Кино урлагийн салбарынхан 10 жилийн дараа хуультай болсон ч хуулиа хэрэгжүүлэх бэлтгэл ажил нь Соёлын яаман дээр гацжээ. Товчхондоо, хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй яамныхан нь хоорондоо хоёр хуваагдсанаас болоод Кино урлагийг дэмжих тухай хууль кино ч үгүй хоцрох бололтой. УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа Соёлын сайд Ч.Номин хуулийн төсөлтэйгөө зэрэгцүүлээд журмаа боловсруулчихсан бэлэн гэж мэдэгдэж байсан удаатай. Гэтэл энэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд дагалдах журмууд нь одоо болтол батлагдаагүй байна. Үүний шалтгаан нь Соёлын сайд нарын хоорондын зөрчил болохыг ч урлагийнхан хэлж байна.
Ийнхүү сүр дуулиантайгаар баталсан Кино урлагийг дэмжих тухай хууль өнгөрсөн таван сарын хугацаанд дорвитой урагшилсангүй, дагалдах журмаа батлаагүй байна. Уг нь энэ хуулийг дагалдаад нийт найман журам батлагдах учиртай.
Энэ талаар салбар яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Одоо журмыг нь боловсруулж байгаа. Журмаа боловсруулж дуусаад мэдээлэл өгнө" гэлээ.
Хуулийг дагалдах журмаа баталсны дараа Кино урлагийн үндэсний зөвлөлийг байгуулна гэдгийг Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн хэлсэн юм. Үндэсний зөвлөл нь дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг баримтална гэж хуульд тусгажээ. Зөвлөлийн гишүүдийн 30 хувь нь төрийн байгууллагын төлөөлөл, үлдсэн нь уран бүтээлчид, мэргэжлийн ТББ-ын төлөөлөл байх аж.
Мөн тус хуулийн 9.7 зүйлд “Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэж заасан байна.
Мөн хуулиараа Кино урлагийг дэмжих сан байгуулах бөгөөд тэрхүү сангийн санхүүжилтийг дээр дурдсан зөвлөл мэднэ. Тэгэхээр Монголын киночид кино уран бүтээлээ Кино урлагийн үндэсний зөвлөлийн 11 гишүүнээр “шалгуулж” байж визээ авахаас өөр аргагүй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн ирээдүй гэрэлтэх үү, бөхөх үү гэдэг нь Зөвлөлийн дарга, гишүүдээр хэн томилогдохоос л шалтгаална. Угтаа зөвлөлийн гишүүдийг кино уран бүтээлчдийн нийтийн хурлаас сонгох учиртай ч, сайд нь өөрийн “тавиул”-уудаа зүтгүүлэхээр бэлдсэн байх гэсэн хардлагыг төрүүлж буй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Кино урлаг бол стратегийн салбар” хэмээн үзэж, арилжааны бус киног, кино уран бүтээлчдийн хөгжил, хүний нөөц, дэд бүтцийн асуудалд онцгой анхаарал хандуулан 2019 оноос эхэлж жил бүрийн төсөвт 10 тэрбум төгрөгийг тусгахаар болсон. Салбарын хууль нь батлагдаагүй байсан учраас 2019, 2020 онуудын төсвийг Сангийн яамнаас эргүүлэн татсан.
Хяслантай нь Кино урлагийг дэмжих тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд “2022 онд улсын мөнгөөр кино уран бүтээл санхүүжүүлэхийг хориглоно” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн юм.
Кино урлагийг дэмжих тухай хууль нь 2011 оноос хойш 10 жилийн хугацаанд гурван Засгийн газар, гурван ажлын хэсгийн нүүр үзсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Уг ажлын хэсэгт киноны салбараас Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, “Боролдой” студийн захирал С.Мягмар, "ST" студийн захирал Б.Амарсанаа, "Монголын кино бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Сэнгэдорж, “Аримун” продакшны продюсер, жүжигчин Д.Ганцэцэг, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Хүмүүн фильм” студийн найруулагч Д.Мөнхсүх, кино эдийн засагч, эрх зүйч багш Г.Энхбаяр, "IFI" продакшны продюсер С.Уран, кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо гэсэн 10 хүн ажилласан байдаг.
Кино уран бүтээлчдийн төлөөллөөс хуулийн талаар байр суурийг сонслоо.
"ST" студийн захирал Б.Амарсанаа:
-Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсан ч дагалдаж гарах журмууд нь батлагдаагүй байгаа. Энэ ажил яагаад удааширч байгааг салбар яамнаас асуусан нь зөв байх. Бид зөвхөн хууль батлах ажлын дэд хэсэгт ажилласан. Үндэсний зөвлөлийн гишүүнд ажлын дэд хэсгээс сонгогдохгүй байх. Хуулиараа төрийн бус байгууллага, холбоодоос гишүүдийг сонгож, сайд нь батламжлах ёстой.
“Боролдой” студийн захирал С.Мягмар:
-Кино урлагийг дэмжих тухай хуулийг дагалдах журмаа одоо баталж байна. Уг нь хууль хэрэгжиж эхлэхэд журам нь батлагдчихсан байх ёстой. Хууль батлахад ажилласан дэд ажлын хэсгээс Кино урлагийн зөвлөлийн гишүүнд орох ёстой. Гэхдээ тушаал шийдвэр гараагүй байна. Хууль хэрэгжиж эхэлнэ гэдэг нь журам батлах процесс нь эхэлнэ гэсэн үг. Хуулийг дагалдах журмаа маш сайн боловсруулах шаардлагатай. Үндэсний зөвлөлийн даргын асуудлыг журмаа баталсны дараа сонгоно. Салбарын сайд нь Зөвлөлийн даргыг зөвхөн батламжлах юм. Сайд тэр даргыг сонгон шалгаруулах эрхгүй. Кино уран бүтээлчдээс санаачлага бага гарч байна. Зөвлөлд утга зохиол, хөгжим, кино зохиол, шинжээч, продюсер гээд бүх төлөөлөл байх ёстой.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн:
-Салбар яамнаас хуулийг дагалдах журмаа баталж байгаа гэсэн. Яамныхан ярихаас илүү ажлаа хийхгүй юм. Хууль батлахын өмнө журмаа боловсруулж, зөвлөл байгуулна гэж байсан. Одоо болтол ярьсаар байна. Яамныхан дотроо бас санал зөрөлдөөд байгаа юм биш үү. Би хоёр ч удаа яаман дээр очсон. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хойч үеийн залуу хүүхдүүдэд маш хэрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх журам нь маш чухал. Одоо гол ажил л үлдээд байна. Залуу хүүхдүүд ажлаа сайн хийх байх.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн процесс нэг иймэрхүү л янзтай явна. Соёлын яамнаас өнгөрсөн арваннэгдүгээр сард “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар” аяныг сүр дуулиантай зарлаж, 160 хурал, семинар хийсэн. Гэвч чанаргүй олон хурал хийж, өөрийгөө сурталчилахаас илүүтэй батлуулсан хуулийнхаа журмуудыг боловсруулсан бол жинхэнэ бодитой ажил болох байж.