Засгийн газрын хоёр "ам"

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хоёр "ам"

Засгийн газрын хоёр "ам"

 Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг “төвхнүүлэх” ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нарыг өнгөрсөн долдугаар сард томилсон. Дараа нь УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд дарга гэх  албан тушаалд томилсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнгөрсөн оны долдугаар сард боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж "30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна" гэж мэдэгдэж байв.

Гэвч бүрэн эрхт төлөөлөгч томилоод боомтын ажил жигдэрсэн үү, гэвэл үгүй. Хамгийн гол нь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэх албан тушаал аль ч хуульд байхгүй. Төрийн албаны тухай хуульд төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй гэж заасан. Нэгэнт томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид  хариуцлага алдсан тохиолдолд болон тэднээс үүдсэн алдаа, дутагдал, хууль бус үйлдлийг хэн хянаж хариуцлага тооцох нь ч тодорхойгүй.

Цар тахлын хуулиар 1000 гаруй албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон тухай Төрийн албанаас мэдээлж байсан нь саяхан.  Тэгвэл хууль бус томилгоо, халаа сэлгээ цаашид үргэлжлэх бололтой. Учир нь УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны  зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгасан. 

Тус хуулийг дагаад  Хилийн боомтын онцгой бүрэн  эрхт захиргааг байнгын үйл ажиллагаатай болгох талаар ч яригдаад эхэлжээ.

Тодруулбал, Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байнгын үйл ажиллагаатай болгож байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөрш оронтой гадаад харилцаагаа нэг сувгаар ярилцах бололцоог бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар баталж, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн санал болгосноор даргыг нь томилж, чөлөөлнө гэж заасан байдаг.

Тиймээс цаашид ямар томилгоо, халаа сэлгээ хийгдэх бол гэдэг нь олны анхааралд байгаа нь лавтай. Мөн гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шаарддаг баримт бичгийн тоог бууруулах, биет үзлэг, шалгалтын давхардлыг арилгах, барааг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэхээр болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө “Төрийн албан хаагчдын хүний нөөцийн нарийвчилсан бодлогыг тодорхойлж, холбогдох арга хэмжээг авч хэрэжүүлдэг байх нь оновчтой. Төрийн албан хаагчдыг тоог бууруулах асуудлыг “E-Mongolia” хөтөлбөртэй уялдуулан ажлын давхардал, хийдлийг арилгана” гэдгийг мэдэгдэж байв. Гэсэн ч хэлсэн үг, хийсэн ажил нь зөрж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж