Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа хонож, үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Д.Отгонтуяаг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Түүнд холбогдох шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Иргэн Д.Отгонтуяа өнгөрсөн аравдугаар сарын 3-нд дабль стандартыг эсэргүүцсэн залуусыг хорьсон явдлыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлэн, Хууль зүйн яамны гадна хоносон юм.
Түүнийг цагдаа нар ачиж явахдаа гарыг нь гэмтээж, үүний улмаас гар нь мөрнөөс дээш гарахаа байжээ. Тэрбээр 8-12 насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Цар тахлын үеэр хоёр ч бизнес нь дампуурч орлогогүй болсон байна. Тиймээс дабль стандартыг дэмжиж, үзэл бодлоо илэрхийлжээ. Үг хэлж, өөрийн бодлоо илэрхийлснийхээ төлөө өнөөдөр тэрбээр шүүх хуралд орж байгаа аж.
Улс орны шударга бус байдал, сайд дарга нарын давхар стандарттай байдлыг шүүмжилж, ХЗДХЯ-ны гадна үзэл бодлоо илэрхийлсэн эмэгтэйг цагдаа нар баривчлахад эсэргүүцэл үзүүлсэн гэх нөхцлөөр ял тулган шүүж байгааг эсэргүүцэж буйгаа иргэд цахим хуудастаа бичжээ.
Түүнд гурван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн 23.1.1-ээр хэрэг тулган, прокурорт шилжүүлсэн гэж үзэж буй аж.
Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өнгөрсөн аравдугаар сард хэсэг иргэн цугларч, сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлэхээр жагссан. Тухайлбал, “Nodoublestandard” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүүг баривчилсныг эсэргүүцсэн иргэд ХЗДХЯ-ны гадаа хоносон юм. Улмаар сайд Х.Нямбаатарт шаардлагаа хүргүүлэхээр яам руу нэвтрэхийг оролдсон ч цагдаагийн байгууллагаас тэднийг хориглосон.
Жагсагчдын хэлж байгаагаар, энэ үеэр гурван эмэгтэйг цагдаагийн шаардлага биелүүлээгүй гэж саатуулжээ. Жагсагчдын зүгээс хууль бус баривчилгаа явуулсан үйлдлээ таслан зогсоох, сайд Х.Нямбаатарыг огцруулах шаардлага тавьсан юм. Харин цагдаагийн байгууллагаас иргэн Д.Монголхүүг хууль бус жагсаал цуглаан зохиосон тул саатуулсан хэмээн тайлбарласан билээ.
Холбоотой мэдээ