Эмнэлгүүд омикроны давалгаанд бэлдэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

COVID-19

Эмнэлгүүд омикроны давалгаанд бэлдэж эхэлжээ

Эмнэлгүүд омикроны давалгаанд бэлдэж эхэлжээ

Өглөөний 08:00 цагийн үед Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзлэгийн олгох хэсэг нь цаг олны хөлд дарагджээ. Эмнэлгийн үүдээр орох хүмүүсийн хөл хөдөлгөөн тасрахгүй. “Халуунаа хэмжүүлээрэй” , “Хувцсаа өлгүүрт өлгүүлнэ үү” гэж хүмүүст чанга дуу зааланд хадна. Зарим нь хүлээлгийн сандал дээр унтаж харагдав.

Үүний зэрэгцээ эмчид үзүүлэхээр цаг авах гэсэн хүмүүс тэвчээртэйгээр дугаараа хүлээнэ. Үзлэгийн цаг бүртгэж эхэлснээс хойш дугаар авч, цаг гаруй хүлээх нь энүүхэнд. Орон нутгаас цөөнгүй хүн тус эмнэлгийг зорин ирдэг. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр хоёр өдөр дугаарлаж байгаа 60 орчим насны эмэгтэй Г.Цэрэндулам “Эмнэлгийн ачаалал маш их, хоёр дахь өдрөө дугаарлаж байна. Өнөөдөр амжиж эмчид үзүүлэх байх. Өвгөнтэйгөө хамт Завханаас энд ирээд удаагүй. Замдаа ядарсан ч зорьсон хэргээ бүтээвэл бусад нь ч яах вэ. Гэхдээ эмнэлгийн оочер, үзлэгийн цаг авах ч бүтэхгүй юм байна” гэв.

Удалгүй гартаа хоёр, гурван дугаар барьсаар түүний нөхөр нь ирж “Нэг ч дугаар нь дөхөөгүй байгаа юм байна. Би дуудсан байхвий гэж яарч байлаа. Гэхдээ нэг цаг хүлээж байхад оочер нь дөхөх болоогүй байдаг” гэсээр гартаа атгасан цаасуудаа ээлж дараалан харна.

Зөвхөн бөөрний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр 800 гаруй километр замыг туулна гэдэг “чанга”. Тэдэнтэй адил  Хөвсгөл, Увс, Архангай зэрэг аймгаас ирсэн хүн олон бий. Бас л дугаараа хүлээж, шөнөжин ядарснаа ч тоохгүй тэвчээр заана. Алслагдсан бүс, орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ хэр тааруу байгааг л орон нутгаас нийслэлийг зорьсон хүмүүсээс харж болохоор. Мөн эмнэлэгт хэвтэхээр түргэвчилсэн, PCR шинжилгээ өгсөн хүн цөөнгүй.

ЦАГ АВАХГҮЙ, ЗААЛАНД БӨӨГНӨРӨХ НЬ ХАЛДВАР ТАРХАХ ЭРСДЭЛТЭЙ ГЭВ

Улсын томоохон эмнэлгийн нэг болох Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн тасгаар өдөрт дунджаар 1500 орчим хүн үйлчлүүлдэг. Тус эмнэлэг өглөө 07:30 цагт үүдээ нээдэг ч хавирга жиндүүлсэн хүйтнийг ажралгүй олон цаг дугаарласан хүмүүс угтдаг. Иргэдийн дунд зүрх судас, элэгний өвчлөл болон Covid-19 халдварын дараах уушгины болон мэдрэлийн эмгэгүүд их байгаа аж. Томоохон эмнэлгүүдийн ачаалал сүүлийн үед ихсэх болсныг эмч нар хэлж байв.

 УНТЭ-ийн Амбулаторийн эмч Ц.ЦЭРЭНЛХАМ: 

-Үйлчлүүлэгчид их байна. Эмнэлгийн үйл ажиллагаа 08:30 цагаас эхэлдэг ч 07:30 цагт амбулаторийн үйлчилгээг нээдэг. Учир нь орон нутгаас вагоноор ирсэн хүмүүс 06:00 цагт эмнэлгийн үүдэнд зогсч байдаг учраас иргэдээ хүндэтгэж нэг цагийн өмнө ажлаа эхлүүлдэг. Уг нь утсаар болон цахимаар цаг авах боломжтой ч  иргэд “яг одоо” гэсэн хандлагатай, цаггүй оочер дайрдаг хандлага өөрчлөгдөхгүй л байна. Зааланд хэт олон хүн бөөгнөрөх нь халдвар тархах эрсдэлтэй. Иймд аль болох утсаар цаг авахыг зөвлөж буй. Хүмүүсийн дунд хоол боловсруулах замын эмгэг, Covid-19 халдварын дараах амьсгалын замын эмгэгүүд, мэдрэлийн болон уушгины эмгэгүүд зонхилж байна. Covid-19 халдвараар өвдсөний дараах архаг хууч өвчин сэдэрч байна. Ер нь сүүлийн үед бүх чиглэлд тусламж үйлчилгээний ачаалал ихэсч байна гэлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь 20 гаруй тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тус эмнэлэгт хандсан хүмүүсийн дунд санал асуулга явуулахад  1800-0119 утсаар 24 хувь нь үзлэгийн цаг авсан бол 60 орчим хувь нь биечлэн цаг авчээ.

Улсын томхон эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүд Covid-19 халдвараас бусад эмнэлгийн тусламж үйлчилгээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас үзүүлж эхэлсэн. Гэхдээ сүүлийн үед халдварын тархалт эрс нэмэгдэх болсон тул халдварын дахин давалгаа үүсч болзошгүй. Үүнийг ч анхан, дунд шатны эмнэлгүүд үгүйсгэлгүй, бэлтгэлээ базааж бэлэн байдалд ажиллаж байгааг хэлж байв.

ЯАРАЛТАЙ ҮЕД АШИГЛАХ 25 ТЕСТ НӨӨЦӨЛСӨН Ч  ШИНЖИЛГЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ

16:00 цагт: Сүхбаатар дүүргийн VII хороо "Энхсүндэр" өрхийн эрүүл мэндийн төвөөр орвол эмч, сувилагч нараас өөр хүнгүй шахам байлаа. Халдварын давалгаа дэгдсэн оргил үед өдийд эмч, сувилагч нар толгой өндийх завгүй байсан үетэй харьцуулахад тэдний нуруу бага ч атугай тэнийжээ. Гэсэн ч эмнэлгийн ачаалал шинэ он гарснаар нэмэгдэж эхэлжээ. Шинэ оны өмнө Covid-19 халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бол сүүлийн үед өдөрт тав, зургаан тохиолдол бүртгэгдэх болсныг тус төвийн дарга Г.Энхтуяа хэлэв. Тэрбээр “Бид шинэ оны өмнө 9-11 дүгээр сар хүртэл маш өндөр ачаалалтай байсан. Өвчлөл их, гэрийн хяналт өндөр, завгүй ажилласан бол халдварын тархалт арванхоёрдугаар сараас буурсан.

Сарын сүүлчээр халдварын тохиолдол хэдэн өдрөөр бүртгэгдээгүй. Харин нэгдүгээр сарын 1-нээс өвчлөл дахин нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын зургаан тохиолдол бүртгэгдлээ. Цаашид халдварын тохиолдол хэр их бүртгэгдэхийг мэдэхгүй. Үзлэг болон хүмүүсийн шинжилгээ өгөх хүсэлт ихэссэн, ачаалал ихсэх шинжтэй байна.

Мөн шинж тэмдэг ч илрэх болсон. Бидний хувьд яаралтай үед авах түргэвчилсэн тест 25 ширхэгийг нөөцөлсөн. Гэхдээ өрхийн эрүүл мэндийн төв тестийн шинжилгээ хийхгүй. Өрөө тасалгааны боломж бололцоо байхгүй. Иймд байрны асуудлыг Улсын онцгой комисс болон дүүргийн Шуурхай штаб анхаарахгүй бол ачаалал ихэсвэл нөхцөл байдал хүндхэн болно” гэлээ.

Тус өрхийн эмнэлгийн харьяанд 9500 орчим иргэн бүртгэлтэй. Мөн харьяа бус хөдөө орон нутгаас ирсэн болон түр оршин суугаа 1000 орчим хүн байдаг аж. Иймд өвчлөл гарахаас урьдчилан сэргийлж болгоомжилж харьяа бус иргэдээ голчлон анхаарч байгааг эмч нар хэлж байв. Түр оршин суугчдын дийлэнх нь эмзэг бүлгийн иргэд байдаг гэнэ. Нийт 11 мянга гаруй хүн тус өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг байна.

                           ЭМЧ НАР ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ БУУРААГҮЙ ГЭВ

Дараа нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгээр орвол хүнгүй шахам, эмч нар нь 17:00 цагтай уралдан таржээ. Уг нь ажлын цаг дуусахад 30 минут дутуу байв. Өрөөндөө суух зарим эмч, сувилагч нь эмнэлгийн ачааллыг “дарга мэднэ” гэх үгээр ам таглана. Харин дарга нар нь хуралтай гэдэг хариултыг өгөв. Мөн л Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөр орвол эмч нар ажлаа тарж, гэрийн зүг харихаар яарч хурууны хээгээ уншуулахаар бөөгнөрчээ.

Тус төвийн эмч ажилтнуудын мэдээлснээр шинэ он гарснаас хойш эмнэлгийн ачаалал, амбулаторийн үзлэг ч ихэсчээ. Мөн тэдний ачаалал багасаагүй, нэмэгдэх хандлагатай байгааг ч хэлж байлаа. Эмнэлгийн дарга болон хариуцсан мэргэжилтнүүд нь Covid-19 халдварын тохиолдлын тоо өвчлөлийн нэгдсэн мэдээллээ УОК-ын Шуурхай штаб руу хүргүүлэхээр тоон мэдээллээ нэгтгээд завгүй байна гэв.

Дараа нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар орвол 17:00 цаг өнгөрч байхад олон хүний хөлд дарагджээ. Үүдээр нь ороход л ачаалал ямар байгаа нь ойлгомжтой харагдана. Эмч нар хүрэлцэхгүй, хүмүүс нь ч удаан хүлээж залхсан байдалтай. Тус төвд нялх хүүхдээ тэвэрсэн залуу хос, таяг тулсан өндөр настан, зүрх нь өвдсөн, даралт нь ихэссэн зэрэг олон шалтгаантай хүн үүдэнд дугаарлаж, эмчийн үүдийг харуулдана. Эмнэлгийн оргил ачаалал одоо л эхэлж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Тодруулбал, орой 17:00-21:00 цаг хүртэл хүний хөл тасрахгүй, эмч нар ч завгүй байдаг аж. Мөн амбулаторийн үзлэг өглөө 08:30-10:00 цагийн хооронд маш их ачаалалтай. Ёстой л түм түжгэнэж, бум бужигнана.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны дарга Б.УУГАНТӨГС: 

“Эмнэлгийн ачаалал баярын өдрүүдийн дараа ихэсдэг. Шинэ жилийн баярын дараа хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл, гэдэсний халдварт өвчин болон насанд хүрэгчдийн даралт ихсэх, хоол боловсруулах замын өвчлөл, элэг, нойр булчирхайн архаг үрэвслээр өвдсөн хүмүүс нэмэгддэг. Мөн баярын өдрүүдтэй холбоотой түргэвчилсэн, PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдлууд бий. Ер нь  бидний ачаалал буугаагүй. Covid-19 халдварын дараах уушгины хатгалгаа, өвчин, эмгэгүүд ар араасаа толгой дараалан гарч байна. Эмнэлгийн орны ачаалал ч ихэссэн. Covid-19 халдварын хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй учраас байнгын бэлэн байдалтай байгаа. Ажилчдын дотоод зохион байгуулалтыг хийж ажиллаж байна” гэлээ.

Хэдийгээр баярын өдрүүдийн дараа эмнэлгийн ачаалал нэмэгдэж, иргэдийн дунд халдварт бус өвчлөл ихэсдэг ч Covid-19 халдварын давалгаа дахин дэгдэхээс болгоомжилж эрүүл мэндийн салбарынхан үзэж бэлэн байдлаа хангаж эхэлжээ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж