Байр авсан иргэд болон оюутнууд буцаан олголтоо хэрхэн авах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

Байр авсан иргэд болон оюутнууд буцаан олголтоо хэрхэн авах вэ?

Байр авсан иргэд болон оюутнууд буцаан олголтоо хэрхэн авах вэ?

Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Тус хөнгөлөлтийг эдлэхэд орон сууц худалдан авсан болон урьдчилгаанд төлсөн төлбөр нь татвар төлсний дараах орлого болохыг гэрчлэх баримт байх шаардлагатай. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тэгвэл тухайн орлогыг хэрхэн нотлохыг Татварын ерөнхий газраас тодруулж нэгтгэн хүргэж байна.

ТЕГ-аас өгсөн мэдээллээр хувь хүн татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдаж авсан бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авах боломжтой аж. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлнэ гэж заажээ. Үүний дагуу татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдан авсан хувь хүн татварын тайлан болон бүрдүүлэх материалаа хавсаргаж, уг албан татварын хөнгөлөлтөд хамрагдах юм байна.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримтыг орон сууц хувь хүнээс, барилгын компаниас худалдан авсан байх эсвэл өөрөө хувьдаа анх удаа амьдрах зориулалттай сууц барьсан байхаас хамаарч бүрдүүлнэ.

Тодруулбал, орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримтыг цахимаар татах юм.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материалын хувьд:

  1. “Худалдах худалдан авах гэрээ”
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байх аж.

Харин орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх  дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулах юм байна.

Албан татвар төлөгч иргэн хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлэх боломжтой.

АНХ УДАА АМЬДРАХ ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦ БАРЬСАН БОЛ ЦАХИМААР ЛАВЛАГААГАА ИЛГЭЭХЭД Л БОЛНО

Иргэн амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд “Хур” системд  иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг илгээхэд л болох аж. Ингэснээр цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах юм.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материалын хувьд:

  1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байх ёстой.

ТЭГВЭЛ ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ХЭРХЭН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол цахим тайлан тайлангийн системд үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автоматаар татна гэлээ.

Хэрэв тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  1. “худалдах, худалдан авах гэрээ”
  2. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар илгээх юм байна.

ОРЛОГО, МӨН ТАТВАР ТӨЛСНӨӨ НОТОЛЖ, ЗӨВХӨН ӨӨРИЙН ЗАРЦУУЛСАН ДҮНГИЙНХЭЭ 10 ХҮРТЭЛХ ХУВИЙГ БУЦААН АВНА

Орон сууц худалдан авсан орлогоо хэрхэн бүрдүүлсэн бэ? гэдэг нь буцаан олголт авахад хамгийн чухал гэсэн юм. Тодруулбал, иргэн Уянга 70 сая төгрөгийн байр авахдаа өөрөөс 25 сая төгрөг гаргаж үлдсэнг нь хамаатан болон аав, ээжээсээ авсан бол зөвхөн өөрийн төлсөн мөнгөний 10 хувийг л буцаан авах аж. Мөн хөнгөлөлтөд хамрагдсан хувь хүний зөвхөн тухайн тайлант хугацаанд төлсөн татварыг л буцаан олгох ба үлдсэн зөрүү дүнг дараагийн татварын жилд төлсөн албан татварыг олгох хэлбэрээр зургаа хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлдэг. Тиймээс нэг жилдээ бүгдийг нь буцаан авна гэдэг бол ташаа ойлголт гэдгийг Татварын ерөнхий газрын мэргэжилтэн хэлсэн юм.

Буцаан олголтыг татварын албаны хуульд заасан тайлан хүлээн авах хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлэх ба буцаан олголтыг дараагийн жилийн хоёрдугаар улиралд багтаан олгох аж.

ДОТООД, ГАДААДАД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, БУЦААН ОЛГОЛТЫГ АВАХАД

Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлэх нь зөв байна. Тодруулбал, дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд татвар төлөгчийн  иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт, хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээг хавсралтаар бүрдүүлэх юм.

Харин гадаадад суралцаж байгаа бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт дээрх баримт дээр дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт, орлого нотлох баримт нэмэх юм байна.

Хэрэв суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд үндсэн материалаас гадна татвар төлөгч цахим тайлан гаргах, илгээх, буцаан олголт авах хүсэлт буюу цахим тайлангийн хавсралтаар илгээх зэрэг үндсэн шаардлага тавьж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж