"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2022 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн сард тогтворжиж байсан ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 12000-15000 төгрөг, хонь болон ямааны мах 8500-11000 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.
Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 115-120 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин ямааны арьс өлөнтэйгөө 38-47 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 4500 төгрөг, хонины ноос кг нь 1700-1800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 12 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 9000 төгрөгийн үнэ ханштай байна.
"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 10000-12000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
- Ямааны ястай мах кг 7500-9000 төгрөг, цул нь 9000-10000 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 8500-9500 төгрөг, цул мах нь 9500-11000 төгрөг,
- Адууны мах 9500-10000 төгрөгийн ханштай байна.
Холбоотой мэдээ