"Эрх баригчид томоохон төслүүдийг барьцаалж зээл авч байна"

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

"Эрх баригчид томоохон төслүүдийг барьцаалж зээл авч байна"

"Эрх баригчид томоохон төслүүдийг барьцаалж зээл авч байна"

Ардчилсан нам /АН/ болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хамтран өнөөдөр /2022.01.03/ мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн  О.ЦОГТГЭРЭЛ:

-УИХ-д бүлэгтэй намын хувьд эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зарцуулсан. Үүнийг дагаад Монголын өр нэмэгдэж байна. Гэтэл үүний үр дүн хэрхэн гарсан бэ гэдэг бид бүгдийг нүдэн дээр ил байна. Уул уурхайн томоохон төслүүдийг барьцаалж, зээл авч, халамж тарааж, өдөр хоногийг аргацааж байна. Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоос илүүтэй пиараа эрчимжүүлсэн бодлого явуулах болсон. "Шинэ сэргэлтийн бодлог"-ыг тоймлоод харвал төрийн өмчит байгууллагууд байгуулна гэсэн үг. Төрийн оролцоо энэ жил улам нэмэгдэнэ. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа тул улсын өр нэмэгдэнэ. Ирэх хагас жилд инфляци 20 хувьд хүрч магадгүй. 

Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх /УДШ-ээс/ 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Товчхондоо арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байна. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаад ажиллана. Учир нь УДШ нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. 

"УБЕГ-ЫН ДАРГЫГ ХЭН УДИРДДАГ ВЭ ГЭЭД ОЛОН АСУУДАЛ ИЛ БОЛНО"

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-УИХ төсөв мөнгө мэдэх эрхээ Цар тахлын хуулиар Засгийн газарт өгсөн. Засгийн газар нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн. Омикрон хувилбараар далимдуулж дахин зургаан сараар сунгалаа. АН-ын бүлгийн гишүүд Цар тахлын хуулийг сунгах шаардлагагүй гэж үзсэн ч олонхоороо хүч түрэн сунгасан. Экспорт гацсан, ард түмний амьдрал туйлын хүнд байна. Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Ийм байдалтай байхад эрх баригч нам сайхан амьдарна гээд ярих юм. Дэндүү шударга бус байдал Монголд газар авчээ. Хэдэн арван тэрбум төгрөгийн хахууль авчхаад, торгууль төлөөд суллагдах жишээний. Нийгмийн бусад хэсэгт хууль хамгийн хатуу харгис үйлчилдэг. Ийм л ялгавартай нийгэмд бид амьдарч байна.

УДШ О.Цогтгэрэл даргатай АН-ын Их хурал, Үндэсний бодлогын хороо хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ер нь УДШ монголчуудын шүүхэд итгэх итгэлийг алдсан. Хэрээс хэтэрсэн. Улстөрийн намын тухай хуульд зааснаар намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийднэ гэж заасан. Гэтэл УДШ-ийн 20 гаруй шүүгч хуулиас давсан журам гаргаж байна. 30 хоногийг 60 болгож өөрчилсөн. Өнөөдрийг хүртэл өрнөсөн зүйлс бүгд жүжиг. АН-ыг хоёр хуваагдсан мэт жүжиглүүлсэн. Энэ хэргийн эзэд хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын сонгуулийн өмнө АН талбай дээр өлсгөлөн зарлахад МАН-аас тойрч суугаад, ярилцаж асуудлыг шийднэ, ажлын хэсэг байгуулна гээд өлсгөлөнг тараасан. Түүнээс хойш 7-8 сар өнгөрлөө. УИХ руу оруулж ирдэггүй. Улсын бүртгэлийн байгууллага дээр МАН-ын нөлөөллөөр ямар булхай хийгдсэн, УБЕГ-ын даргыг хэн удирддаг вэ гээд олон асуудал ил болно.

УБЕГ-ын даргаар УИХ-ын гишүүн С.Бямбагцогтын компанийн хүн ажиллаж байна. УДШ-ийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч гэмт хэрэгт холбогдсон мөртлөө уг албан тушаалыг хашиж байна. Бас л МАН-ын мөнгөтэй бүлэглэлийн гарт барьцаанд орсон. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран У.Хүрэлсүхийн хүн. Төрийн байгууллагын ажлыг завхруулж халагдаж байсан хүн Монгол Улсын сонгуулийг завхруулсан шүү. Эдгээр асуудлууд УИХ дээр орж ирээд, олон түмэн хэлэлцэж ил болох вий гэдгээс МАН айж байна. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д оруулж ирэхгүй байна. Зөвхөн МАН биш  АН төрийн байгууллагын зарим албан тушаалтнуудыг ашиглаж яаж АН-аар тоглосон бэ гэх жүжгийг бид ил болгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж