Хуучирсан мэдээ: 2022.01.07-нд нийтлэгдсэн

Мал биш хүн шиг…

Мал биш хүн шиг…

Монголчууд малдаа 110 гаруй мянган тонн тэжээлийг 2020-2021 онд бэлтгэсэн бол “Одоогийн байдлаар 35 мянга орчим өрхийн 192 мянга гаруй хүн хүнс тэжээлийн дэмжлэг авч байна” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлжээ. Тэдэнд тарааж буй “хүнс тэжээл” хэдэн тонн болохыг чөтгөр бүү мэд. Татвар төлөгчдийн мөнгийг талон болгон тараахдаа хүнс тэжээлийн дэмжлэг өгдөг гэж хэлж, тэмдэглэдгийг та анзаардаг уу? Нэршил нь хүртэл цаанаа зэвүүн. “Хүнсний тэжээл”. Дурдсан онд ядуурлын түвшин 27,8 хувь болж буурсан гэдэг лут тоог статистикийнхан танилцуулсан.  Гэтэл өнөөдөр 192 мянган хүн “тэжээл” авч байдаг. Ер нь биднийг ажилгүй, анхиагүй, бодож сэтгэх чадваргүй, халамжаар аргацаасан байдлаар байлгах эрх баригчдын бодлогын бодит биелэл нь энэ биш үү. Эдгээр хүнс, тэжээл авч буй хүмүүсийн яг хэд нь ажилгүй, орлогогүй, үнэхээр хүнсний талон олгох ёстой хүн байгаа бол…

МАЛ ДАГАВАЛ АМ ТОСТОНО

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн байна…” гэж хэлжээ. Тэрхүү контентыг бэлтгэхэд ямар хэмжээний мөнгийг хэрхэн зарцуулсан тухай тоо баримт алга. Цар тахлын үед гадаадын болоод дотоодын хандивлагчдаас авсан, төсвөөс гаргасан мөнгийг хэрхэн, юунд зарцуулсныг тайлагнана гэж Шадар сайд мэдэгдэж байсан ч одоо хүртэл тайлагнасангүй. Тэгвэл Б.Энхбаяр гишүүний хэлээгүй, хэлээ хазсан өөр ямар баримт бий бол.

Бидний эрх ашгийг төлөө юм шиг өөрсдийн албан тушаалын төлөө тэд булайгаа уудалж эхлэв. Түүгээр тэрбумаар яригдах хөрөнгө оруулалт яригдаж байна.

Төмөр замын хөрөнгө оруулалтын хуудуутай явдлыг ч дурдаад өнгөрөв. Тэр бүхнээс харвал биднийг хүнсний талон, элдвэр халамж сэлтээр хуураад үнэн хэрэгтэй ямар их мөнгийг хараа, хяналтгүй зарцуулж байгаа нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас харагдсан. 20 мянган төгрөгөөр амны хаалт худалдаж авахаар зэхэс байсан нь ил болж, хотын дарга болиулсан хэрэг гарсан. Гэхдээ ингэж ил болоогүй хэдэн худалдан авалт төсвийн мөнгөөр болсныг одоо хэр нь бид мэдэхгүй.

Наадам… вакцинжуулалт, өөр юу бол… Тэднийг хэлсэн нь хоригдож, тэд хэлсэн нь факт болдог цаг. Эмгэнэл энэ биш гэж үү?

МАЛЫН АШИГ ШИМ

“Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын санд 2.84 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2.75 их наяд төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасан” тухай сайд ярьжээ. Бид татвар төлөх хэрэг байна уу? Юун хадгаламж, юун сан. Татвараа төлсөөр тэтгэвэрт гарахад бидэнд тэтгэврийн мөнгө байх болов уу?

“76 ухна” гэж тэднийг хараамааргүй байна. Тэднийг ухнатай зүйрлэж болохгүй. Тэгвэл бид мал болж таарна аа даа. Түүний оронд  бурханд зөвлөгөө өгсөн яруу найрагч шиг өөр нэгэн эцэг малыг хэлчмээр… Ухаанд нь ухна ишиг үхчихсэн улстөрчид ч бидний мал мэт үздэг болоод уджээ.

Мал дагавал ам тосдоно гэдэг монголчуудыг өнөөдөр яг мал шиг үзэж байна. Хүүхдэд мөнгө тараадаг л даа. Гэхдээ урагшгүй эцэг, эх нь угжны сүү авахын оронд хар ус гудардаг болохоор хадгаламжид нь хийхээр болжээ. Бодож сэтгэдэг нь ховор, өөрийгөө аваад явчих чадалгүй иргэдтэй учраас “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байна. Гэхдээ “Энэ нь халамжийн бодлогыг бууруулах, халамжийг багасгах тухай биш юм” гэж гэснээс үзвэл зүүний үзэлтэй эрх баригчид халамжаа хавтгайруулсан хэвээрээ байх нь. Өнөөдөр улсын төсвийг УИХ бус Засгийн газар мэддэг болчихлоо. Цар тахлын хуулийг дахиад зургаан сараар сунгалаа. Энэхүү хуулийн ачаар гүйцэтгэх засаглал хүссэнээрээ тонгочиж, дураараа дургиж, хүссэнээрээ төсвийг захиран зарцуулж байгаа. Тиймээс бидэнд болсон болоогүй хусам өгөөд өөрсдөө өрмийг нь хүртэж байгаа болохоор ийнхүү энэхүү хуулиа сунгаад буй хэрэг.

“БЭЛЧЭЭРТ” ГАРАВ

Бидэнд хэдэнтэй мөнгө тарааж байгаад хөл хорио тогтоосон. Мөнгийг нь авчихсан болохоор дуртай, дургүй хоригдсон. Хэд хэдэн удаагийн хөл хориогоор хаалгуулж, боолгуулсан аж ахуйн нэгжүүдээс хэдэн зуугаараа хаалгаа барихад хүрч, зарим нь цомхотгол хийж үлдсэн бол хэсэг нь дахиад эргэж сэхэхгүйгээр хаалгаа барьжээ. Оффисууд хоосров.

Зарим үндэсний үйлдвэрлэгчид түрээсийн зардлаасаа болоод цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг “Шангрилла”-гийн түрээслэгчдийн маргаан бэлхнээ гэрчилнэ. Удаан хорионы эцэст “бэлчээрт” гарсан ч хил хааснаас болоод бидний хүнс, тэжээл бүгд үнэд оров. Хариуцлагын гэрээнээс эхлээд хямгадах зөвшөөрөл олон. Удахгүй бодож сэтгэвэл татвар ноогдуулж мэдэх нь. Хилээ нээснээс хойш аль болох гадаад оронд ажиллаж, амьдрах гэсэн залуус зугтжээ. Түүнээс ч олон залуус боломж олдвол гадаад руу дүрвэх зорилготой яваа.

УГЖУУЛСАН МОНГОЛ

“Хүүхдийн мөнгө, цалинтай ээж, насны хишиг, одонтой эхийн тэтгэмж зэрэг амьжиргааны түвшин харгалзахгүй нийтлэг байдлаар мөнгө олгож байгаа хөтөлбөрүүд нийт зардлын 60 хувийг эзэлж байна. Үлдсэн 900 мянга орчим иргэн халамжийн чиглэлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээнд хамрагдаж байгаа юм” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ярилцлагадаа дурджээ.  Бид цар тахлын хуулиар болсон болоогүй мөнгө өгөх сургаар, төлбөр төлөх тэглэх мэдэгдлээр эрхээ хасуулсан. Ингэхдээ дархлаажуулалтад хүртэл 50 мянган төгрөгөөр хамрагдсан. Дээр нь байрны дулаан, цахилгааны мөнгөө ч даалгуулсан. Үр дүнд нь “Эрдэнэт” үйлдвэрийн ашгийг энэ цаг үед зогсоох тухай ярьж байна. Ямар вэ дээ, та минь. Бидний зардлыг даагаад байсан эл үйлдвэр өөрсдөө зээл авахаар хөөцөлдөж байна. Зорилтот бүлэгтээ халамж үзүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ хавтгайруулах нь биднийг хорлож байна.

Өнөөдөр залуус ажил хийхгүй, хамгийн ашигтай байгаа салбар болох барилгын салбарт урд хөршийн хямд ажиллах хүч зонхилж буй нь хавтгайрсан халамжтай холбоотой. Монголд халамжид хамрагдаад, ажиллахгүй амьдарч болоод буй хэрэг.

Тиймээс эрүүл саруул, ид хийж бүтээх насандаа элдэв халамжаар угжуулах бус өөрсдөө өөрсдийнхөө хүчээр амьдармаар байна. Товчхондоо мал шиг тэжээлгэж бус хүн шиг хөдөлмөрлөж, эрсэдсэн ч өөрийнхөөрөө яваад дампуурмаар байна. Тиймээс элдэв халамж гэхээсээ илүүтэй хориг, тушаа болсон зөвшөөрөл, элдэв хүнд суртлаа үгүй хийхэд бодлогоо чиглүүлээсэй. Ерөнхий сайд хэлээд байдаг гоё мэдэгдэл шигээ хиймээр байна. Мал биш хүн шиг л амьдармаар байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж