МАН-ын залуу инноваци

Хуучирсан мэдээ: 2022.01.04-нд нийтлэгдсэн

76:1

МАН-ын залуу инноваци

МАН-ын залуу инноваци

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 буландаа УИХ-ын 23-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан Х.Булгантуяаг онцолж байна.


2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонх болж, Засгийн газраа байгуулахад Сангийн дэд сайдаар ажиллаж эхэлснээс нь хойш түүнийг улс төр эргэлт, буцалтгүйгээр орж ирсэн  гэж хэлж болно. Тухайн үедээ дэд сайд нар дундаа хамгийн боловсролтой, хэлтэй, гадаад дотоодод ажиллаж байсан туршлагатай ч төрийн албанд ажиллаж байгаагүй, "танихгүй хүн" байв. Дэд сайд нарын нэрс тодрох үеэр чимээгүйхэн орж ирсэн ч боловсролоороо ялгарч байсан учраас монголчууд ч түүнийг чимээгүй хүлээн “зөвшөөрсөн”.

Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийнхээ хамаг л галыг өөртөө авч, ОУВС-ийн хэлэлцээрийн хүрээнд хамаг ажлыг нугалсан гавьяатай нэгэн гэж дүгнэх нь бий. Дэд сайдаар ажилласан цагаас эхлэн Х.Булгантуяа гэх боловсролтой эмэгтэй улстөрчдийн эгнээнд бичигдэж, МАН-ын залуу боловсон хүчнээр нэрлэгдэж эхэлсэн. Эдийн засагч мэргэжилтэй Х.Булгантуяа дэд сайдын суудалд томилогдохоосоо өмнө хувийн хэвшилд олон жил ажилласан. Тухайлбал, 2010-2012 оны хооронд “Оюутолгой” компанид ажиллаж байсан учраас түүнийг тус компанийн гар хөл хэмээн шүүмжлэх нь бий. Гэхдээ улс төрийн хүрээнд Х.Булгантуяаг “Петровис” компанийн ерөнхийлөгч агсан Ж.Оюунгэрэлийн хүн гэх нь ч бий. Тэрээр өөрөө улстөрд орж ирэхгүй Х.Булгантуяаг улстөрд зүтгүүлж, богино хугацаанд крандуулж, намын Бага хурлын гишүүн, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн болсон түүхтэй ч гэх яриа бий. Х.Булгантуяа 2013-2016 онд “Петровис” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байгаад МАН-д ирсэн. Хувийн хэвшилд ажиллаж байгаад боловсролтой боловсон хүчин гэнэтхэн л улс төрд орж ирснийг нь тухайн үеийн МАН-ын удирдлагууд олж харсан ч байхыг  үгүйсгэхгүй. 2013 оноос намын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Сангийн дэд сайд болсон.

Эзэмшсэн боловсролоороо бол Х.Булгантуяа МАН-ын эмэгтэйчүүдээс хэнийг нь ч дагуулахгүй нэгэн. Англи, орос, хятад, япон хэлтэй, эдийн засагч мэргэжилтэй учраас Сангийн дэд сайдаар ажиллаж байхдаа ОУВС-ийнхантай хэл амаа ололцож, асуудалд илүү мэргэжлийн ханддаг байсан гээд түүнд “бараан” түүх тун ховор.  Ийн “бараан” түүхгүй ч М.Энхболдын хүн гэж харах хүмүүс МАН-д олон байсан учраас 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх үү гэдэг асуудал тулгарч байв. Гэвч У.Хүрэлсүх намын дарга байхдаа түүнд нэр дэвших эрх олгож, БЗД-ээс сонгогдсон юм. УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон ч өмнө нь Сангийн дэд сайдаар ажиллаж байсан учраас тэр улс төрд шинэ хүн биш байв. Шинэхэн гишүүд цар тахалтай энэ үед танигдахгүйн зовлон туулж байхад Х.Булгантуяа аль хэдийнэ танигдсан улстөрч болсон байв. Тиймээс ч намын залуу дарга нь даалгавар өгч,  Хөрөнгө оруулалтын хуулийг батлуулах үүрэг өгсөн гэдэг. Гэвч олон нийтийн эсэргүүцлийг Х.Булгантуяа биш нам нь дааж чадаагүй учраас тус хуулийг хэлэлцэхээ хойшлуулчихсан.

Ийм нэгэн шинэ дүр МАН-ын эмэгтэйчүүдийг төлөөлж, УИХ-д сууж байна. Цаашид дэлхийн боловсролоо улс эх орныхоо төлөө хэрхэн ашиглах, улстөрчийн хувьд боловсролоороо хэрхэн ялгарахыг цаг хугацаа харуулах биз ээ. Улстөрчийн хэр зам туулахыг тэр өөрөө харуулна, түүнд цаг бий.

Х.БУЛГАНТУЯАГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1998 онд“Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч
  • 2008 онд АНУ-ын Иелийн их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
  • 2010-2011 онд “Оюутолгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
  • 2011-2012 онд “Оюутолгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
  • 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ:

  • Англи, орос, хятад, япон

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж