хүч ашиглаж эхэлснээс хойш цөмийн эрчим хүчний салбар тасралтгүй хөгжиж, дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувь нь нэмэгдсээр иржээ. Тэр хэрээр хүрээлэн буй орчны бохирдол, ялангуяа хүлэмжийн хийн асуудал бодитоор тулгарч байна. Энэ талаар юу хэлэх вэ? 

-НҮБ-аас гаргасан судалгаагаар ирэх 50 жилд эрчим хүч, ундны ус, хоол, хүнс, хүрээлэн буй орчин, ядуурал, терроризм болон дайн, өвчин эмгэгүүд, боловсрол, ардчилал, хүн амын өсөлт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдах томоохон 10 асуудлыг жагсаасан байна. Цөмийн эрчим хүчний бодлогоор уг томоохон асуудлуудаас эрчим хүч, ундны цэвэр ус, хүрээлэн буй орчны бохирдлын асуудлуудыг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулж чадах юм.

Дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын гол асуудал нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал байдаг. Дэлхийн хүн амын өсөлт, орлогын хэмжээ эрчим хүчний эрэлтийг тодорхойлох хүчин зүйл болдог. Дэлхийн хүн ам сүүлийн 100 жилд 4 дахин, эрчим хүчний хэрэглээ 22 дахин өсчээ. Дараагийн 20 жилд хүн ам дахин 1.4 тэрбумаар өсч, орлого нь 100 хувь нэмэгдэх тооцоо гарсан байна.

-Дэлхийн хэчнээн хүн эрчим хүчний хомсдолтой аж төрж байна вэ?

-Дэлхийн эрчим хүчний агентлагийн гаргасан судалгаагаар, өнөөдөр дэлхий дээр 1.6 тэрбум хүн эрчим хүчний хомсдолтой буюу эрчим хүчээр хангагдаагүй байна. Эндээс үүдэн эрчим хүчний хэрэгцээ шаардлага асар ихээр нэмэгдэнэ. Энэ их өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг тогтвортой, найдвартай эх үүсвэрээр хангах асуудал зүйн хэрэг болоод байна. Цөмийн эрчим хүч үүнд голлох байр суурь эзлэх нь дамжиггүй юм. Шатдаг түлшний нөөц хязгаарлагдмал ба эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад ноцтой асуудал тулгарах юм. Хүлэмжийн хийнээс үүдэлтэй цаг уурын өөрчлөлтийг хүн төрөлхтөн сүүлийн 200 жилийн туршид бий болгоод байна. Түүхий эдийн хязгаарлагдмал нөөц, экологийн бохирдол нь дэлхийн эрчим хүчний салбарын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал болсон.

Хүний үйл ажиллагаанаас дэлхийн дулаарал нэмэгдэж, тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шаардлага хурцаар тавигдаж байна. Тиймээс дэлхий даяараа энэ асуудалд анхаарал хандуулан, хүлэмжийн хийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээнүүдийг авах шаардлага бодитойгоор бий болоод байна. Энэ үед улс орнууд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд хүлэмжийн хий ялгаруулахгүй, байгальд ээлтэй, цэвэр технологи хэдий ч эдийн засгийн үр өгөөж муутай, өртөг өндөр, хязгаарлагдмал зэрэг нь сул тал болдог.

1 КГ ЦЭВЭР УРАН ОЙРОЛЦООГООР 1 САЯ КГ НҮҮРСТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАДАГ

 -Том гүрнүүд аль болох цөмийн эрчим хүчээс татгалзахыг уриалж, нар, салхи бусад эх үүсвэрээс эрчим хүч гаргаж авах талаар ухуулдаг. Гэвч хөгжингүй орон ч, хөгжиж буй нь ч цөмийн эрчим хүч ашиглах өндөр сонирхол нь буурдаггүйн гол шалтгаан юунд байна вэ?

-Цөмийн эрчим хүчний хувьд Цөмийн цахилгаан станцын түлш 1 кг цэвэр уран ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Энэ хэмжээгээр эдийн засаг, байгаль орчинд өндөр өгөөжтэй. Эндээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд цөмийн эрчим хүчийг ашиглах өндөр сонирхолтой байдгийн гол шалтгаан харагдаж байна. Агаарын бохирдол үүсгэхгүй давуу талтай. Цөмийн эрчим хүчний хувьд яригддаг сул тал нь цацраг идэвхит хаягдлын асуудал юм. Гэхдээ эргээд энэ гарч буй хаягдал эрчим хүчний шинэ эх үүсвэр бөгөөд түлш үйлдвэрлэх бүрэн боломжтой. Мөн улс орнуудад цацраг идэвхт хаягдлыг өндөр энергитэй бөөмөөр бөмбөгдөж, цацраг идэвхгүй болгох чиглэлийн судалгаа, шинжилгээ хийгдсээр, ойрын ирээдүйд дэвшил гарах боломж өндөр юм.

Фукушимагийн ослын дараагаар олон орон цөмийн хөтөлбөрөө эргэн харж, зарим улсууд бодлогоо өөрчлөн, сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвэртэй болохоор зорьсон. Гэвч өсөн нэмэгдэж буй хүн ам, байгалийн дулаарал, экологийн доройтол, эрдэс баялгийн хомсдол хурцаар тавигдаж байна. Үүнтэй холбоотойгоор дийлэнх орнууд цөмийн эрчим хүчний бодлогоо зогсоохоос илүү түүний аюулгүй байдал, түлшний менежментийг сайжруулах замаар мухардлаас гарч болно гэж үзэж байна.

-Цөмийн эрчим хүчнээс татгалзвал эргээд нүүрсний цахилгаан станц барих шаардлагатай болох болов уу?

-Цөмийн эрчим хүчээс хамааралтай Канад, Франц, Япон, Энэтхэг зэрэг орнууд, ялангуяа Япон улс цөмийн эрчим хүчнээс татгалзаж чадахгүй байна. Эдгээр улсын өөрийн уламжлалт эрчим хүчний түүхийн эдийн нөөц хомс байдаг. Цөмийн эрчим хүчний хэрэглэгээнээс татгалзвал уламжлалт эрчим хүчний түүхий эд болон эрчим хүчний үнэ огцом өснө. Эдийн засгийн хүчин зүйлээс гадна нэн чухал хүчин зүйл бол байгаль орчин юм. Цөмийн цахилгаан станцаас татгалзвал гол төлөв нүүрсний цахилгаан станц барих болно. Энэ нь эргээд байгаль орчинд хор нөлөө үзүүлж байгаа юм.

Европын холбооны улсууд 2020 он гэхэд 1990 онд агаарт гаргасан нүүрсхүчлийн хийг 20 хувь бууруулах үүрэг авсан. Байгалийн хийгээр цахилгаан станц гаргах эх үүсвэрийг байршуулах хувилбарыг харахад ОХУ-ын түүхий эдийн нийлүүлэлтээс бүрэн хамааралтай болохоор байна. Цөмийн эрчим хүчний салбар нь өндөр технологи, стратегийн салбар тул төрийн оролцоо ихтэй. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд төрийн өмчит байх нь түгээмэл.

-Гаднын хэвлэлүүдээс харахад цаашид дэлхийн цөмийн эрчим хүчний нийт үйлдвэрлэл улам өсөх хандлага ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн хичнээн орон цөмийн эрчим хүний технологи эзэмшиж байна вэ?

-Цөмийн технологи нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болох технологи учир цөмийн эрчим хүчний циклийн баяжуулалт, дахин боловсруулалт зэрэг шат дамжлага нь өнөө үед ч өндөр технологид тооцогдож, улс орнууд шинээр эзэмших нь олон улсад маргаантай асуудал хэвээр байна. Цөмийн эрчим хүчний технологийн томоохон экспортлогч болохоор зэхэж буй ОХУ болон хурдацтай өсч буй хүн ам ихтэй БНХАУ, Энэтхэг зэрэг улсын эрчим хүчний салбарт баримталж буй бодлогын улмаас цаашид дэлхийн цөмийн эрчим хүчний нийт үйлдвэрлэл улам өсөх хандлагатай байна. АНУ, Япон, Франц, Солонгос, ОХУ зэрэг улсууд цөмийн эрчим хүчний технологи экспортлогч гол томоохон тоглогчид. Эдгээр улсууд цөмийн салбараа хөгжүүлэх бодлого баримталж байгаа бол ХБНГУ зэрэг зарим улс орон цөмийн эрчим хүчээс татгалзахаа зарласан байдалтай байна. Цөмийн эрчим хүчний технологийг дэлхийн 31 улс эзэмшиж, эрчим хүч гаргах замаар ашиглаж байна.

Цөмийн реакторын технологи хурдацтай хөгжиж байгаа бөгөөд томоохон АЦС-аас гадна жижиг төрлийн цөмийн реакторууд бүтээж эхэлжээ. АЦС-ын реакторуудыг PWR-даралтат усны реактор, BWR-халуун усны реактор, PHWR-даралтат хүнд усны реактор, LWR-хөнгөн усны реактор зэргээр ангилдаг.

-Жижиг реакторын онцлогийн талаар тодруулъя?

-Олон улсын атомын энергийн агентлагийн тодорхойлсноор 300 Мваттаас бага хүчин чадалтай реакторыг жижиг реактор хэмээн үздэг. Жижиг реакторыг цөмийн технологийн салбарт тэргүүлэгч АНУ, Япон, Франц, ОХУ зэрэг улс орнууд эрчимтэй хөгжүүлж байна. Жижиг реактор нь шинэ үеийн реакторын технологи бөгөөд олон жилийн турш цэнэглэх шаардлагагүй, алслагдмал газар ашиглах боломжтой зэрэг онцлогтой.

-Цөмийн зэвсэг хийх түүхий эд гарган авахад ямар “шалгуур” давах шаардлагатай байдаг вэ?

-Цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураныг олборлож, боловсруулан шар нунтаг (U3O8) болгохоос цөмийн цикл эхэлдэг. Шар нунтгийг хөрвүүлэн UF6 болгодог бөгөөд үүнийг баяжуулан дахин хөрвүүлж UO2 болгон түлш хийдэг. Түлшийг АЦС-д ашиглана. Ашигласан түлш хаягдал болно, үүнийг дахин боловсруулж болно. Дахин боловсруулахад плутоний гарах бөгөөд үүнийг дахин түлшний циклд оруулан түлш гарган авдаг. Цөмийн циклийн хамгийн их анхаарал татсан хоёр үе шат нь ураныг баяжуулах, хаягдал түлшийг дахин боловсруулах шат юм. Учир нь эдгээр үе шатын технологийг эзэмшсэн улс цөмийн зэвсэг хийх түүхий эд гарган авах боломжтой юм.

-Азийн хувьд ирэх жилүүдэд цөмийн эрчим хүчний хэрэглээнд ямар төлөв ажиглагдаж байна вэ? 

-Зүүн Азийн орнууд, Энэтхэг, Хятад зэрэг улсад цөмийн эрчим хүчний хэрэглээ огцом өсөх хандлагатай байна. Энэтхэг улсын хувьд нийт 22 реактортой, нийт эрчим хүчнийхээ 3 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс хангаж байна. 2022 онд ашиглалтад орох 4.3ГВт хүчин чадалтай 6 ширхэг реактор баригдаж байна. 2050 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 25 хувийг цөмийн эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Энэ хүрээнд 17 ГВт хүчин чадалтай нийт 19 реактор баригдахаар төлөвлөгдсөн. Түүнчлэн ойролцоогоор 65ГВт чадалтай 58 реакторыг алсдаа нэмж барихаар төлөвлөжээ.

Харин БНХАУ-ын хувьд одоогийн байдлаар 38 цөмийн эрчим хүчний реактор үйл ажиллагаа явуулж, нийт эрчим хүчний 3.56 хувийг үйлдвэрлэж байна. Шинээр 19 реактор баригдаж байна. Цаашдаа цөмийн эрчим хүчний чадлыг дөрөв дахин нэмэгдүүлж, 2030 онд 200ГВт, 2050 онд 400ГВт-д хүргэхээр төлөвлөж байна. Хятад Улс одоо ч эрчим хүчний асар их дутагдалтай байгаа бөгөөд Эрчим хүчний төрийн бодлогодоо 120 ба түүнээс дээш цөмийн эрчим хүчний реактор барьж, эрчим хүч үйлдвэрлэхээр тусгажээ.

-Япон улсын хувьд?

-Япон улс дотоодын эрчим хүчний нөөцийн хомсдолтой байдлаас үүдэн 1970-аад онд эдийн засаг, стратегийн хамгийн гол салбар болох цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх үндэс болж байсан бол энэ асуудал цөмийн эрчим хүчний станцуудаа урт хугацаагаар хааснаас болж дахин хөндөгдөж эхэлсэн. Фукушимагийн ослын дараа Япон улс дүрэм журмаа чангатган, реакторуудаа унтрааж, нарийвчилсан хяналтын үзлэгт оруулсан. 50 гаруй реактороос эрчим хүчнийхээ 30 орчим хувийг хангадаг байсан тус улс маш хүнд байдалд орж, эдийн засгийн алдагдал хүлээх болсон.

Тус улсын засгийн газар цөмийн эрчим хүчний хяналт шалгалтаа сайжруулж, эрчим хүчний хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Одоогийн байдлаар 42 реактор ажиллах боломжтой хүлээгдэж байгаагаас 5 реактор эргэн ажиллаж эхэлсэн байна. Дараагийн 21 реактороо ажиллуулж эхлүүлэхээр байна. 2700 МВт хүчин чадалтай 2 ширхэг реактор одоогоор баригдаж, 17000 МВт хүчин чадалтай 12 реактор барихаар төлөвлөсөн хойшилжээ.

 ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ, АШИГЛАХАД ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ МАШ ЧУХАЛ

-Өмнөд Солонгост цөмийн энергийн салбар тэргүүлэх ач холбогдол бүхий стратегийн салбарт тооцогддог. 2017 онд тус улсын ерөнхийлөгч цөмийн эрчим хүчний хэрэглээг бууруулна гэж гэж мэдэгдээд, нэлээн шүүмжлэлд өртсөн санагдаж байна?

-Өмнөд Солонгос технологи экспортлогч дэлхийн цөмийн эрчим хүчний томоохон төлөөлөгч улс. Арабын Нэгдсэн Эмират улсад, өөрийн загварын 20 тэрбум долларын 4 реактор барих гэрээ байгуулан барьж байна. 24 реактор 22.5 ГВт эрчим хүч үйлдвэрлэж, Өмнөд Солонгосын цахилгаан эрчим хүчний гуравны нэгийг хангадаг. Шинээр 6600Мвт хүчин чадалтай 4 ширхэг реактор баригдаж байна.

Солонгос улс судалгааны анхны реактор ХАНАРО-гоо 1995 бүтээсэн. 2010 онд Йордан улсад уг судалгааны реактор барих гэрээг KAERI хийсэн. 2017 онд сонгогдсон шинэ ерөнхийлөгч цөмийн эрчим хүчнээс Өмнөд Солонгосын хамаарлыг багасгах талаар бодлого явуулна гэж мэдэгдсэн нь багагүй шуугиан дагуулж, мэргэжилтнүүд ч шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

-Казахстан ураны асар их нөөцтэй ч цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэггүй. Гэхдээ бага оврын хоёр ч реактор барихаар ОХУ-тай тохиролцсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-ОХУ, Япон улсууд цөмийн эрчим хүчний станц барих тал дээр яриа хэлэлцээр хийж, ойрын 10 жилд эрчим хүчний станцтай болохоор зорьж байна. Тус улс Оросын VBER-300 маркийн бага оврын 2 реактор барихаар төлөвлөж, 2025 онд ашиглалтад оруулахаар тооцсон байна.

-Манай хойд хөрш ОХУ-д өнөөдрийн байдлаар хэчнээн реактор ажиллаж, хэдэн ГВт цаг эрчим хүч үйлдвэрлэж байна вэ? 

-1990 оны дунд үеэс Оросын цөмийн эрчим хүчний үр ашиг эрс нэмэгдсэн. Цөмийн бараа, үйлчилгээний экспорт нь Оросын гол бодлого, эдийн засгийн зорилт юм. ОХУ хурдан нейтроны реакторын технологиор дэлхийд тэргүүлдэг. Өнөөдрийн байдлаар 35 цөмийн реактор ажиллаж, 179723.85 ГВтцаг (нийт эрчим хүчний 17.14 хувь) эрчим хүч үйлдвэрлэж буй. Нийт 5520 МВт чадалтай 7 ширхэг реактор шинээр баригдаж байна.

-Ойрхи Дорнодын хувьд?

-Арабын Нэгдсэн Эмират Улс олон улсын атомын энергийн агентлагтай нягт хамтран ажиллаж, олон нийтийн дэмжлэгээр цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө эхлүүлсэн. Өмнөд Солонгосын консорциумын 20 тэрбум ам.долларын өртөгтэй нийт 5.6 ГВт хүчин чадалтай 4 ширхэг APR1400 загварын станц барихаар гэрээлсэн. Иран хамгийн анхны эрчим хүчний реактороо ашиглалтад оруулсан, дахин илүү олныг барихаар төлөвлөсөн байна.

Египет 1000МВт 4 тэрбум ам.долларын өртөгтэй АРЕВА болон Вестингхаусын технологийг сонирхсон хэвээр байна. Түүнчлэн Саудын Араб, Йордан, зэрэг орнууд эрчим хүч гарган авах, ус цэвэршүүлэх зорилгоор цөмийн эрчим хүчний реактор барихаар ажиллаж эхэлсэн. Саудын Араб дараагийн 25 жилд 16 цөмийн эрчим хүчний реактор барихаар төлөвлөж байна. 2040 он гэхэд нийт эрчим хүчний 15 хувь буюу 17 ГВт эрчим хүчийг цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

-Цөмийн салбарт тэргүүлэгч АНУ дотоодын цахилгааны хэрэгцээний хэдэн хувийг хангаж байна вэ?

-100 орчим эрчим хүчний реактор дотоодын цахилгааны хэрэгцээний 19 хувь буюу 102.136 мегаваттыг хангадаг. Тус улс дэлхийд ажиллаж буй реакторын тоогоороо тэргүүлдэг. АНУ-д AP1000 шинэ загварын 4 реактор, баригдаж байсан боловч тэдгээрийн хоёр нь түр хугацаагаар зогссон. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд 1000 МВт-ийн 19 шинэ станц ашиглалтад оржээ.

-Цөмийн эрчим хүч, технологи бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Covid-19 цар тахлын үед хүчтэй “зэвсэг” болж байгаа болов уу?

-Монгол Улсад цөмийн технологийг олон салбарт хэрэглэдэг. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн халдварт өвчнийг эрт үед нь шууд оношлох, хавдрын үе шатыг тодорхойлох зэрэгт ашигладаг. Харин хүнс, хөдөө аж ахуйн салбарт ургамлын шинэ сорт гарган авах, малын үүлдэр угсааг сайжруулахад генетикийн судалгаа хийх, хөрсний үржил шимийг сайжруулах, ус цэвэршүүлэх, ургацын чанарыг сайжруулах, төрөл бүрийн бордоо гарган авах, хортон шавж устгах зэргээр бүх салбарт өргөн хэрэглэж байна. Дэлхийн хэмжээнд Covid-19-ийн шинэ вакцин гаргаж авахтай холбоотой тоног төхөөрөмжүүд цөмийн өндөр технологиуд дээр суурилж хийгдэж байна. Ер нь цөмийн технологи нэвтрүүлж, ашиглахад цөмийн болон цацрагийн хяналт маш чухал.

ХӨГЖИНГҮЙ ОРНУУД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦААР БҮХ АСУУДЛАА ШИЙДЭЖ БАЙНА

-Дэлхийн улсуудын ураны нөөц тийм ч тодорхой байдаггүй. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?

-Уран нь газрын хэвлий болон далай гүнд тархсан харьцангуй олдоц ихтэй байгалийн түүхий эд юм. Ураныг агууламжаар нь ураны агууламж ихтэй хүдэр, ураны агууламж багатай хүдэр, гранит гэх зэргээр ангилдаг. Дэлхийн нийт тогтоогдоод байгаа ураны нөөцийн 29 хувь Австрали улсад, 12 хувь нь Казахстанд, Канад, ОХУ-д тус бүр 9 хувь байна. Ураны нөөцийг тогтоогдсон, боломжит, өсөх магадлалтай нөөц гэх зэргээр ангилдаг.

Уран нь иргэний болон цэргийн технологид ашиглагддаг стратегийн чухал түүхий эд учраас улс орнууд өөрийн нөөцийг бүрэн хэмжээгээр мэдээлдэггүй байх магадлалтай. Жишээлбэл, ОХУ өөрийн газар нутгийн хэмжээнээс хамаарч Австрали улсаас ч их ураны нөөцтэй байх боломжтой юм. Улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс улбаалан цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх тутам ураны хэрэгцээ шаардлага өсч байна.

-Судалгаанаас харахад, дэлхийн ураны нөөц 5.9 сая.тонн гэж тогтоогджээ. Монголын хувьд ураны батлагдсан нөөц хэдэн тонн байдаг вэ?

-Монгол орон ураны арвин нөөцтэй. Нийт 141.500 тонн буюу дэлхийн нийт нөөцийн 2 хувийг эзэлдэг. Манай орны хувьд таамаг нөөцөөр 1.5 сая тонн гэж үздэг. Цөмийн эрчим хүчний станцуудад жилд ашиглагдах ураны хэрэгцээ 67 мянган тонн байдаг байна. Уран нь нэг талаас химийн хувьд хоруу чанартай.

Нөгөө талаас цацрагийн хувьд их эрсдэлтэй учраас хоруу чанараас нь сэргийлж байх учиртай. Эрдэм мэдлэгээр ураны хоруу чанараас өөрсдийгөө хамгаалах ёстой. Дээрээс нь ураныг хэн нэгэн авчраад тарьчихаагүй юм. Дэлхий үүсэхэд байсан учраас ураныг ашиглаж, олборлох нь хүн төрөлхтний өдөр тутам хийдэг ажлуудын нэг болсон.

-Хөгжингүй орнууд атомын цахилгаан станцаар бүх асуудлаа шийдэж иржээ. Зарим хүмүүс Монгол Улс атомын цахилгаан станц барих шаардлагатай гэдэг бол зарим нь үгүйсгэдэг. Атомын цахилгаан станц баривал ямар ашигтай вэ?

-Бид 300мгв-ын жижиг оврын реактор нэг аймагт нэгийг тавихад л хангалттай. Улаанбаатарт хоёр, гурвыг тавьчихаад, бүх зүйлийг цахилгаанаар шийдэх боломжтой. Ашиглалтад оруулж эхэлбэл утаанаас бүрэн салах боломжтой. Дээрээс нь цахилгаан гаргана гэхээр үйлдврлэлийн ач холбогдолтой, бага өртгөөр цахилгаан нийлүүлэх боломжтой. Хөгжингүй бүх орон атомын цахилгаан станцаар асуудлыг шийдэж байна. Улаанбаатар хотын утааг арилгахын тулд хийн дэд бүтцийг шийдэх ёстой.

Жижиг оврын атомын цахилгаан станцтай болох ёстой. Эрчим хүчний түгээлтийн дэд бүтцийн чадавхийг сайжруулж, хүчирхэг Монголыг бүтээхийн тулд авлигагүй болох ёстой. Атомын цахилгаан станцтай, иргэд өндөр боловсролтой болох ёстой. Хоёрдугаарт, эрдэм номтой хүмүүс судалж, шинжлээд хэлж байхад манайхан мэдэхгүй зүйлээ их шүүмжилдэг. Мэдэхгүйгээ мэдэхгүй Монгол зан байна шүү. Намайг Цөмийн энергийн агентлагийн дарга байхад компьютер томографын аппаратыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт авчирч суурилуулсан. Дараа нь 2020 онд Манлайжав даргын үед Улсын төв хоёрдугаар эмнэлэгт суурилуулсан. Ингэж байж Монгол Улс эрхтэн шилжүүлэх бүрэн чадамжтай болсон шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж