Хичээл эхлэх цагийг өөрчилж, түгжрэлийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Хичээл эхлэх цагийг өөрчилж, түгжрэлийг бууруулна

Хичээл эхлэх цагийг өөрчилж, түгжрэлийг бууруулна

Нийслэлийн боловсролын газраас зарим сургуулийн хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай удирдлагуудтай нь санал солилцжээ. Уулзалтаар төрийн болон төрийн өмчит бус сургуулийн хичээл эхлэх цаг 07:45 болон 08:15 цагт эхлэх санал гаргасан байна.

Хичээл эхлэх цагийг 30 минутын зөрүүтэй болгосноор түгжрэлийг 50 хувь бууруулна гэж тус газрынхан үзжээ.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Засгийн газар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу түгжрэлд нөлөө бүхий   ерөнхий боловсролын 63 сургуулийн удирдлагатай уулзсан. Түгжрэлийг бууруулах зорилгоор сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж  өглөөний 07:45 болон 08:15 цагт хичээл эхлүүлэх тухай санал болгосон. Ингэснээр түгжрэлийг 50 хувь бууруулна гэж бид тооцож байгаа юм. Сургуулийн удирдлагуудын зүгээс саналыг эсэргүүцээгүй ч цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаас гадна сургуулийн автобусны хүрэлцээг нэмэгдүүлэхийг санал болгож байна.

Бидний судалгаагаар, замын хөдөлгөөнд өдөрт 100 мянган машин оролцдог. Сургуулийн автобусыг хэрэгжүүлснээр түгжрэлийг өдөрт 3-6 хувиар бууруулсан.

Иймд сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгнө” гэлээ.

Улаанбаатар хотын Их тойруугийн  гудамжинд  түгжрэлд нөлөө бүхий нийт 63 ерөнхий боловсролын сургууль байрладаг. Үүнээс төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  нийт 73822 хүүхэд суралцдаг байна. Тэдний 21.6 хувь нь буюу 15958  нь хувийн унаагаар хүргүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Иймд түгжрэлийг бууруулахад сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатайг Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байгаа юм. Тус газраас түгжрэлийг бууруулахад дараах гурван саналыг гаргажээ. Үүнд,

  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45 болон 08:15 цагт эхлэх
  • Төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг уян хатан зохицуулах. Тухайлбал, сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан ажил эхлэх цаг 07:00-10:00 цаг. Ажил тарах 16:00-20:00 цаг хүртэл байх.
  • Сургууль, цэцэрлэгийн багш нар үнэ төлбөргүй нийтийн тээврээр зорчих

Дээрх саналыг өнөөдөр /2022.01.03/ нийслэлийн удирдлагуудад  танилцуулах юм байна. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн хуваарьт эцэг эх, асран хамгаалагчийн ажлын цагтай уялдуулж уян хатан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъябазарт даалгаж байв. Энэ дагуу Засаг даргын үүрэг чиглэлээр Нийслэлийн Боловсролын газраас дээрх саналыг боловсруулсан аж. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн  26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байдаг.

Боловсрол шинжлэх ухааны яамны шийдвэрээр сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-аас цахимаар хичээллэж эхэлсэн. Сурагчдын амралт энэ оны хоёрдугаар сарын 3-нд дуусах юм. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа түр завсарласнаар замын ачаалал 30 хувиар буурсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж