Цар тахлын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилогдсон алба хаагчдыг өнгөрсөн оны сүүлийн өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гарчээ. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байна.
Уг тогтоолд "Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөх"-ийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгожээ.
Мөн тэдгээр иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр дуусгавар болгож, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулж, сунгахгүй байх, сул орон тооны мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу хүргүүлэх, албан хаагчийн үүргийг хууль, журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх юм.
Дашрамд дурдахад, 2021 оны гуравдугаар улирлын байдлаар Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалд томилсон 519 хууль бус томилгоог илрүүлсэн байдаг.
Холбоотой мэдээ