Улсын төсөв уйлдаггүй: Тахлаар далимдуулсан "мөнгө угаалт"

Хуучирсан мэдээ: 2022.01.05-нд нийтлэгдсэн

Улсын төсөв уйлдаггүй: Тахлаар далимдуулсан "мөнгө угаалт"

Улсын төсөв уйлдаггүй: Тахлаар далимдуулсан "мөнгө угаалт"

Цар тахлаар далимдуулж, шоу, контент, сурталчилгаа хэлбэрээр мөнгө угаасан байж болзошгүй ноцтой баримтуудыг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар гишүүд дэлгэсэн.  Тодруулбал,  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Цар тахлын үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн байна. “Карантин 14”, “Covid-19-гүй зуны төлөө”, “Мэдээллийн урсгал” гэхчлэн. Тухайн үед үүнийг улсын төсвөөс хийгээгүй, уран бүтээлчид өөрсдөө хийж байгаа гээд байсан. Энэ нэвтрүүлгүүдийг төсвөөс хийсэн юм уу. Эдгээр нэвтрүүлгийг улсын төсвийн хэдэн төгрөгөөр хийсэн бэ" гэж асуусан нь олон нийтийн сүлжээнд хардалт, маргаан, талцал дагуулж байна.

Түүний асуултад Соёлын дэд сайд М.Батбаяр хариулахдаа "10 их наядын төлөвлөгөөнд Соёлын яамны шууд хариуцах гурван асуудал байсан. Нийгмийн сэтгэл зүйг дэмжих, соён гэгээрүүлэх арга хэмжээнүүд байсан. Үүнтэй холбоотойгоор найман контент бэлтгэж 16 телевизээр давхардсан тоогоор 5.2 сая хүнд хүргэсэн. 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд үүнд мөнгө зарцуулаагүй. Харин “Наадам” контентыг Ардын хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас 980 сая төгрөг гаргаж зохион байгуулсан" гэсэн юм.

Төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 1059 урлаг соёлын арга хэмжээг санхүүжүүлж зохион байгуулсан бөгөөд ганцхан жишээ дурдахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-ын данс руу “Наадам зохион байгуулах” гэх үндэслэлээр 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Төсвийн энэ мөнгийг юунд үрснийг шалгаж, тогтоодог газар алга.

2021 онд халдварын тархалтаас шалтгаалж, наадам зохион байгуулаагүй, цахимаар болсон. Гэтэл "нөүнаадам" жагсаалыг зохион байгуулсан хүмүүсийг тагнуул, цагдаагаас мөрдөн шалгаж, эрүүгийнхнээр хүртэл айлгаж, дарамтлуулж байлаа.  Харамсалтай нь, төсвөөс хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар нь авсан хүмүүсийг хэн ч шалгахгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Түүнчлэн теле хэлбэрээр хүргэсэн үйл ажиллагаа, нэвтрүүлгүүдийн тухайд төсөв их зарцуулаагүй гэдгийг ч тухайн үед албаны хүмүүс онцолж байлаа. Харин бодит байдал дээр уйлдаггүй улсын төсвөөс олон тэрбум төгрөгийг соёлын арга хэмжээнд зарцуулжээ.

Илэрсэн нь "Шинэ үеийн нэгдмэл залуус" ТББ болохоос үүний ард хэчнээн төрийн бус байгууллага төсвийн мөнгийг тендерт оролцохгүйгээр авсан бэ гэх асуулт тавигдах нь зүйн хэрэг. Учир нь 2016 онд үүсгэн байгуулсан П.Дэнсмаа, З.Нямзул гэх иргэдийн нэр дээр байдаг тус төрийн бус байгууллага 2019 оноос эхлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, олон тэрбум төгрөгийн хөрөнгийг давуу эрхтэйгээр авдаг байж. 2019 онд гэхэд л наадам зохион байгуулах комиссоос тус компани руу мөн 450 гаруй сая төгрөгийг шилжүүлж байсан бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ч мөн 800 гаруй сая төгрөгийг "Наадам найт" арга хэмжээг зохион байгуулахын тулд тус байгууллагын данс руу шилжүүлжээ. Ийнхүү төсвөөс санхүүжсээр өнгөрсөн жил цар тахлыг далимдуулж олон тэрбум төгрөгийг үргүй зарсан байна.

Улсын төсвийг дээрх мэт шаардлагагүй зүйлд зарцуулсан балаг 2020-2021 онд их бий. Энэ жилийн төсөвт ч соёлын салбарт онцгой анхаарсан төсвүүд батлагдсан. Жишээ нь 3.8 тэрбумын өртөгтэй айрагны өргөөгөөс эхлээд орон нутагт нэг байхад хангалттай соёлыг төв, кино театрыг олшруулах, сэргээн засах төв барих.

Гишүүдэд юуг бүтээн байгуулах гэхээс илүүтэй сонгогдсон тойрогтоо л төсөв өндөр батлуулах нь чухал байдаг гэлтэй. Харамсалтай нь чамин нэртэй соёлын бүтээн байгуулалтууд нь улсын төсвөөр сууриа тавиад л царцдаг. Ингээд ирэх жилд нь дахин төсөв батлуулдаг. Улиг болсон энэ жишгээс болж улсын төсөв үргүй урссаар байна. Хариуцлага тооцох механизм байхгүй учир 100 жилийн наадмаар зарцуулсан 10 их наядыг ч хүмүүс өнгөрсөн жил анзаараагүй. Зөвхөн наадмын нээлтийг 650-800 сая төгрөгөөр хийхэд л ач холбогдол өгч байлаа. Хангалттай мэдээлэл аваагүйгээс болж иргэд өнгөрсөн жил зохион байгуулсан 1000 гаруй соёлын хөтөлбөрт өчнөөн тэрбум төгрөг зарсан талаар өнөөдөр анх удаа сонсч байгаа мэт хүлээж авч байгаа нь харамсалтай.

“Карантин 14”, “Covid-19-гүй зуны төлөө”, “Мэдээллийн урсгал” зэрэг нэвтрүүлгийг уран бүтээлчид 100 хувь өөрсдийн зардлаар хийсэн эсэх нь эргэлзээтэй. Тиймээс ч тухайн үедээ шүүмжлэл дагуулж байсан. Хэдийгээр иргэд шүүмжилсэн ч төлөвлөсөн бүх контент цацагдсан. Энэ жил ч мөн улсын төсвөөр соёлын олон арга хэмжээг зохион байгуулах нь лавтай. Урлаг соёлын арга хэмжээнд төсвийн мөнгийг зарцуулж байхаар уг мөнгөөр ядаж л уушиг орлуулагч хэдийг авчихсан бол хэчнээн хүний амийг аврах байсан бол?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж