“Ээж ээ, одоо ганцхан гулгачихъя” хэмээн гуйх бяцхан охин Сүхбаатарын талбай дээр барьсан мөсөн гулсуур дээр гулгана. Охины адил хүсэлтэй багачууд дүн өвлийн хүйтнийг үл ажран хөөцөлдөн тоглож, инээж баясч, дүнсгэр саарал ордны урд талбайг амь оруулах мэт.
Төв талбайд зассан сүрдэм сүлд модны дэргэд мөсөн хотхон, баримлууд сүндэрлэж, оройн цагаар нийслэлчүүдийн хөлд дарагдах болжээ. Хичээл, сургууль нь амарсан сурагчид, оюутнууд энэ газрыг зорин ирж, өнгө өнгөөр асах мөсөн баримлуудыг үзэж, сонирхон зургаа даруулна.
Цэцэрлэгээ тараад явж байгаа гэлтэй биедээ таарсан жижигхэн цүнхээ үүрчихсэн жаал агуу хайрын бэлгэ тэмдэг “Таж махал”-ын мөсөн хувилбарыг гайхан харах нь хайр хүрэм.
Дотроосоо өнгө өнгөөр гэрэлтэх мөсөн хотхоны баримал бүрийн өмнө гэр бүл, найз нөхдөөрөө зургаа даруулах хүмүүс олон аж. Тэдний зургийг хальснаа буулган “халтуур” хийх хүсэлтэй цэнхэр хантаазтай талбайн зурагчид энд тэндгүй байх. Техник, технологийн хөгжил тааруу, гар утсанд камер байдаггүй байсан урьд цагт талбайн зурагчдын дуранд монголчуудын тухайн үеийн дүр төрх, Чингис, Сүхбаатарын хөшөө олон буусан нь лавтай. Харин одоо байдал эрс өөрчлөгджээ. Хаа ганц “Инээгээрэй, дарлаа шүү” гэх найрсаг дуу хоолой сонсогдоно. Арай гэж олдсон халтуураа, түргэхэн шиг эзэнд нь “угааж” өгөхөөр зогсоол дээрх машин руугаа яарна.
Талбай дээрх мөсөн баримлуудаас хамгийн их хөл хөдөлгөөнтэй, оочер дараалалтай нь гулсуур. Хүүхэд, багачууд ар араасаа томоотой цувж, хоёр замтай гулсуур дээр тоглоно. Доор хүлээн зогсох эцэг эхчүүд “Толгойгоо цохилоо шүү дээ. Зөв харж гулгаач”, “Явъя, явъя даарчихлаа”, “За болно, маргааш ирье”, “Араас чинь хүүхэд бууж байна. Хурдан босооч” гээд дуу дуугаа авалцан орилолдоно. Тэднийг үгийг тоож байгаа хүүхэд алга.
Нусаа “шор” хийтэл татчихаад, инээгээд босоод гүйчихнэ. Бүгд шавайгаа ханатал гулгахыг хүсч, ээж аавдаа, эмээ өвөөдөө баригдахгүй байхыг хичээнэ. Баригдсан “хэргийн” эзэд өчиггүй гэртээ харих замдаа гарч, аашлуулна. Гайтай тахлын улмаас хоёр жил гэрийн хорионд дөрвөн ханын дунд хүүхэд насныхаа хамгийн томоогүй үеийг өнгөрүүлсэн багачуудыг хараад өрөвдөх шиг.
Хүүхдүүдийг аз жаргалтай, инээд хөөртэй гулгахыг харсан хосууд ч дотроо сэмхэн атаархана. “Хайр аа, би ч гэсэн энэ хүүхдүүд шиг гулгамаар байна шүү дээ” гэж болзоот бүсгүй дурлалт залуудаа эрхлэн хэлэхэд залуу нь “Өдий том болчихоод” гэж тохуурхана. Тэдний үерхэл хэдийнэ он дамжин бэхжсэн бол “Бидний хайртай хот” гэх бичигний урд анхны болзоондоо сандран зогсч байгаа юм уу гэмээр залуу цэцэг барин, ганцаараа биш найзыгаа дагуулаад иржээ. Цэцгээ даруулах вий дээ гэсэн дээ гялгар уутаар бүтээж, байн байн цаг харан зогсоно.
Хоёр залуугийн хажууханд байрлах зүрхэн хэлбэртэй баримлын урд нэгэн гэр бүл зургаа даруулж байгаа харагдав. Аавын ажил өнөөдөр эрт тарлаа гэлтэй хоёр тэрсхэн хүү баярлан хөөрч, ааваасаа зүүгдэнэ. Ээж нь “Аавыгаа ядраачихлаа. Буу, буу та хоёр” гэхийг нь сонсоход гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. Ах, дүү хоёр мөсөн гулгуурын бараа хараад учир зүггүй хурдлан гүйнэ. Цаа буга, галт тэрэг, өвлийн өвгөн, цасан охины баримлуудыг хүүхдүүд гэлтгүй томчууд сонирхож, хэрхэн бүтээснийг нь гайхаж байлаа.
Шинэ оны ажлын эхний өдөр Сүхбаатарын талбайг тойрон машинууд цуварч, түгжрэлд аргаа барж байхад талбайн голд багачуудын чимээ шуугиан тодорч, их хотын амьдралд хөг нэмнэ.
Хэдийгээр гадаа жавартай, хүйтэн байгаа ч эцэг эхчүүд, эмээ өвөө нар хүүхдүүдээ баярлуулж, мөсөн хотхоноор аялуулж байна. Хүүхэд насаа гэж үлгэр домог, өвлийн өвгөн, цасан охинд итгэдэг, инээд, хайр хоёроор бялхсан хамгийн нандин үе байх ёстой билээ.
Холбоотой мэдээ