Ираны нийслэл Тегераны нутагт 2020 онд нэгэн аймшигтай, эмгэнэлт явдал болсон. Украины олон улсын нислэгийн "Боинг 737-800” нисэх онгоц агаарт хөөрснийхөө дараахан, Ираны хоёр пуужинд оногдож, 176 хүн нас барсан хэрэг гарсан. Ираны тал тус онгоцыг АНУ-ын пуужин гэж андуурснаас болж олон хүн хайртай нэгнээ алдсан байдаг.
Олон улсын нислэгт Канадын 55 иргэн, тус улсад түр оршин суугч 35 хүн зорчиж байжээ. Хохирогчдын гэр бүлийнхэн Иран болон холбогдох албан тушаалтнуудыг иргэний шүүхэд өгсөн. Тэгвэл Канадын Онтариогийн дээд шүүх хохирогчдын гэр бүлүүдэд Иран улсаас нөхөн төлбөр олгох ёстой гэж үзлээ. Иран улсаас нийт 107 сая канад.доллар (84 сая ам.доллар) амиа алдсан иргэдийн гэр бүлд олгох ба давхар мөнгөн дүнгийн хүүг төлөх юм байна.
Одоогийн байдлаар Иранаас хэрхэн нөхөн олговрыг авах нь тодорхойгүй байгаа. Хохирогчдын гэр бүлийн хуульч Марк Арнолд хэлэхдээ “Манай баг Иран болон Канадад байрлах гэмт этгээдүүдийн хөрөнгийг хураан авахад анхаарч ажиллана. Нөхөн олговорт мөнгөн дүнд таарах газрын тос тээвэрлэгч онгоцнууд багтаж болно” гэсэн байна.
Өнгөрсөн жил Канадын засгийн газраас уг үйл явдалд Иран улс буруутай гэж зарлан, чадваргүй, боловсролгүй зангаасаа болж гэм зэмгүй иргэдэд хохирол учруулсан гэж шүүмжилсэн. Ираны тал эхэндээ 2020 оны нэгдүгээр сарын 8-ны хэрэгт өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдэж байсан. Гэвч нотлох баримтууд олдож, “Хувьсгалт гвардийн сансар судлалын анги” хамгаалалтын үеэрээ “Боинг 737-800” нисэх онгоцыг АНУ-ын пуужинтай андуурсан гэж мэдэгдсэнээр гэм буруутайгаа нотолсон.
ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS
Холбоотой мэдээ