Цар тахлын үед Монгол Улсад хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн талаар хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Үүний нэг жишээ нь, гадаадаас ирсэн иргэдийг олон хоногоор тусгаарласан шийдвэр байв. УОК-оос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 удаа шийдвэрээ өөрчилсөн ч албажаагүй шийдвэр хэрэгжүүлж, олон мянган хүний эрхийг хязгаарлан, ноцтой зөрчил гаргасан талаар хуульчид судалж тогтоожээ. Энэ талаар “Өмгөөллийн фиделитас партнерс” ХХН-ийн Гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Цар тахлын үед хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байна гэдгийг хүний эрхийн байгууллагаас мэдээлж буй. Та бүхний хувьд тусгай үүргийн онгоцоор гадаадаас ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Энэ талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар яриагаа эхэлье?
-Манай баг өнгөрсөн зургадугаар сард “Нээлттэй нийгэм” форумын нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт хоёр төслөөр шалгарсан. Бүтэн зургаан сарын турш уйгагүй ажилласны үр дүнд шүүхэд хандахаас өмнөх буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатны үр дүнд хүрсэн.
Иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийг цар тахлын үед Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хандив, тусламжийн орлого, зарлагыг шилэн дансандаа хангалтгүй хөтөлсөн зөрчлийг жишиг кейс болгон сонгож ажилласан юм.
Төслийн хувьд дурдсан газрууд шилэн дансандаа хандив, тусламжийн орлого, зарцуулалт, үлдэгдлийг мөнгөн дүнгээр тайлагнаагүй зөрчлүүдийг арилгуулж, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар наймдугаар сард гаргасан гомдлын дагуу Үндэсний аудитын газраас бүтэн улирал хяналт шалгалт хийж, нийцлийн аудитын тайланг арванхоёрдугаар сард хэвлэж ирүүлсэн.
Монгол Улсын Ерөнхий адуитор нийцлийн аудитын тайланг баталгаажуулж, тайланд дурдсан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, үр дүнг энэ сарын 15-ны дотор тайлагнахыг Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Ц.Билэгтсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян нарт даалгасан. Энэ хугацаатай үүргийг биелүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу албадан биелүүлэх, мөн холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах хуулийн зохицуулалттай. Ийм үр дагаварт хүрэхгүй зөрчлөө арилгаж, манай төсөл бүрэн үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа.
"ИРГЭДИЙГ 35 ХОНОГ ТУСГААРЛАСАН ХОЁР ШИЙДВЭРТ ШҮҮХ ДЭЭР ХЭРЭГ ҮҮССЭН"
– Нөгөө төслийн тухайд ярихгүй юу. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг үүссэн гэсэн үү?
-Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадаас ирсэн Covid-19 халдварын шинж тэмдэггүй иргэнийг 35 хоног тусгаарласан хоёр шийдвэрт холбогдох нийтийн эрх ашгийн өмгөөллийн хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр арванхоёрдугаар сарын 30-ны өдөр үүссэн. Өнөөдөр “Нээлттэй нийгэм” форумын хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” энэ төслийг голлон ярья.
Улсын онцгой комисст арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гурав дахь удаагаа сунгасан цар тахлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.8 дахь заалтаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээний талаар холбогдох тушаал гаргах, дүрэм, журам, заавар, удирдамж батлах” эрх олгосон. Судалгаа, шинжилгээ хийлгүй баталсан энэ хуулиар Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын онцгой комисс зэрэг байгууллагад хэм хэмжээний акт батлах эрх олгосноос цар тахлын үеийн хүний эрхийн зөрчил ихээр гарсныг манай баг ажиглаж, Цар тахлын тухай хууль дээр үнэлэх нь сэдэвт судалгааг хийж, хэвлэлтэд шилжүүлсэн.
Манай баг төслөө бичиж байх үед буюу 2021 оны тавдугаар сард Улсын онцгой комиссын долоо дахь удаагийн шийдвэр болох 2021 оны тавдугаар сарын 7-нд тусгаарлах байранд долоо хоног, гэрт нь долоо хоног нийт 14 хоног тусгаарлах шийдвэр хүчин төгөлдөр байсан. Үүнээс хойш гурван удаа шийдвэр гаргаж, өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн шинж тэмдэггүй иргэнийг тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон 10 удаагийн шийдвэр гаргаад байна.
Улс орнуудыг харахаар ДЭМБ-аас гаргасан 7-14 хоног тусгаарлах удирдамжийн дагуу Австри, Швейцарь, Бельги, Герман, Норвеги, Литва, Словак болон Словени улсууд гадаадаас ирж буй иргэдээ 10 хоног, Франц, Болгар, Итали, Латви, Нидерланд болон Турк улс 14 хоног тусгаарлан ажигласан.
Гэтэл, Монгол Улс дотоодын анхны тохиолдол бүртгэгдсэн 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдөр тусгаарлалтын байранд 14 хоног, гэрт нь 14 хоног нийт 28 хоног тусгаарлаж байгаад мөн сарын 26-ны өдөр дотоодын батлагдсан тохиолдолд 11 болоход тусгаарлалтын байранд 21 хоног, гэрт нь 14 хоног нийт 35 хоног тусгаарлах шийдвэр гаргасан. Тус шийдвэрээр тогтоосон 35 хоногт өөрчлөлт оруулаагүй ч дотоодын батлагдсан тохиолдол 16 болсон мөн оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр холбогдох журамд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш дотоодын батлагдсан тохиолдол өсөх тусам 21+1=21 хоног, 14+7=21 хоног, 10+4=14 хоног, 7+7=14 хоног, сүүлд 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдөр дотоодын тохиолдолд 102,629 байхад тусгаарлалтын байранд долоо хоног, гэрт нь дөрөв хоног тусгаарлах шийдвэр гаргасан.
Дээрх хоног, хугацаанд хууль зүйн болоод шинжлэх ухааны үндэслэл, ядаж логик, харилцан хамаарал байгаагүй. Улмаар, цар тахал гэх нэг өвчний үед 7+4 хоног тусгаарлан ажиглах боломжтой байсан юм бол яагаад өмнө нь 21+14 хоног тусгаарлаж байсан бэ? гэх асуултад хариулт авах ёстой болно.
Хэрвээ зөвтгөх үндэслэлгүй тусгаарлалт байсан бол зорчих эрхээ хязгаарлуулж, тусгаарлалтын байранд мөнгө төлсөн иргэний хохирлыг төр барагдуулах ёстой тул төслийг хэрэгжүүлсэн.
-Шүүх дээр хэрэг үүссэн гэж хэллээ. УОК-ын зүгээс ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгсөн үү. Нийтийн эрх ашгийн өмгөөллийг хийснээр гадаадаас ирсэн 24 мянган иргэн хохирлоо барагдуулах боломжтой болно гэж ойлгож болох уу?
-Нийтийн эрх ашгийн өмгөөллийн онцлог нь тухайн хэргийн талаар ярьж, олон нийтэд мэдээлэл өгөх, нийтлэг эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх замаар жишиг тогтоодгоороо онцлог. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн хэргийн улмаас хохирсон иргэдийн шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг мэдүүлэх, нээж өгөхөд оршдог. Тиймээс шүүхэд хандах хүртэл хийсэн ажиллагаа, цаашид хийх ажлын талаар ярья.
Манай багийн гишүүн өмгөөлөгч ОХУ-д мастерт сураад ирэхдээ 35 хоногийн тусгаарлалтад орсон. Багийн гишүүний уг тохиолдлыг жишиг кейс болгон сонгож, тус кейс дээрээ Цар тахлын тухай хуулиар тогтоосон харьяаллын дагуу Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Бидний гомдлын дагуу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 5/32 дугаартай албан шаардлага гарч, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүчин төгөлдөр бус хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэн Б (бидний сонгосон кейс)-д учирсан 1,070,000 (нэг сая далан мянга) төгрөг хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр олгох 30 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн.
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан боловч Улсын онцгой комисс, тэр тусмаа хаяглагдсан этгээд болох С.Амарсайхан дарга өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тогтоосон 30 хоногийн дотор бичгээр хариу мэдэгдэх байсан ч мэдэгдээгүй, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний хуулийн адил биелүүлэх ёстой албан шаардлага биелүүлээгүй 90 хоносон тул шүүхийн харьяаллын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 30-ны өдөр хэрэг үүссэн юм.
"ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛООГҮЙ ШИЙДВЭРЭЭР ИРГЭНИЙХЭЭ ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН"
-Та яриандаа Улсын онцгой комисс ноцтой алдаа гаргасан гэж хэлсэн. УОК албажаагүй шийдвэр хэрэгжүүлсэн гэдгийг хэрхэн судалж, тогтоов?
-Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, хэрхэн шийдэх талаар ярих боломжгүй. Гэхдээ, Улсын онцгой комиссын тусгаарлан ажиглах 35 хоног тогтоож байсан хоёр удаагийн шийдвэрийн илэрхий алдааг хэлж чадна.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний албан шаардлагад тусгаарлан ажиглах 35 хоног мөрдөгдөж байсан 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс мөн оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн хооронд Монгол Улсын 24025 иргэнийг гадаад улсаас татан авч, нэр бүхий 40 зочид буудалд тусгаарлан ажиглах арга хэмжээ зохион байгуулсныг дурдсан байдаг. Гэвч, хамгийн харамсалтай нь тухайн үеийн байдлаар гарсан байсан зургаан удаагийн түр журам болон тушаалууд нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс 2021 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 3-2/65 дугаар лавлагаагаар илэрхий болсон. Товчхондоо, хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр иргэнийхээ халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, түүнийг нь Хүний эрхийн үндэсний комисс тогтоогоод байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Бидний зөрчил гэж харсан бүхнийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний албан шаардлагад баталгаажуулж өгсөн. Тодруулбал, Улсын онцгой комиссын дээрх шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн хоёр дахь заалт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно”, 16 дугаар зүйлийн 13 дахь заалт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, Захиргааны ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх … зарчим”-ыг баримтална, Цар тахлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд “хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх .. ” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн.
Дээрх дүгнэлт шүүх дээр өөрчлөгдөхгүй. Цар тахал гэх өвчний үед тусгаарлан ажиглах байранд долоо хоног, одоо гурав хоног тусгаарлахаар шийдвэрлэж байгаа нь өөрөө 35 хоног тусгаарлаж байсан нь буруу болохыг нотолно. Хууль зүйн бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй хэм хэмжээний актаар иргэнийхээ үндсэн эрхийг зөрчиж, олон мянган иргэнийг гомдоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт.
– Та бүхний хийсэн судалгаатай холбоотойгоор эрх нь зөрчигдсөн иргэд хэр хандаж байна вэ?
-Бидний сонгосон кейс хэрхэн шийдвэрлэгдэх, энэ хэрэг дээр Улсын онцгой комисс ямар тайлбар өгөх, шүүх хэрхэн дүгнэх нь зөвхөн тус хэргийн асуудал биш. Жишиг хэргийн хэрхэн шийдвэрлэхээс хамаарч тусгаарлан ажиглах хугацаа тогтоосон 10 удаагийн шийдвэрийн үед тусгаарлалтын байранд хоригдож, төлбөр төлсөн иргэдийн хохирлоо барагдуулах нийтлэг эрх, ашиг сонирхлыг хөндсөн асуудал юм. Тиймээс хэргийн явц, үр дүнд анхаарлаа хандуулж, манай вэбсайт https://fidelitaspartners.mn/pj/46 , фэйсбүүк хуудас https://www.facebook.com/fidelitaspartners мэдээлэл авч, дэмжихийг хүсье.
Холбоотой мэдээ