Аваргуудын тулаанд Алдар Танан Гарьд яллаа

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Аваргуудын тулаанд Алдар Танан Гарьд яллаа

Аваргуудын тулаанд Алдар Танан Гарьд яллаа

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн албан ёсны нээлт өчигдөр /2021.01.02/ Степпе аренад боллоо. Нээлтийн өдөр дөрвөн тоглолт явагдав.


  • IHC Apes 81 – 61 Тэнүүн Өлзий Металл

П.Болортулга, Э.Цэрэнбаатар нараар толгойлуулсан "IHC Apes" болон Д.Дэлгэрням, Б.Тамжид тэргүүтэй "Тэнүүн Өлзий Металл" багууд Мөсөн өргөөний жаврыг үргээсэн. Тоглолтын эхнээс "IHC Apes" баг тэргүүллийг авч, онооны зөрүүг бага багаар холдуулж байв.

Өнгөрсөн тоглолтод 30 оноо авч, багаа ялалтад хөтөлсөн "IHC Apes" багийн Г.Цэлмэг энэ удаад ч сайн тоглолтоо үргэлжлүүлж, 21 оноо, 14 самбараас бөмбөг авалт, гурван бөмбөг таслалт, дөрвөн хаалт гүйцэтгэжээ. Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулиас гаралтай тэрбээр Дээд лигт анхны улирлаа өнгөрүүлж буй. Харин "Apes"-ийн хашир туршлагатай самбарын хослол болох Э.Цэрэнбаатар 21 оноо, 12 самбараас бөмбөг авалт, П.Болортулга найман оноо, 11 самбараас бөмбөг авалт, дөрвөн хаалт тус тус толилуулжээ.

Эсрэг багаас Б.Сүхбат 22 оноо авч бүх тоглогчийг тэргүүлсэн бол Д.Дэлгэрням 18 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар багтаа тус хүргэсэн ч энэ нь ялалт байгуулахад хангалтгүй байв. "IHC Apes" баг улирлын хоёр дахь ялалтаа авсан бол "Тэнүүн Өлзий Металл" баг хоёр дахь ялагдлаа амсчээ.

  • Эрдэнэтийн Уурхайчид 104 – 101 Этүгэн Баянгол Ирвэсүүд

Өгөө аваатай сонирхолтой тоглолтын ялагч нэмэлт цагт тодорсон. Тоглолтын эхлэлийг "Этүгэн Баянгол Ирвэсүүд" баг сайн тавьсан ч грек эрхмээр удирдуулсан "Эрдэнэтийн Уурхайчид" баг гуравдугаар үед илт давамгайлж, онооны тэргүүллийг авсан.

Улирлын эхний тоглолтуудад тааруу тоглосон Т.Санчир энэ өдөр 29 оноо, найман самбараас бөмбөг авалт, зургаан ашигтай дамжуулалт гэсэн тэгш үзүүлэлт үзүүлсэн. Гэвч тэрбээр 12 удаа бөмбөгөө алдаж, сөрөг үзүүлэлтээрээ бүх тоглогчийг тэргүүлэв.

Дөрөвдүгээр үед "Этүгэн Баянгол Ирвэсүүд" баг эргэн ирсэн. Тэдний бүтэн талбайн шахсан хамгаалалт ээлж дараалан амжилттай болж, богино хугацаанд онооны зөрүүг багасгаж, улмаар тэнцүүлсэн. Ирвэсүүдийн урд шугамын туршлагатай хослол болох Г.Баттөр 23 оноо, Д.Мөнхтүвшин 16 оноо тус тус авсан бол залуу лидерүүд болох А.Энхбаясгалан 25 оноо, Д.Дөлгөөнмөрөн 23 оноо тус тус авчээ.

Г.Баттөр зургаан бөмбөг таслалт, Д.Мөнхтүвшин долоон бөмбөг таслалт, Б.Билгүүн таван бөмбөг таслалт тус тус хийжээ.

"Этүгэн Баянгол Ирвэсүүд" баг энэхүү тоглолтод ялах боломжтой байсан ч Д.Мөнхтүвшин хоёр чухал торгуулийн шидэлтээ алдаж, улмаар нэмэлт цаг гарав. Нэмэлт цагт "Уурхайчид"-аас Э.Дорж-Арилд, А.Бямбадорж, Г.Ган-Эрдэнэ нар онцгой байж, баг нь улирлын хоёр дахь ялалтаа авав. Харин "Этүгэн Баянгол Ирвэсүүд" баг улирлын анхны ялагдлаа амсч, 2-1 гэсэн амжилттай явна.

  • Завхан Brothers 73 – 91 Хасын Хүлэгүүд

Лигт ялагдал гээчийг амсаагүй байсан хоёр багийн нэг болох "Завхан Brothers" баг энэ өдөр анхны ялагдлаа амсав. Шинэ ивээн тэтгэгчтэй болсон "Хүлэгүүд"-ээс багийн ахлагч Б.Билгүүн 22 оноо авч багаа тэргүүлсэн бол О.Сэргэлэн 16 оноо, найман самбараас бөмбөг авалт, зургаан ашигтай дамжуулалт гэсэн тэгш тоглолт үзүүлжээ. Харин "Brothers" багаас Э.Дөлгөөн 24 оноо, 15 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, Г.Цэнгүүнбаяр эгзэгтэй мөчүүдэд алсын зайн дараалсан шидэлтүүдээ амжилттай болгож байсан ч хожил "Хүлэгүүд"-ийн талд байлаа.

Хожигдолгүй явсан "Завхан Brothers" болон "Этүгэн Баянгол Ирвэсүүд" багууд энэ өдөр хоёулаа хожигдов.

  • Алдар Танан Гарьд 98 – 83 Архангай Алтан Дорнодын Дайчид

Аваргуудын тулаан энэ үдшийн хаалтыг хийсэн. Бүрэлдэхүүн нь харьцангуй залуужсан 21 аймгийн дээд лигийн аварга "Архангай Алтан Дорнодын Дайчид" баг тоглолтын эхний хоёр үед илүүрхсэн ч төгсгөлийг тааруу тавив. Тус багийн гол тоглогчдын нэг О.Энхбаатар алдааны асуудалд орж, 29 оноо, дөрвөн хаалт гэсэн үзүүлэлттэй тоглолтыг эрт дуусгасан. "Алдар Танан Гарьд" багийн гарааны тамирчдаас гадна энэ үдэш сэлгээнээс О.Нямбаярын хамгаалалт, довтолгоо багтаа эерэг нөлөө үзүүлэв.

Дээд лигийн аваргуудаас О.Эрдэнэцогт 30 оноо авч бүх тоглогчийг тэргүүлсэн бол багаас нь Б.Болдбаатар, Б.Мөнхболд, О.Ууганбаяр, М.Тэлмэн нар арав болон түүнээс дээш оноо авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж