Хонгконгийн бие даасан цахим мэдээллийн портал “Citizen news” Мягмар гаригаас эхлэн үйл ажиллагаагаа зогсоох болсноо мэдэгдлээ. Хятадын захиргаанд байдаг Хонгконгод хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллах нөхцөл дордож буй тул ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа ажээ.
Хонгконг 1997 онд Хятадын захиргаанд эргэж ороход хэвлэл мэдээллийн эрх чөлөөнөөс эхлээд хувь хүний эрхийг дээд зэргээр дээдлэхээ Бээжин амалж байв. Гэвч ардчиллын төлөө тэмцэгчид болон хүний эрхийн байгууллагууд энэ амлалт хэрэгжиж чадахгүй байна гэж үзсэн. Ялангуяа Бээжин 2020 онд Хонгконгийн эсрэг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш хүний эрхийн ойлголт алдагдсан гэжээ.
“Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, хэвлэл мэдээллийн нөхцөл улам бүр дордож байгаа нь биднийг зорилгодоо хүрэхэд саад болж байна. Энэ хүнд үед бид юун түрүүнд уг салбарын хүн нэг бүрийн аюулгүй байдлыг хангах ёстой” гэж “Citizen news”-ээс мэдэгджээ. Тус байгууллага ямар ч намын харъяалалгүй бөгөөд эрх чөлөө, нээлттэй, олон талт байдал, оролцоо зэрэг Хонгконгийн үнэт зүйлсийг сурталчилж ажилладаг.
Хонгконгийн “Stand news” хэвлэл мэдээллийн байгууллагын ахлах редактор асан хоёр ажилтан баривчлагдсанаас хэд хоногийн дараа уг шийдвэр гарав.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ