Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё ирэх Ням гаригт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан сүмогийн холбооноос саяхан нэгдүгээр сарын башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ чансааг олон нийтэд танилцуулжээ.
Уламжлал ёсоор ёкозүна цолтой ганц бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүнийг манлайлжээ. Түүний араас эрэмблэгдэх озэки цолтнуудад өөрчлөлт орсонгүй. Харин Таканошо сэкивакэ цолтой барилдахаар болж, өнгөрсөн башёд комүсүби цолтой барилдаж байсан Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар маэгашира руу чансаа буурчээ.
Ирэх Хацү башёд Охо болон Вакамотохарү хэмээх хоёр бөх дээд макүүчи зиндаанд анх удаагаа зодоглоно. Охогийн хувьд домогт ёкозүна асан Таихогийн ач, сэкивакэ асан Такаторикигийн хүү аж. Харин Вакамотохарү нь маэгаширагийн нэгдүгээрт эрэмблэгдээд буй Вакатакакагэгийн том ах гэнэ. Мөн Ичияамамото, Цүрүгишо нар дээд зиндаандаа эргэн иржээ.
ЭНЭ УДААГИЙН ХАЦҮ БАШЁД ЗОДОГЛОХ МОНГОЛ БӨХЧҮҮД:
Макүүчи зиндаа: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан, Хошорюү С.Бямбасүрэн
Жүрёо зиндаа: Даишохо Ч.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд
Макүшита зиндаа: Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Тамашохо Э.Энхманлай, Дэванорюү Т.Тэмүүлэн, Ошома П.Дэлгэрбаяр, Хокүтэнкаи Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Хоюүтомарү Н.Чинзориг, Араүма Б.Төртогтох
Жонидан зиндаа: Ёшояама Б.Анхбаяр, Саданохикари Д.Наранцогт
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурав дараалан түрүүлэх зорилготой байгаа бөгөөд түүний хувьд Аки болон Кюүшү башёд дараалан түрүүлээд байгаа юм. Өдгөө 30 настай тэрбээр өнгөрсөн Кюүшү башёд нэг ч унаагүй 15 даваатай түрүүлж, ид эрэн дээрээ байгаагаа харуулсан билээ. Одоогоор дээд макүүчи зиндаанд зургаан удаа түрүүлээд буй Тэрүнофүжи оны өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэх зорилготой байгаагаа ярьж байв.
Сүмогийн холбооноос өчигдөр/2021.01.04/ Тагоноүра дэвжээнээс халдвар илэрснийг зарлалаа. Үүний улмаас озэки асан Такаяасү тэргүүтэй гурван бөх болон дэвжээний ояката нь Хацү башёг өнжихөөр болов.
Сүмо сонирхогчид, судлаачид ирэх Хацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг түрүүлнэ гэж үзэж байна. Долдугаар сарын Нагоя башёгийн шийдвэрлэх сүүлийн өдөр Хакүход унаж, түрүүгээ алдсаныг нь эс тооцвол Тэрүнофүжиг дийлэх бөх тун ховор гэнэ. Озэки Шодаи, Такакэишо нарыг түүнтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ гэж харж байгаа аж. Мөн сүүлийн үед бэлтгэл сайтай, зоримог барилдаан үзүүлж буй Абиг ирэх башёд цахиур хагална гэж таамаглах хүн олон байна.