Ардчилсан намын /АН/ хоёр даргатай болж Улсын дээд шүүхээр/УДШ/ асуудлаа шийдүүлэх хэмжээнд хүрсэн ч өнөөдрийг хүртэл энэ маргаанд цэг тавиагүй. УДШ-ийн дээд шүүгчийн хуралдаанаар арванхоёрдугаар сарын 20-нд АН-ын даргыг эцэслэх ёстой байсан. Гэвч шүүхээс О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгээгүй. Түүнээс гадна С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан дээд шүүхэд М.Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч хүсэлтээ буцаагаад авсан юм. Өөрөөр хэлбэл, УДШ хоёр даргатай АН-ыхныг дотооддоо учраа олтол энэ асуудалд оролцохгүй гэж хойшлуулсан. Тиймээс энэ удаагийн VS буландаа хоёр талын байр суурийг хүргэж байна.
О.Цогтгэрэл
АН-ын дарга
-Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх /УДШ-ээс/ 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Товчхондоо арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байна. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаад ажиллана. Учир ньУДШ нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийднэ гэж заасан. Гэтэл УДШ-ийн 20 гаруй шүүгч хуулиас давсан журам гаргаж байна. 30 хоногийг 60 болгож өөрчилсөн. Өнөөдрийг хүртэл өрнөсөн зүйлс бүгд жүжиг. АН-ыг хоёр хуваагдсан мэт жүжиглүүлсэн. Энэ хэргийн эзэд хариуцлага хүлээх ёстой.
М.Тулгат
АН-ын дарга
-Намайг АН-ын 847 төлөөлөгч АН-ын даргаар батламжилсан. Нэгэнт батламжлагдсан даргын хувьд үүргээ биелүүлэх нь зүйн хэрэг. Би хоёр хуваагдсан АН-ыг нэгтгэж, АН-ыг шинэчилнэ гэж тэдэнд амалсан. Гэвч энэ нь үнэхээр амаргүй байна. Хэдийгээр манай намд үзэл санааны ялгарал байгаа ч хууль ёсны тамга нь надад байгаагийн хувьд барууны төвийн үзэл баримтлалдаа бат хатуу зогсоно. Бодлого болон ойлголтын зөрүүтэй зүйлс ярьж байгаа гишүүдээ нэг тугийн дор нэгтгэх гэж өдийг хүртэл явж ирлээ. Хэрэв намайг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг татаж аваагүй байсан бол АН-ын асуудал шийдэгдэх боломжтой байсан. Нөгөө талаар АН-аас хоёр материалыг УДШ-д хүргүүлж байгаа нь бүртгэлийн асуудалд тээг болж байна. Энэ мухардлаас гарахын тулд аль нэг талыг нь УДШ бүртгэх ёстой. Улс төрийн захиалгаар бус хуулийн дагуу ажиллах хүсэлтийг УДШ-д хүргүүлсэн. Миний материал татагдсан гэдгийг би өөрөө ч мэдээгүй байсан. О.Цогтгэрэлийг даргаар бүртгүүлэх материал УДШ дээр байсан учраас түүний талд бүртгэгдэх өндөр магадлалтай байлаа. Гэвч УДШ хуулийн дагуу хэлэлцээд О.Цогтгэрэлийн талыг бүртгээгүй.
Холбоотой мэдээ