"Хилээр гардаг вагоны 60 хувь нь транзит, Монголд хамаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Live"Хилээр гардаг вагоны 60 хувь нь транзит, Монголд хамаагүй"

"Хилээр гардаг вагоны 60 хувь нь транзит, Монголд хамаагүй"
13 : 09
2022-1-4

10 их наядын хөтөлбөр зорилтоо давсан үзүүлэлттэй байна

УИХ-ын гишүүд үг хэлсний дараа Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг

-Дэлхий нийтийг хамарсан Covid-19 халдварын улмаас Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4,6 хувиар агшиж төсвийн алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал 12 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч нэмэгдсэн. Зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас банкуудаас олгох зээлийн хэмжээ буурч, банкуудын нийт найман их наядын эх үүсвэр төв банкны үнэт цаасанд шийдэж байршсан.

Түүнчлэн 2020 онд нийт 65 мянга гаруй ажлын байр үгүй болж цаашид эдийн засгаа сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд нэмж 130 гаруй мянган ажлын байр алдах эрсдэлтэй байлаа.

Энэ үед Засгийн газар Монголбанктай хамтран дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын хэцүү үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэл үйлчилгээний ажлын байрыг дэмжих, орон сууцжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл малчдын орлого амжиргааг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлан өнөөдрийн байдлаар 204 дэх ажлын өдрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд нийт хүн амын 60 хувийг бүрэн вакцинжуулах, 3500 аж ахуйн нэгж 20 мянган иргэнд хөнгөлөлттэй зээлд олгож, 120 мянга гаруй ажлын байрыг хадгалж эдийн засгийн өсөлтүүдийг бий болгох өөдрөг зорилтуудыг дэвшүүлсэн билээ.

2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бодит гүйцэтгэлээр эдгээр зорилтуудаа давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилтын хүрээнд нийт хүн амын 64.5 хувь нь буюу 2.2 сая иргэнийг вакцины бүрэн тунд хамруулсан. Эдийн засгаа сэргээх зорилтын хүрээнд нийт 7883 аж ахуйн нэгж, 54830 иргэнд хөнгөлөлттэй зээл олгосон. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих, репо санхүүжилтийн зээлд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 144 мянган ажлын байрыг хадгалж ипотекийн зээлийн нөлөөгөөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийн 171 мянган ажлын байрыг хадгалсан тоон үзүүлэлттэй байна.

Мөн төлөвлөгөөний хүрээнд банкуудын эх үүсвэрээр олгогдсон ажлын байрыг дэмжих 25400 бизнес эрхлэгч аж ахуйн нэгж хамрагдсан. Эдгээр бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн 7 хүртэл нэгж хувийг Засгийн газар хариуцан төлөхөөр зохицуулсан. Энэ хүрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын нийт гүйцэтгэлээр 64.7 тэрбумын хүүгийн татаас байдлаар санхүүжүүлсэн. Нийт 6957 аж ахуйн нэгж, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэж, гүйлгээний баримтын тоо 2020 онтой харьцуулахад 5 хувиар өсч, 647 саяд хүрчээ.

Улмаар НӨАТ-ын орлогын хэмжээ нэг их наяд 260 тэрбум төгрөгт  хүрч 2020 онтой харьцуулахад 19.6 тэрбумаар өссөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын хэмжээ 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар нэг их наяд 788 тэрбум төгрөгт хүрч 2020 оноос 50 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Цогц төлөвлөгөөний нөлөөгөөр банкны нийт зээл олголт цар тахлын өмнө үеэс 10 орчим хувиар өсч 20 их наяд төгрөгт хүрсэн. Засгийн газраас 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй тохиолдолд 2021 оны эдийн засгийн бодит өсөлт нэг хувь болж агших төлөвтэй байсан. Харин 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 4.5 нэгж функтээр сайжирч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2021 оны эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхээр байна.

Төлөвлөгөөнд тусгасан нийт 56 арга хэмжээний 25-ыг 2021 онд, гурван арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшинд нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 оны төлөвлөгөөний биелэлт 89 хувьтай гарсан байна. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний биелэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд тараасан.

Мөн энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл нь бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн зардлыг бодитоор бууруулж цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа тул Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор зээлийн эх үүсвэрийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

Байнгын хорооны дарга, УИХ-ын эрхэм гишүүдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө нь 2021-2024 онд хэрэгжих дунд хугацааны хөтөлбөр боловч өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, улс орны эдийн засгийг сэргээх түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэхээр байна. Иймд үр дүн хүртээмж өндөртэй энэхүү арга хэмжээг Засгийн газраас цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай бүх нөөц бололцоог дайчлан ажиллах болно.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

-Ажлын хэсэг гаргаж нягтлах хэрэгтэй гэсэн саналтай байна. Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн тухай ярьдаг. Гэтэл тойрогт ажиллахаар энэ мөнгө хаана байна гэдэг асуудал яригддаг. Банкнаас тодруулах боломжгүй юм. Гэтэл зээлийн хүүгийн 67 тэрбум бол маш их мөнгө. Ингэхдээ хуучин зээл орсон уу. Ингэж асууж байгаа нь эрх мэдэлтэй улс өөрийн авсан байсан өмнөх зээлд хүүгийн хөнгөлөлт өгсөн гэх хардалт байна. Үүнийг шалгаж үзэх хэрэгтэй. ЖДҮ шиг болсон бол бузар хэрэг болно. Банк хооронд шилжүүлж зохицуулсан эсэхийг нягтлах хэрэгтэй. Тэгэхээр 67 тэрбумд хуучин зээл байсан уу, шинэ зээл байв уу.

Олон дарга нар зээл авч тэдэнд хөнгөлөлт өгсөн бол маш онцгүй. Тиймээс Ажлын хэсэг гаргаж нягтлах хэрэгтэй гэж бодож байна. Нийгэмд хариулт өгөх хэрэгтэй. Хардалт байгаа бол зогсоох ёстой. Цар тахлын үед бизнес эрхлэгчид маш хүнд байсан. Гэтэл дарга нар өөрсдөө зээл авч хүүгээ хөнгөлсөн бол хэцүү. Аж ахуйн нэгжүүдийн судалгааг өгөх боломжтой юу?

Эдийн засгийн Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар

-Уг нь Засгийн газрын тогтоол ч Монголбанк голлон оролцсон. Ажлын хэсэг гаргахад асуудалгүй.

Монголбанкны тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн

-Ажлын байрыг дэмжих 10 их наядын зээл тухайн үедээ олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулсан. Бидний зүгээс зорилтот бүлэгтээ очсон болов уу гэсэн тайланг гаргаж ирсэн.

Жилд 2 их наядын зээл гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ  ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл шиг дангаар нь олгоход хүчин чадал хүрэхгүй байна гэдэг утгаар 12 арилжааны банкийг татан оролцуулсан.

Мөн таны хэлдгээр шинэ он гарахаас өмнө 67 тэрбумын хүүгийн хөнгөлөлтийг төсвөөс гаргаж дууссан. Эсрэгээрээ 1.1 их наяд 950 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар гаргасан бөгөөд харилцагч нарт 3 хувийн хүүтэй зээлийг олгосон. Нийт 1.9 их наядын зээлээс шинээр 1.6 их наядын зээлийг шинээр олгосон. Харин дахин санхүүжилтээр 271 тэрбум төгрөг буюу 4317 зээлдэгчид дахин санхүүжилт олгосон. Зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулсан 208 зээлдэгчийн 28 тэрбумын зээлийн мэдээлэл гарсан. Хоёр их наядын зээл нь системд эргэлдэж байгаа. Нийт системд эргэлдэж буй 40 их наядын 50 хувь нь 19 их наяд зээлийн багц юм. Тэгэхээр 19 их наядын зээлийн багц хоёр их наяд бүрэн хөрвүүлж чадахгүй. Тиймээс хүн бүр зээлийг авах боломжгүй учраас нэлээд шүүмжлэл дагуулсан. Гэхдээ банкны том потинциалыг ашиглаж Хаанбанк, Төрийн банкны салбар нэгжээр орон нутгуудаар зээл очсон болов уу гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

-Аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгож санхүүжилт олгосон бэ. Хоёрдугаарт 170 мянган ажлын байр бий болгосон гэсэн, судалгаа байна уу. Эдийн засгийн өсөлт 2.6 хувьтай байгааг хэн тооцож гаргав. Статистикаар нягталсан уу. Ер нь толгойдоо орж ирсэн тоогоор бурж болохгүй.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн

-Ажлын байрыг дэмжих 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд төрийн байгууллагаас хяналт тавьж ажилласан. Харин ямар зээлдэгчид зээл очих вэ гэдэг асуудалд төрийн байгуулага оролцоогүй. Дээр дурдсанаар нийт системд 40 их наяд төгрөг эргэлдэж байна. Монголын санхүүд ойролцоогоор 43 орчим их наядын төгрөг эргэлдэж байна. Үүний 95 хувь нь дангаараа банкны салбарт эргэлдэж байгаа. Үүнд бүх харилцагч нарын дата мэдээлэл байдаг. Нөгөө талд, бид бүхэн хяналт тавих зорилготой төв банк болон бусад банкны хамтарсан шалгалтаар банкууд журмын дагуу зээл олгосон уу гэдгийг хянасан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар 

-Бид бүхэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан үзүүлж буй дэмжлэгүүд бий. Статистик мэдээллээр, нийт 52 мянган хүн дэмжлэг авсан. Тус сангаар дамжуулан 11152 ажлын байр шинээр нэмэгдсэн. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийн хариулснаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болон урьдчилсан зээлийн статистик тооцоо гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

-Тодорхой хариулт авъя. 174 мянган ажлын байр нэмэгдсэн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороотой хамтран гаргасан уу. Эдийн засгийн өсөлтөд 10 их наядын зээл нөлөөлснийг хэрхэн тооцов.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг

-Эдийн засгийн нөлөөллийг Сангийн яамны эдийн засгийн бодлогын газраас урьдчилсан байдлаар тооцооллыг гаргасан. Ажлын байрыг хадгалж байгаа нь нийгмийн даатгал төлж байгаа болон НӨАТ төлж буй и-баримт системд тулгуурлан гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ бол статистик тоо биш бидэнд байгаа бодит дата баазад үндэслэн тооцооллыг хийсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 2 их наядын хөнгөлөлттэй зээлийг 25 мянган аж ахуйн нэгж, иргэнд олгож,  170 мянган ажлын байрыг хамгаалсан тухай ярьж байна. Гэхдээ ажлын байрны тухайд хангалтгүй үзүүлэлт. Ажилгүйдэл маш их байна. Яам, тамгын газрынхан хоёр км доторх тойрогт биш Баянхошуу, Толгойт, 100 айл гээд гэр хорооллоор биечлэн явж ажиллаасай. Тэнд ажилгүйдэл маш их байна. Өлбөр өгөхгүйн тулд халамжаар амь зогоож байна. Цар тахлын үед хил хаахад хүнсний гялгар уут тасарч, гал алдсан. Түлшний шуудай тасарсан. Гарын доорх зүйлээ хийж чадахгүй байна. Энд бодлого бий юу. Хоёр хөрштэй адил дэлхийн худалдааны байгууллагад элссэн атал Монгол Улс 5 хувийн татвартай үйлдвэрлэл хөгжих үү. Салбар дээр бүтээгдэхүүн нэмэх бодлого бий юу. Энэ л эдийн засгаа сэргээх бодлого. Тиймээс зах зээл нь хөгжөөгүй байхад мөнгө өгөх нь нэг гараар татаж, нөгөө гараар унагаахтай л адил. Хоёр их наядын зээлийн хэдэн хувьд нь үйлдвэрлэл шингэсэн бүтээгдэхүүнд өгсөн бэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-10 их наядын хөтөлбөрөөс хоёр их наяд нь гарсан бололтой юм. Бодлогоо Засгийн газар бариад байна уу эсвэл Монголбанк бариад байна уу. ЖДҮ-гээ дэмжих тал руу орох болсон уу үгүй юу. Хүнд хэцүү үед аж ахуй нэгжүүдээ хамгаалах бодлого барилаа. Цаашдаа ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил хийх бололцоо руу энэ зээл явах уу. Дахиж нэмэгдэх үү. Залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад 500 тэрбумыг тавьсан байх юм. Цаг үе хэцүү байхад сургалт явах нь дээр байсан уу эсвэл ондоо нөхцөлөөр дэмжих байсан уу. Хөдөө аж ахуйн зээлд 500 тэрбум төгрөг тавьсан. Орон нутгаар явж байхад энэ зээл хаана ч хүрээгүй. Хэн авч, хаана явж байгаа нь мэдэгдээгүй.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Малчдын зээлд Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. АН-ын Засгийн газрын үед энэ зээлийг хэрэгжүүлж байсан. Монголбанктай хамтраад хэрэгжүүлж байсан хөтөлбөр. Энэ дээр энэ жилийн хувьд шалгуур нь юу байсан юм. Яагаад ямар шалгуураар зээл олгосон юм. Танилцуулга дотор чинь байна. Хөдөө аж ахуйг дэмжих 0.5 их наядын зээл үргэлжилнэ гэж ойлгох уу. Тариаланчдын авсан зээл гүйцэтгэл нь 40 хувьтай харагдаж байна. Энэ жил хөдөө аж ахуйн салбарт улаан буудай борлуулалт муутай байгаагаас энэ зээлийг үргэлжлүүлэн авах сонирхолтой иргэд байгаа. Үргэлжлүүлэн олгох уу.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

-Малчны зээлийн хувьд тодорхой шалгуурыг тавьсан. Үндсэндээ 19870 малчинд 199.6 тэрбумын санхүүжилтийг олгосон. Газар тариалангийн зээлийн хувьд 622 аж ахуй нэгжид 41.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Эрсдэлийн шалгуур, банк өөрөө санхүүжүүлэх хугацаагаа шийдэж буй учраас энэ дээр зохицуулалт хумигдмал байсан. Нийтдээ хөдөө аж ахуйг дэмжих зээлд 190 тэрбум төгрөг гарсан. Сүүлд Засгийн газрын тогтоолоор 150 тэрбумаар нэмэгдүүлсэн. Энэ нь нөөцийн мах болон гурил тэжээлийн үйлдвэр, дотоодын үйлдвэрт тосны ургамал худалдан авахад зарцуулсан. Мөн ноос ноолуурын чиглэлд зээл олгосон.

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн:

-Анх хөтөлбөр эхэлж байхад 500 тэрбумыг төсөвлөөд явж байсан. Гүйцэтгэл нь 490 тэрбум байна. Дотор нь задлаад үзвэл ноолуур бэлтгэл 94.9 тэрбум, ноос бэлтгэлд 3.2 тэрбум, арьс шир бэлтгэх 10.3 тэрбум, хаврын тариалалтад 43.3 тэрбум, махны нөөц бүрдүүлэхэд 97.6 тэрбум, улаанбуудай тосны ургамалд 42.4 тэрбум, малчныг дэмжих зээлд 200 тэрбум буюу нийтдээ 490 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй зээлийн багц гарсан. Дунд нь төсөвт тодотгол хийгдээд нийтдээ 750 тэрбумаар төсөв нь явж байгаа. Ашиглагдаагүй 200 гаруй тэрбумын үлдэгдэл байна.

10 их наядын хөтөлбөрийн хүрээнд энэ зээл үргэлжилнэ гэж ойлгож байгаа. Ялангуяа түрүүний хэлсэн тоонд 4.3 их наядыг бид гаргасан. Харьяа яам агентлагууд ирэх жилийн бодлогоор тухайн салбарууд нөхцөл байдалтай уялдуулан гарах байх гэж бодож байна. Инфляцитай холбоотой асуудал яригдах болов уу. Махны үнийн өсөлтийг харж байгаа. Нарийн бодлогын хувьд саяны шүлхий гарсантай уялдахаар байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Улс орнууд хүнсээ нөөцлөх тал дээр анхаарч байна. Үүнд Засгийн газар анхаарах хэрэгтэй байх. Анзаарагдаж байгаа юм их байна. Эдийн засгийн байнгын хороо хүнсний нөөц бүрдүүлэх тал дээр Засгийн газартай хамтраад ажлын хэсэг байгуулж байсан.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

-Хүнс хөдөө аж ахуйтай холбоотой зээл нэг жилийн хугацаатай. Бусад зээл гурван жилийн хугацаатай. Тэгэхээр тухайн жилд олгогддог зээлээ хэвийн хэмжээтэй олгоод явна. Үр тарианы нөөцийн хувьд дотоодоос зуун хувь бүрдүүлж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-10 их наядын зээлийн тухайд хүлээлт их байсан. Хүлээлтийн үр дүн гарсан уу. Танилцуулгыг үзэхээр салбарын сайдын багцаас хэд гарсан юм. Хөтөлбөрийн хүрээнд хэд нь зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байна. 10 их наядын тайлан дээр бусад эх үүсвэрээс тусгагдсан тайланг оруулж ирж байгаа юм. Зарцуулалтыг бид хэлэлцээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг:

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөр 56 арга хэмжээнээс бүтэж байгаа. Энэ арга хэмжээний санхүүжилт талаасаа салбарын сайдын явуулж буй ажлын эрчимжүүлэх ажлууд ч байгаа. Шинээр эх үүсвэр оруулах төлөвлөгөө орсон. Санхүүжилт талаасаа 6-7 зүйлд багцалсан. Ажлын байрыг дэмжихэд хоёр их наяд, ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд хоёр их наяд, хөдөө аж ахуйн зээлд 500 сая, залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад 500 тэрбум, том төслийн санхүүжилт хоёр их наяд гэсэн задаргаа бий.

Залуусын хөдөлмөрт бэлтгэх сургалтад 500 тэрбумыг төлөвлөсөн боловч өнгөрсөн онд 11 тэрбумыг энэ сургалтад зарцуулахаар төлөвлөсөн. Түүний гүйцэтгэл 5.2 тэрбум төгрөгөөр сургалтад зарцуулагдсан.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн:

-2020 оны эдийн засгийн өсөлт -4.6 хувьтай гарсан. Үүнээс улбаалаад олон эффектүүд үзүүлсэн. Хамгийн гол нь зээлийн багц тэр хэмжээгээр унасан. Банкууд идэвхгүй болж эхэлсэн. Арилжааны банкууд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалаад нөөц хөрөнгөө төв банкинд байршуулж, найдвартай гарт хадгалуулахыг эрмэлзэж эхэлсэн. 10 их наядын цогц төлөвлөгөөг Засгийн газраас зарлаж байхад Монголбанк 10 их наяд төгрөг хэвлэж өгөх гээд байна, эсвэл төсвөөс тараах гэж байна гэсэн буруу ойлголтууд гарсан. 10 их наядын 6.5 их наяд төгрөг бодитоор гарах ёстой. Үүний хоёр их наяд нь ажлын байр дэмжих зээл нь арилжааны банкны эх үүсвэр нь татан төвлөрүүлсэн мөнгөнөөс гарч байгаа.

Төсвөөс 65 тэрбумын татаасыг жилийн дотор өгсөн. Хоёр их наяд төгрөгийг банкуудаас гаргуулахын тулд дээр нь зээлдэгч нарт бага хэмжээний зардалтай дарамтгүй мөнгө аваачихын тулд төсвөөс 65 тэрбумыг гаргаад нөгөө талдаа хоёх их наяд төгрөгийг гурван хувийн зээл болгож гаргаж байна гэсэн үг юм.

Дараагийн гол санхүүжилт нь ипотек. Ипотекийн зээлд хоёр их наядыг гаргах ёстой байсан бол өнгөрсөн жил нэг их наядыг гаргасан. Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад маш өндөр тоо. Ипотекийн зээлийг төв банк 40 хувийг, арилжааны банк 60 хувийг гаргаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлээс 1.9 их наядыг өгчихсөн юм байна. Харин ипотекийн хоёр их наядын зээлийн нэг тэрбумыг өгсөн гэж ойлголоо. Хаврын тариалалт, ноолуур, малчдын тариалалтаа өгсөн юм байна. Орон сууцны дэд бүтэц, Залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтын санхүүжилтийн хэдэн хувь нь зарцуулагдсан юм. Банкны зээлийн хэмжээ гурван их наяд төгрөгөөр өссөн гэж байна. Энэ мөнгө хаанаас орж ирж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-10 их наядын хөтөлбөр гэж яригдаж явсан. Банкны системд 10 байтугай их наяд төгрөг байгаа. Тэгэхээр анхнаасаа энэ бодлого зөв байсан юм уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. 2021 оны эдийн засгийн асуудал юу байсныг эргээд бодох учиртай. 2021 оны эдийн засагт тулгамдаад байсан гол асуудал бол хил дээрх гацаа, тээвэр ложистикийн саад байсан. Үүнийг шийдвэл эдийн засгийн өсөлт өндөр гарах өндөр байсан. Та нар бизнес эрхлэгчидтэй уулзаад үз. Хөрөнгө оруулалтаа бүгд хойшлуулчихсан байгаа. Зарим нь банкнаас зээл аваад бараа ачуулчихсан, тэр нь хил дээр гацчихсан. Дэлгүүрүүдээр барааны үнэ өсчихсөн байгаа. Үүнийг шийдэхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.

14 вагон хилээр гардаг бол, 60 хувь нь транзит, Монголд хамаагүй. Үлдсэн 40 хувь нь дотоодын экспортоо дэмжиж байна. Шийдэж чадахгүй байсаар он дуусгалаа. Чингис хаан банкинд байгаа 140 тэрбум төгрөг төлөгдсөн үү. Үндэсний хөрөнгө оруулалтын банк арванхоёрдугаар сарын 1-нд зуун тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Дараа нь арванхоёрдугаар сарын 20-нд 90 тэрбум төгрөг байсан. Одоо хэдэн тэрбумын үлдэгдэл байгаа вэ. Үүнтэй холбоотойгоор Монголбанк Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбумыг зээлдүүлээд Эрүүл мэндийн даатгалын сангийн тус банкинд байгаа мөнгийг хаалгасан гэдэг ийм мэдээлэл байгаа. Энэ үнэн үү. Монголбанк яагаад төлбөрийн чадварын асуудалтай байгаа банкинд зээл олгодог юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум байсан. Энэ хэмжээгээр Монголбанк зээл олгож. Төрөөс мөнгө аваад, төрийн мөнгийг урд хормойгоор, хойд хормойгоо нөхдөг хэрэг байгаа юу. Энийг банкны ажлын хэсгээс тодруулъя.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Магнайсүрэн:
 
-Энэ жил 13200 зээлдэгч ипотекийн зээл авсан. Орон нутагт 3300, Улаанбаатарт 9900 зээлдэгч зээл авсан. Нийтдээ нэг их наяд төгрөгийн зэл авсан. Барилгын салбарт урьд нь ингэж өндөр ипотекийн зээл олгож байгаагүй. Өмнө нь 400-500 тэрбум төгрөгийн зээл олгогдож байсан. Энэ удаагийн хоёр их наядын зээлийг барилгын салбарын том дэмжлэг гэж үзэж байна. Тиймээс нааштай үзүүлэлтүүд байгаа. Инфляцийн хувьд үнэ өсч байгаа зүйл бий.
 
Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг:
 
-Ажлын байрыг дэмжих зээл олголтыг харахад барилгын салбарт 133 тэрбум буюу нийт гарсан зээлийн 6.9 хувийг барилгын чиглэлийн аж ахуй нэгжүүд авсан байна. Үүнээс гадна ипотекийн зээл гурван жилийн хугацаанд 10 их наяд хөтөлбөрийн гурван жилийн хугацаанд нийтдээ хоёр их наядыг ипотекийн зээлд зориулъя гэдэг тооцоолол гаргаж хөтөлбөр гаргасан.
 
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
 
-10 их наядын хөтөлбөрийг гаргахад иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулж байсан. Бидэнд тайлан өгөхөөс гадна иргэдийн хяналтын зөвлөл хэрхэн яаж хуралдсан талаар мэдээлэл өгсөн бол зүгээр байсан юм. Энэ зөвлөл гурван удаа хуралдахад хоёр саналыг Засгийн газарт ирүүлсэн байна лээ. Монголбанкны хяналт шалгалт гарч байгаа зээл дээр хийгдэж чадахгүй байна. Эргэлзээтэй байна гэж үзэж байгаа юм билээ. Өмнөх зээлээ санхүүжүүлэхэд зарцуулчихсан юм биш үү. Нийгмийн сэтгэл зүй соён гэгээрлийн ажилд хэдхэн удаагийн нэвтрүүлэг хийгээд болчихгүй. Эрүүл мэндийн яамнаас асууя. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр 2019 онд дууссан. Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлд мөнгө төсөвлөж байгаа юм билээ. Энэ хөтөлбөрөө яагаад шинэчилдэггүй юм бэ.
 
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн:
 
-Энэ хөтөлбөр явж эхлээд арилжааны банк тэр дундаа Монгол Улсын нийт санхүүд эргэлдэж байгаа мөнгө 40 гаруй их наяд төгрөг байдаг. Үүний тал нь буюу 19 наядын зээлийн багцтай улс орон юм. Гэвч хүн бүр ажлын байр дэмжих гурван хувийн зээлийг авъя гэдэг хүсэлтээ өгч эхэлсэн. Ялангуяа аж ахуй нэгжид 500 сая төгрөг хүртэлх, иргэнд 50 сая төгрөг гэдэг шалгуурыг явуулсан. Өөрсдийн балансад үндэслэхгүйгээр бүгдээрээ хүсэлтээ өгч эхэлснээс гадна, банкуудын ачаалал 20 дахин нэмэгдсэн гэсэн тооцоолол байна.
 
ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар:
 
-Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуусыг ажил мэргэжлийн чиг баримжаатай болгох, хүний хөгжлийг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг тавигдсан. Энэ дээр дөрвөн талтай ажлын хэсэг гарсан. Эндээс 5000 хүн байж болох юм, энэ хүрээнд 11.8 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тушаал гаргаж ирсэн. Энэ хэрэгжих явцад амаргүй байсан. Талууд хөтөлбөрийг бий болгох, дадлагажуулах, ажлын байранд зуучлах цогц арга хэмжээ явсан. Үүний дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2389 залуусыг хамруулж, үүнээс 799 залууг байнгын ажлын байртай болсон. Мөн 5.2 тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ мөнгө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас бидэнд байдаг 20 тэрбум төгрөгөөс зарцуулсан.
 
12 : 03
2022-1-4

"Төмөр замгүй улсаараа хохирч байна"

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Шинэ он гарахаас өмнө УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны хоёр дахь заалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны бие даах болон бусад этгээдтэй хамтран хөрөнгө оруулж санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг тогтоолын нэг дэх заалтад тусгаснаар хязгаарлаж, тус компанийн борлуулалтын орлого болон гадаад, дотоод зах зээлд үнэт цаас гаргах, зээл авах, нүүрс урьдчилан борлуулах арга хэмжээг Засгийн газарт чиглэл болгосугай гэсэн тогтоол гаргасан. Энэ заалттай холбогдуулан асуултууд байна.

Нэгдүгээр, Монгол Улсын Үндсэн хууль, төсвийн хууль ёсоор бол төрийн өмчийн эзэн өмчлөгч нь УИХ. Төсвийг тухайн жилд УИХ баталдаг. Төрийн өмчийн компанийн засаглалын асуудлууд Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудалд багтдаг. Үндсэн хууль зөрчиж, Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг өөр байнгын хороо хэлэлцэж байна. Ингэхдээ, тогтоолын төсөл  УИХ-д өргөн баригдаагүй. УИХ-ын Дэгийн хуулиар УИХ-ын гишүүдэд тараагдаагүй. Албан ёсоор өргөн барьж хэлэлцүүлэг хийх ёстой. Шат дамжлагатай хэлэлцүүлэг хийгдээгүй. УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн. Гэтэл Монгол Улсын экспортын хамгийн том асуудал нь төмөр замаа бариагүй. Төмөр замын хулгай ч бий. Тэр хулгайч нь төрийн тэргүүн байсан тухай ч яригддаг. Түүнийг төмөр замаас маш их  мөнгө угаасан гэж яригддаг. Үүнийг тухайн үед УИХ-аар оруулаагүй. Тухайн үед 750 тэрбумыг бонд босгох нэрийдлээр шилжүүлж, өнөөдөр улсаараа хохирч байна. Үүнийг Байнгын хороо тогтоолоор зөвшөөрч байгаа юм уу.

УИХ-ын 2021 оны долдугаар сарын 8-ны өдрийн тогтоолтой зөрчилдөж байгаа юм. Уг тогтоолд, Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх УИХ-аар олгогдсон учраас төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого эх үүсвэр, зээл, хандив, тусламж тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх зарчмыг чанд баримтлан төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд УИХ-д холбогдох төслийг өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасан. Гэтэл үүнийг зөрчиж байна.

УИХ-ын тогтоол, Үндсэн хуулийг зөрчсөн тогтоолыг зөрчсөн тогтоолыг Байнгын хороо гаргасан байна. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх саналтай байна.

Эдийн Засгийн Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар,

Байнгын хорооны даргын тухайд УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай санал нэг байна. Байнгын хорооны дарга бол олон асуудлыг самарч хэлэлцэхээс илүү хууль зөрчсөн асуудлуудыг хэлэлцүүлэхгүй байх нь Байнгын хорооны даргын гол үүргийн нэг. Олон хууль зөрчсөн асуудлуудыг Эдийн засгийн байнгын хороо өрөөндөө оруулахгүй. УИХ-ын зарим гишүүдэд зарим асуудлыг жилийн өмнө ойлгуулж хэлж байсан. Тухай бүрт нь хэвлэл мэдээллийнхэнд хэлдэггүй. Нэг үгээр хэлбэл, Эдийн засгийн байнгы хороо хууль зөрчсөн асуудлуудыг хэлэлцдэггүй. Тиймээс манай байнгын хороог тойрдог асуудал бий. Үүнийг нуухгүй. Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны асуудлаар дарга нартай нь ам зөрсөн удаа ч бий. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

-Эдийн засгийн байнгын хороонд өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хууль бий. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа ба хуулийн төслийг бэлэн болгосон. Хуулийн төсөл бэлэн болоод хоёр сар болж байна. Дэд ажлын хэсэг гэж холбогдох байгууллагуудаас оруулсан ажлын хэсэг хуралдахгүй, долоо хоногоор хойшлуулсаар хоёр сар өнгөрлөө. Үүнийг бодохдоо албан байгууллага хоорондын эрх мэдлээ булаалдсан, ажлын хариуцлагаас зугтсан  гэж харж байна.

Нөгөө талд, хуулийн төсөлд нэг заалт тусгасан нь экспорт хийж буй компаниуд татварын дансаар мөнгөө шилжүүлэх ёстой. Экспортын орлогыг татварын дансаар шилжүүлснээр хяналт тавих боломжтой. Гэтэл ийм хоёр асуудлаас болж төрийн ажлыг хоёр сар гацаалаа. Нэгдүгээр сарын 1-ээс валютын зохицуулалт хийх ёстой байтал хойшиллоо. Валютын асуудал эмзэг сэдэв болсон учраас хуулийг баталбал зохицуулалт хийхэд ач холбогдолтой. Валютын нөөцийг бүрдүүлэх асуудал эмзэг болсон. Нуулгүй хэлэхэд, экспортын орлогын 1/3 нь валютын нөөцийг бүрдүүлж байгаа нь худлаа. Яагаад гэвэл, "Оюутолгой" ХХК-ны борлуулалтыг л нэмж байна. Гэтэл найман хувь нь л валютын нөөцөд төвлөрч байгаа. Цаана нь тооцогдоогүй 90 хувь нь валютын нөөцөд ямар ч үр нөлөөгүй. Цалин тэтгэвэр, дотоодын бараа худалдан авалтаар багахан валют төвлөрдөг байх.

Тэгэхээр экспорт, валютын нөөцийг бүрдүүлэхэд төр анхаарч, хариуцлагатай хандахгүй бол задгай байж болохгүй. Гэтэл зохицуулалт хийе гэхэд хойшлуулаад байдаг. Иймд хуулийн УИХ-ын намрын чуулганаар батлах хэрэгтэй. Үүнийг анхаарч өгнө үү.

Эдийн Засгийн Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-Хуулийн төсөл ярвигтай болохыг мэдэж байна. Ажлын хэсгийг ахалсан гишүүний тухай асуудлаа Эдийн засгийн байнгын хороонд өгч болно. Энэ бол таны л асуудал. Би ажлын хэсгийн ахлагч нарт чиглэл өгөх үүрэгтэй биш. Хуулийн төслийг өгвөл хэлэлцүүлэхэд бэлэн байна. Дэд ажлын хэсэгт байгаа ажлын хэсгийн гишүүд шийдэж чадахгүй байх магадлалтай. Эдийн засгийн байнгын хорооноос хуулийн төслийг хойшлуулаагүй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Ажил үүргийн хувьд Эдийн засгийн байнгын хороотой зөрчилдөж байна. Том орд, баялгийн асуудлыг Үйлдвэржилтийн байнгын хороо нь хариуцаж бие даан шийдвэр гаргаж байх юм. Санхүүгийн шийдвэрийг ч гаргаж байна. Эдийн засгийн байнгын хороо нь жижиг дунд үйлдвэрлэлийг хэлэлцэх юм уу. Энэ асуудлыг цаашид нэг талд нь гаргах шаардлагатай. Нэг зоосны хоёр тал гэгчээр тогтоол гаргаж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч хэлж байсан. Байнгын хорооны дарга ч хэлж байсан. Борлуулалтын хэмжээг өндрөөр тогтоож төлбөрөө хийсэн мөртлөө 11 их наяд шаардлагатай гэж байна. Ийм байж болохгүй. Компанийн асуудлын Эдийн засгийн байнгын хороогоор ярих хэрэгтэй. Үгүй бол ниргэсэн хойно нь хашхирав гэдгийн үлгэр болов. Ашиггүй ажиллаад унагасан ч буруугаа чихэж байна. Үүнийг голдрилд нь оруулахгүй бол болохгүй.

11 : 54
2022-1-4

Эдийн засгийн байнгын хороо хуралдана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17 өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаал, эдийн засгаа сэргээх 10 /арван/  их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнгийн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонсох зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж