Энхийн гэрээ: Солонгосын дайн 70 жилийн дараа төгсөх нь

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Энхийн гэрээ: Солонгосын дайн 70 жилийн дараа төгсөх нь

Энхийн гэрээ: Солонгосын дайн 70 жилийн дараа төгсөх нь

Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн дайн гал зогсоох хэлэлцээгээр намжсан боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор дуусаагүй. Дайн дууссаныг албан ёсоор тунхаглах баримт бичиг болох энхийн гэрээ байгуулах асуудлыг АНУ, Өмнөд Солонгосын тал хэлэлцэж байна. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чон Ю Ен хэлэхдээ “Сөүл, Вашингтоны зүгээс Пёньянтай энхийн хэлэлцээг хэрхэн шат ахиулах талаар олон арга замыг судалж байна” гэжээ. Дайн дууссаныг тунхаглах асуудалд Хойд Солонгосын талаас эерэг хариу үйлдэл үзүүлсэн гэж Чон Ю Ен ярьсныг “Yonhap” мэдээлэв.

Нөгөө талд АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Нед Прайс хэлэхдээ Нэгдсэн улсын засгийн газар дайсагнах санаагүй бөгөөд Хойд Солонгосын талтай урьдчилсан шаардлага тавилгүй уулзахад бэлэн байгааг онцолсон. Мөн тэрбээр АНУ-ын хэлэлцээ хийх саналд Пёньян нааштай хариу өгнө гэж найдаж буйгаа мэдэгджээ. Түүнчлэн Нед Прайс АНУ-ын талаас Пёньянтай хэрхэн харилцвал тустай болохыг Өмнөд Солонгос, Япон болон бусад холбоотон орнуудтай зөвлөлдөхдөө хэлсэн байна.

Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр Хөх ордны тэргүүн Мүн Жэ Ин хэлэхдээ хоёр Солонгос энх тайвныг тунхаглах зарчмын асуудлуудыг зөвшилцсөн гэжээ. Тэрбээр Австрали улсад болсон хэвлэлийн хурлын үеэр Мүн Жэ Ин “Өмнөд болон Хойд Солонгос болоод Вашингтон, Пёньяны хооронд энх тайвныг тунхаглах асуудлыг талууд нэг ширээний ард суугаад хэлэлцэх боломжгүй байна. Гэхдээ яриа хэлцлүүдийг санаачилж, энэ чиглэлд ажиллаж байна” гэсэн аж.

Үүний зэрэгцээ дайн дууссаныг тунхагласан энхийн гэрээний баримт бичгийг бэлтгэхээр АНУ, Өмнөд Солонгосын талууд олон сарын турш ажиллаж байгааг “Politico” сайт мэдээлжээ. Гэвч хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг энхийн гэрээнд хэрхэн тусгах асуудлаас шалтгаалан үйл явц удаашралтай байгаа аж. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах асуудлыг өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын засгийн үед Пёньяны удирдагч Ким Жон Унтай хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийж, хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй.

Үүний зэрэгцээ Хойд Солонгосын удирдагчийн дүү охин Ким Ё Жон хэлэхдээ, хэрэв Сөүл дайсагнасан хандлагаа өөрчилвөл бүтээлч яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм. Хойд Солонгосын талаас өмнөд хөршид нь байршсан АНУ-ын 28500 цэргийг гаргахыг шаардаж байгаа юм. Солонгосын дайнаас хойш Сөүлийн аюулгүй байдлыг хамгаалах үүргийнхээ дагуу АНУ нь тодорхой тооны цэргүүдийг БНСУ-д байнга байршуулах болсон билээ. Үүнийг Пёньяны зүгээс заналхийлэл гэж үзэн, америк цэргүүд Өмнөд Солонгост байрласаар байгаа нөхцөлд цөмийн зэвсгээ хөгжүүлэх болно гэх байр суурь илэрхийлдэг.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн үед АНУ-аас тус улсад агаарын довтолгооноос хамгаалах “THAAD” систем байршуулсан нь Пёньянтай дайсагналцлыг хурцатгаж байв. Үүнээс хойш нэг их удалгүй Пак Гын Хе авлигын хэрэгт холбогдон, импичментээр төрийн эрхээс бууж, шүүхээс 22 жилийн ял авсан. Түүнд одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин өршөөл үзүүлэн өнгөрсөн долоо хоногт сулласан билээ.

Солонгосын дайн анх 1950 оны зургадугаар сарын 25-нд Хойд Солонгосын цэргүүд Өмнөдийн тал руу дайрснаар эхэлсэн. Энэ нь "хүйтэн дайн"-ы үеийн хамгийн том дайн байсан бөгөөд Өмнөд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хүн, нийтдээ 2.5 сая гаруй солонгос хүн амь үрэгдсэн. Харин 1953 оны долдугаар сарын 27-нд талууд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурснаар  асуудал намжсан юм. Гэвч тухайн үед АНУ-ын дэмжлэгтэй Өмнөд Солонгос, ЗХУ-ын талыг баримтлагч Хойд Солонгосын хооронд энхийн гэрээ байгуулаагүй тул дайныг албан ёсоор дуусаагүй гэж үздэг бөгөөд талууд өнөөдрийг хүртэл дайсагнасан байдалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж