Өмнөд Солонгосын нэгэн иргэн Хойд Солонгосын чанга хамгаалалттай хилийн шугамыг давсан хэрэг гарав. Энэхүү ховор тохиолдлын тухай Өмнөд Солонгосын цэргийн алба хаагчид Ням гаригт мэдэгджээ.
Хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсийн зүүн хэсэгт Бямба гаригийн орой 21:20 цагийн орчимд нэгэн хүн үзэгдсэний дагуу эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Эрэн сурвалжилсны эцэст тухайн хүн 22:40 цагийн орчимд хилээр нэвтэрсэн болохыг олж тогтоожээ. Тухайн хүнийг амьд эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа бөгөөд Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос цэргийн шууд утсаар Хойд Солонгос руу мэдэгдэл илгээсэн байна.
Covid-19-ийн эсрэг хатуу арга хэмжээ авч буйтай холбоотойгоор Хойд Солонгос 2020 оны эхээр хилээ хаасан билээ.
Хойд Солонгосын цэргүүд 2020 оны есдүгээр сард далайд сураггүй алга болсон Өмнөд Солонгосын загас агнуурын ажилтныг буудан хөнөөсөн. Энэ явдлыг Пёньян цар тахлын эсрэг дүрэм журамтай холбон тайлбарлаад, уучлал гуйсан нь олон нийтийн дунд шуугиан дэгдээсэн билээ.
Хойд Солонгосын удаан хугацааны хилийн хориг, хөл хориотой холбоотойгоор Өмнөд рүү дүрвэх дүрвэгсдийн тоо урьд өмнө байгаагүйгээр буурав. Гэтэл энэ үед Өмнөдөөс Хойд руу хууль бусаар хил нэвтэрсэн ховор тохиолдол ийн гарчээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ